С.Зоригийн хэрэг, Төмөр замын хэрэг Шүүхийн шатанд очлоо. Зэрэг шахуу шүү. Н.Алтанхуягийн эхнэрт хилийн хорио тогтоож, дүүг нь цагдан хорилоо. Залгуулаад АН-аас хэнийг нь хэрэгт холбогдуулах юм, мэдэхгүй. Үргэлжилсээр л байх бололтой.

Толгой нь ийм байхад АН-ын ҮЗХ, Их хурал, намын дарга, Ерөнхийлөгчийн сонгуулийн юу нь чухал байгаа юм бэ. ҮЗХ-ны гишүүд, шинэчлэл яригчид юунд итгэж найдаад байгаа юм бэ. Дарга нарыг чинь, том ах нарыг чинь нэг нэгээр нь байцаагаад дууслаа. Өчигдрийн ҮЗХ-ны хурал дээр үг хэлж байсан нөхөр өнөөдөр “Ганц”-д байхад гайхах юм алга. Энэ бүхэн та нарын гол фон болсон АН-ын нэр хүндийг нийгэмд навс унагасаар байна. Шударга хэлэхэд хичнээн цаг хугацаа, орон зай туулж АН-ын нэр хүнд унасаар байхыг та нар таашгүй. Энэ байдлаар бол Ерөнхийлөгчийн сонгуульд ч нөлөөлнө. Энэ хэвээр үргэлжилбэл ирэх 2020 онд ч ард түмний дунд АН инээдэм ханиадам байсаар байна. Эмгэнэл нь үүнд л байна.

Сөрөг хүчин чинь бэлээхэн ийм муугийн загвар болчихсон байгаагаас МАН-ынхан одоо сургамж авах хэрэгтэй. 2013 оны дундаас эхлэн энэ орны улс төр, эдийн засгийн амьдралд юу гээчийн холион бантан болов. “Чингис” бондын хөрөнгөөс Төмөр замд 600 сая ам.доллар өгөхөөр Н.Алтанхуягийн Засгийн газар шийдсэн санагдана. 200 саяыг нь Женко авсан. Үлдсэн санхүүжилт нь жаахан саарч эхэлсэн. Үүн дээр л бяртай байсан Женко түрэгдсэн зан гаргаж Н.Алтанхуягтай илэрхий зөрчилдөв. Үүнийгээ ил тодорхой нийгэмд зарласан нь том хагаралдааны эхлэл. Ингээд Н.Алтанхуягийн Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь унагав. УИХ дахь АН-ын гишүүн 15 хүн Н.Алтанхуягийнхаа эсрэг кноп дарав. Зарим нь чуулганы танхимд ирээгүй. Чуулганд суусан зарим нь “Наад танхимаасаа хурдан зайлаач” гэсэн утасны командаар юбкаа урчих шахан картаа сугалж гарч гүйснийг Монголын ард түмэн нүдээрээ харж ой нь гутацгаасан. Ингэж нэг санаа нь амарсан нөхөр өөртөө хэт итгэснээ, өөрөөс нь илүү бяртай нөхдүүд нэгдэж аваад өөдөөс нь хөдлөхийг огтхон ч тооцоогүй. Ингээд л засаглалд олонхи болсон АН-ынхан юун улс орноо удирдан жолоодох, Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулж, Таван толгой дээр таван хэсэг болж хоорондоо алалцаж, биесээ барьж шоронд хийж, шүүрэн шанага шиг болцгоов. Үр дүн нь гэвэл улс орон, ард түмний амьдрал доройтож, эдийн засгийг таг зогсоож, улс төрийн гүн хямралд орсон. Эх орноо иймэрхүү болгосных нь шанд ард түмэн тэднийг тэр чигээр нь төр засгаас зайлууллаа. Үнэндээ Н.Алтанхуягийг огцруулсан тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл АН өөдөө нар үзсэнгүй. Үргэлжилсэн бүрхэг өдөр, салхи шуурган дунд байна. Үүндээ тэд дүгнэлт хийж, ойлголцож, нэг шугаман дээр даруй гарахгүй бол өөрсдөд нь ямар аймаар ужиг тусч үргэлжилсээр байхыг өнөөдөр нийгэмд шуугиан тарьж байгаа эхэнд дурдсан хэргүүдээс харж болно. Дээрх хэргүүдийг тийм амархан Шүүх шийдчихгүй байх аа. Долоохон сарын дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд ашиглах байлгүй. Өө бүр, өшөө өргөжүүлж АН-ын арай дөнгүүр, сонгогдох магадлалтай нөхдийг хамруулсан шигээ явсаар 2020 оны хавар хүргэж ч мэднэ.

