Дорнод аймгийн Халхгол сумын нутагт байрлах Петрочайна Дачин тамсаг компанийн гэрээт компани болох “Зөв боломж” ХХК-ийн хэсэг ажилчид махны агуулахад хадгалж байсан үл мэдэгдэх шингэнийг архи хэмээн андуураад устай холиод уучихжээ. Залуус уг шингэнийг уусан дариудаа хордлогод орсон байна. Шингэнийг хэрэглэсэн байж болзошгүй 23 хүн байгаа аж. 

Мөн нэг хүн газар дээрээ нас барж, хоёр хүн эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барчээ. Харин нэг нь эмнэлэгт ирээд зургаан цагийн дараа нас барсан байна. 

Одоогоор таван хүн эрчимт эмчилгээний тасагт, 10 хүн энгийн тасагт эмчлүүлж байгаа ажээ. Уг шингэнийг уусан 20-30 насны залуусын  нүд нь бүрэлзэх, нүдний салст хавагнах, ам цангах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа гэнэ. Эдгээр шинж тэмдгийг харгалзан үзэхэд урьдчилсан байдлаар техникийн спирт байж болзошгүй байгаа аж.  Хэргийг холбогдох байгууллагууд шалгаж, эрүүл мэндийн байгууллагууд ч шаардлагатай зөвлөгө тусламж үзүүлж ажиллаж байгаа ажээ.

“Зөв боломж” гэж ямар компани бэ

Дээрх хэрэг гарахад нөлөөлсөн Зөв боломж компани нэлээд зөрчилтэй байжээ. Тодруулбал өнгөрсөн аравдугаар сард тус компанид МХГ-н байцаагч нар шалгалт хийхэд  Петро Дайчин тамсаг компанийн химийн бодис хадгалдаг агуулах сав болоод ашигласан химийн бодисыг зориулалтын дагуу устгадаггүй, устгах үйл ажиллагаа нь зохих журмын дагуу хийгддэггүй байсан тул арванхоёрдугаар сарын 1-ны дотор зөрчлөө арилгахыг МХГ-аас үүрэг болгосон байжээ. Мөн  газрын тосны 19, 21 дүгээр талбайд үйл ажиллагаа явуулж буй уг компанийн хоолны газар болон амралтын байр өнөөгийн стандарт шаардлагыг хангахгүй байгаа учир үйл ажиллагааг түр түдгэлзүүлсэн байжээ.  

Гэтэл тус компани нь зөрчлөөө арилгахгүй байснаас болоод залуусын амь насанд хүрэх хэмжээний зөрчил гаргажээ.

Г.Наран 

zaluu.mn