Ө.Энхтүвшингийн давхар утгатай үг ба С.Баярын давшилт
2013/10/27
Өчигдөр эхэлсэн МАН-ын 27 дугаар Их хуралд 1120 орчим төлөөлөгч оролцож байна. МАН-ын залуус Соёлын төв өргөөний үүдэнд жагсан, намын лидерүүд болон томоохон төлөөлөгчид Соёлын Төв өргөөнд хуралдсан юм.
МАН-ын хувьд энэ их хурал бол түүхэн чухал их хурал болно хэмээн үзэж байсан, болох ч учиртай. Гэвч өмнөх их хурлуудаас нэг их ялгарах зүйл ажиглагдсангүй.
Гэхдээ намын даргын албаа өгөх гэж буй Ө.Энхтүвшин тун ч сонирхолтой хэд хэдэн үг, өгүүлбэр хэлснийг энд тэмдэглэх нь зүйтэй болов уу.
“Наанаа ойлголцсон мэт залуус энэ намд хэрэггүй” хэмээсэн энэ үг чухам хэн рүү чиглэсэн үг вэ.
Шинэчлэлийн хорооны залуус болон С.Баярт хэлсэн үг үү
МАН-ын хэсэг залуус Шинэчлэлийн хороо байгуулж, Шинэчлэлийн хорооны бодлогын зөвлөлийн дарга Т.Аюурсайханыг намын даргад сойгоод байгаа юм.
МАН-ын Шинэчлэлийн хороог далдаас удирдаж, санхүүжүүлж байна хэмээн хар төрүүлэх экс Ерөнхий сайд асан С.Баярыг МАН-аас 2013 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөнө хэмээн бодож байтал ах намынхан харин ч эсрэгээрээ Б.Бат-Эрдэнэ аваргыг нэр дэвшүүлж, өрсөлдүүлэхэд түмэн олон нэлээдгүй гайхаж, эргэлзэж тээнэгэлзэж байсан. Ингэхдээ МАН-ын лидерүүд Б.Бат-Эрдэнийг гавьтай дэмжихгүй байгаа нь ч илт харагдаж байсныг нуух юун.
Учир чухам юунд байв
Хамтарсан Засгийн газар, Оюу толгойн гэрээ зэргийг Б.Бат-Эрдэнэ гишүүн байнга эсэргүүцдэг байсан бөгөөд С.Баяр түүнтэй нь санал нийлдэггүй байж. Өөрөөр хэлбэл Хамтарсан Засгийн газар болон Оюу толгойн гэрээ зэрэг бол бүгд МАН-ын шийдвэр. Харин С.Баяр болон түүний нөхдийн хувьд намын бодлого, намаас гаргасан хамтын шийдвэрээ эсэргүүцдэг хүнд таатай хандаж, дэмжихгүй нь ойлгомжтой. Дэмжиж байгаа нь энэ гээд намын бодлогоо үгүйсгээд явах уу. Эсвэл үнэнийг хэлж байна гээд нэр дэвшигчээ шүүмжлээд явах уу. Хувийн ямар ч сайн харьцаатай байлаа гээд улс төрийн зарчмаа, туулж ирсэн замаа үгүйсгэх эрх хэнд ч байхгүй л дээ. Угаасаа
С.Баяр сэтгүүлч Б.Ганчимэгт өгсөн ярилцлагадаа “Би хувьдаа элдэв амбицаа эрт татсан. Цагийн юм цагтаа гэдэг. Нэг урсгалд хоёр ордоггүй.
“Энэ баагий одоо болиод өгөөсэй билээ” гэж ил далд чичлүүлж, нүдний булай болохгүй л юмсан гэж би боддог. Урд өмнө нэг амилуулсан дүрдээ хэт итгээд, түүнийгээ санагалзаад, тайз руу байн байн ухасхийгээд байх онцгүй. Дахин хэлье. Би амбицаа татсан. Тэтгэвэртээ гараагүй тул чадсан ч, чадаагүй ч улс төр хавьханаар л эргэлдэх ёстой гэсэн явцуу бодол надад байхгүй. Тэгээд ч хий хоосон тэрсэлдсэн улс төрд оролцох орон зай, зав чөлөө, хүсэл бодол надад бүр байхгүй. Амьдрал баян. Хийх өөр ажил, тэмүүлэх өөр зорилго дэндүү олон байна цаана чинь” хэмээн ярьсан байсан.
Тэгвэл магадгүй энэхүү “амбицаа эрт татсан” гэдэг нь намын лидерүүдийнхээ эсрэг тоглолт хийсэн үйлдэл болж таарч байна. МАН-аас Миеэ Энхболдыг намын даргад нэр дэвшүүлсэн. М.Энхболд гарах нь ч тодорхой байгаа бөгөөд улс төрийн хүрээнд “М.Энхболд намын дарга болбол АН болон МАХН-ыхан Ардын Намын энэ хүчгүй, сулбагар байдал дээр давхар мордож, намын даргын “хүзүү”-нээс гинжилж байгаад энэ намыг тэр чигт нь татан унагах нь дамжиггүй. М.Энхболд болон Ө.Энхтүвшингийн фракцийнхан, Сү.Батболдын фракцийнхны түрлэг, С.Баяр болон Н.Багабанди нарын нэгдэл, НАМЗХ ба Шинэчлэлийн хороохон, “Баянгол”, “Сүнжин гранд”, “Зүч” зэрэг томоохон зочид буудалд байрласан төлөөлөгчид намын байр суурь, албан тушаал, эрх ямбаа алдахгүйн тулд орондоо унтах завгүй олзлолдон булаалдаж байна, хөнжилдөө унтах завгүй хөнөөлдөн тэмцэлдэж байна гэдэгчлэн “шидэт” хороо найруулж суугаа.
Ингэж буйн цаад учир нь 2016 оны сонгууль.
Б.АНИР