АН-д үүрлэсэн ийм л ужиг хагаралдаан өнөөдөр МАН-д адилхан өрнөж эхэллээ. МАН-ын фракц хоорондын тэмцэл оволзож, хөнжилдөө орох завгүй хөлхөлдөн тэмцэлдэж байна. Анхлаад албан тушаалын наймаагаар эхэлснийг ард түмэн мэдэх байгаа. Тэр шинээр ирсэн дарга чинь тэрний хүүхэд, энэний дүү, түүний нууц амраг нь... гээд захын иргэн цайны газар яриад сууж байгаа нь нууц биш болжээ. Улс төр судлаачдын бичиж байгаагаар бол МАН-д М.Энхболдын буюу хотын фракц, увсынхан буюу Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нараар толгойлуулсан фракц, Сү.Батболд-С.Баяр нарын фракцууд илэрхий хоорондоо зөрчилдөж эхэлсэн байна. Сүүлийн мэдээллээр бол С.Баярыг Элчин сайдаар явуулснаар Сү-гийнхэн хэсэгтээ хүч нь сулрах төлөвтэй гэжээ. М.Энхболд тэдэнтэй ойлголцох гээд л байгаа бололтой. Гэвч хоёр фракцийн зарим нөхөд хоорондоо үзэлцсээр байгааг С.Бямбацогтын нүүрний шархнаас харж болно. АН-ынхан хэдий хатуу хөтүү үзэлцдэг ч нэгнийхээ нүүр рүү арай ч цохиж байгаагүй байх. Тэгэхээрээ л МАН-ын гурван том фракцын тэмцэл хурц хэлбэрт оржээ. С.Баяраар нь харахаар ойлголцоод ч байгаа юм шиг, С.Бямбацогтоор нь харахаар алалцаад ч байгаа юм шиг. Яах аргагүй АН-ын шинж тэмдэг рүү бүрэн утгаар хэлбийлээ. Өнөөдөр МАН доторх гурван том фракцийн зөрчлийг зүйрлэвэл Крыловын ёгт үлгэр санаанд орно. Хавч, галуу, загас гурав олсон ачаагаа авч явахын тулд гурван тийшээ чангаасаар дуусдаг шиг. Загас нь ус руу, галуу нь тэнгэр рүү, хавч нь газраар чирдэг. МАН яг л тийм байдалтай байна. Ойрын жишээ гэхэд “Эрдэнэт”-ийн захирлын асуудал байна. М.Энхболдын фракц нь Бадамжунайг, Увсынх нь фракц Алтанг, Сү-гийнх нь Д.Зоригтыг зүтгүүлснээр гацалт үүссэн гэж судлаачид бичиж байна. Энэ ч бага хэрэг. Улс оронд хамгийн хор уршигтай тусч буй зөрчил нь ам.долларын өсөлт байна. Ам.долларын ханшийн өсөх, буурах бодит прогноз Монголбанкинд л багцлагдана. Аль үед нь суллах, аль үед нь чангалах, үүнээс хэн ашиг олох, хэн алдах, эцсийн дүндээ хэний нэр хүнд унах гэхчилэн. Долларын ханшийн огцом савлагаа Засгийн газар, Ерөнхий сайдын нэр хүндэд халтай тусч байгаа. Ерөнхий сайдын нэр хүнд унана гэдэг нь М.Энхболдын фракцын нэр хүнд унана гэсэн үг. Харин Увсын фракцад бол долларын өсөлт падлий ч байхгүй. Харин ч тэдний улс төрийн зорилгод ашигтай, улам дөгөөгөөд сууж байгаа. Сү-гийнхэнд бүр ч хамаагүй, харинчиг Оюу толгойг бид хөдөлгөсний хүчинд Монгол Улс өнгөрсөн жилүүдэд доллартай байж, улс орны эдийн засаг сайжирч байсныг мэдэж байна уу хэмээн С.