МАХН-аас МАН-ын их хуралд илгээлт хүргүүлжээ
2013/10/26
Өнөөдөр МАН-ын XXVII Их хурал Тусгаар тогтнолын ордонд болж байгаа билээ. Энэ хуралдаанд Ардчилсан намаас мэндчилгээ дэвшүүлсэн бол МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба өөрийн биеэр хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүлсэн. Үүний зэрэгцээ МАХН-аас МАН-ын их хуралд зориулан илгэлт явуулжээ. Илгээлтийг бүрэн эхээр нь хүргэе.
ИЛГЭЭЛТ
МОНГОЛ АРДЫН НАМЫН XXVII ИХ ХУРАЛД
Монгол Улсын улс төрийн хүчний нэг Монгол Ардын Намын XXVII их хурлын төлөөлөгч Та бүхэнд болон Та бүхнээр дамжуулан намын нийт гишүүд, дэмжигчдэд баяр хүргэе.
Улс, эх орны маань эрх чөлөө, тусгаар тогтнол, түүний төлөөх тэмцлийн түүхэн замнал, онол суртахуун, туулсан замын алдаа оноо, туршлага сургамж бүхэн МАХН, МАН-тай салшгүй холбоотой. Манай орны улс төр, нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшлийн ололт амжилтуудад эдгээр намуудын үе үеийн ахмадууд, мянга мянган гишүүд, дэмжигчид идэвхтэй хөдөлмөр, хичээл зүтгэлээрээ үнэлж баршгүй их хувь нэмэр оруулсан гэдэг нь маргашгүй үнэн.
“Монгол Ард”-аараа овоглосон манай хоёр нам угсаа гарвал, түүх, эгнээндээ нэгтгэсэн гишүүдийн бүрэлдэхүүн, баримталсан үзэл онол, чиглэсэн зорилго, хүсэл эрмэлзлэлээрээ нэгэн иш үндэстэй билээ. Монгол орондоо хууль ёс, шударга ёсыг жинхэнэ байдлаар бий болгож, эдийн засгийг хурдацтай, зөв зохистой хөгжүүлэх, эх орныхоо газар нутаг, байгаль дэлхийгээ хамгаалахын зэрэгцээ баялгийн үр шимийг тэгш шудрага хуваарилах үндсэн дээр ард түмнээ сэтгэл тэнүүн, тэгш дүүрэн амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилго биднийг нэгтгэнэ.
Энэ бүхэн нийгмийн ардчилсан үзэл санаа, үндэсний эв нэгдэл дээр цэцэглэн хөгжиж, батжин бэхжих учиртай гэж бид үзэж байна. Сүүлийн хорь гаруй жилийн турш манай нийгэмд бий болсон эцэс төгсгөлгүй намчирхал, талцал хуваагдал бүтээн байгуулалтын их хүчийг сааруулж, хүн ардыг залхааж, улсын хөгжил дэвшлээс чангааж байна. Монгол түмэн эвтэй байхдаа хүчтэй гэсэн мэргэн үг бий. Парламентын болон бусад үйл ажиллагааны хүрээнд манай хоёр нам хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж хамтарч ажиллана гэдэгт найдаж байна.
Өнөөгийн Парламентын сөрөг хүчин болж байгаа, улс төрийн туршлагатай намын хувьд өмнөө тулгарч буй бүхий л асуудлыг ардчилсан зарчмаар, шинэчлэлийн хүрээнд шийдвэрлэж, Монголын нийгмийн хүлээлт, сэтгэл зүйд нийцсэн шийдвэрийг их хурлаасаа гаргаж Монгол эх орондоо авилга, хүнд суртлаас ангид хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж байна. Хурлын ажиллагаанд амжилт хүсье.
МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, 2013 оны 10 дугаар сарын 26. Улаанбаатар хот гэжээ.