Баяр өчигдрийн чуулган дээр чанга тод хэлнэ лээ. Крыловын ёгт үлгэр шиг Монгол Улс хэмээх том ачааг МАН чирч явахдаа ийнхүү гурван тийш нь чангааж байна. Үүнээс болж хичнээн аж ахуйн нэгж дампуурч байна. Ард түмний амьдрал хэрхэн доройтож байна. Энэ хэвээр МАН-ын фракцууд цааш алалцаад байвал энэ улс оронд хөдлөх ямар ч том төсөл хөтөлбөр, эдийн засаг байхгүй. Оюу толгой, Таван толгой, Цагаан суварга, Цахилгаан станцууд, Нефтийн үйлдвэр, Банк, Мах... юу ч байсан гурван тийш нь чангаасаар 2020 онтой золгоно. Тэр үед зөрчил нь улам ужгирч өнөөдрийн АН-ынхан шиг засаглалаас буучихсан хойноо ч бие биенээ шоронд барьж өгсөөр сөнөцгөөнө. Улмаар МАН-ын фракцууд өнөөдрийн энэ зөрчлөө нийгмийн сэтгэл зүйд АН-ынхан шиг хүргээд байвал Монгол Улс сүйрнэ дээ. Тийм болохоор сошиал дахь ямар ч эзэн биегүй, золбин сувгуудаар шившгээ дэлгэхээ даруй зогсоох хэрэгтэй. Энэ чинь ард түмэнд хортой. Өмнөх дөрвөн жилд АН-ын нөлөө бүхий гишүүд эсрэг фракцын нөхдөө нийгэмд гутаан доромжлох зорилготой хэдэн зуун хүнтэй сошиалын багуудыг цалинжуулан ажиллуулж байлаа шүү дээ. Эцэст нь өөрийгөө ч, өөрийнхөө намыг ч сонгуулиар намнаж эцэстээ бүгдээрээ Эрүүгийн цагдаа, АТГ-ын хавиар өнөөдөр газар ширтэн эргэлдэцгээх болсныг та бид харж байна. Өчигдрийн түүх ийм байхад нам доторх эсрэг фракцаа намнах зорилготойгоор хэвлэл, мэдээллийн байгууллагуудыг нөлөөндөө байлгах, сошиалын баг бүрдүүлэх үйл явц МАН-ын томчууд дотор өнөөдөр хэдүйн бий болж эхэлснийг судлаачид бас бичээд эхэллээ. Ямартай ч М.Энхболдын фракц Монголын нэгэн өдөр тутмын сонины хувьцааг худалдаж авсан байна. Сү-гийнхэн сошиалын нэгэн том редакц байгуулж буй сурагтай. Эдгээр чинь л өөрөө өөрсдийгөө сөнөөх, намаа булшлах зэвсэг болдог юм шүү дээ.

МАН-ынхаан, та бүхэн өнөөдөр Монголын хувь заяаг авч явах үүрэг хариуцлага хүлээсэн хүмүүс. Танай намд фракц хоорондын зөрчил тэмцэл, алалдаан байх нь хамгийн аюултай. Хор уршиг нь ард түмэнд тусна. Ард түмнээ туйлдуулсны хариу хатуу ирдэг нь хүний хорвоогийн маргашгүй үнэн бололтой. АН-ын фракцын толгойд байсан хүмүүс өнөөдөр ямар хүнд байдалд байна. Цаашид хэн нь ямар хүнд байдалд орохыг бурхан ч мэдэхгүйд хүрлээ шүү дээ.

Д.БАТБОЛД