С.Баяр: Элдэв дайралт, доромжлолд би эмзэглээд, онгонтоод байдаггүй
2016/12/03
Ерөнхий сайд асан С.Баяр саяхан Засгийн газраас өргөн мэдүүлсний дагуу УИХ-аас Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайдын томилолтыг өвөрлөөд байгаа билээ. Тэгвэл тэрбээр "Open door" сонинд зочноор уригдаж сэтгүүлч Б.Ганчимэгтэй дэлгэрэнгүй яриа өрнүүлснээс онцлох эшлэлүүдийг түүвэрлэн хүргэж байна. Уншигч Та ярилцлагыг бүрэн эхээр нь уншихыг хүсвэл ЭНД дарна уу.
Элчин сайдын томилгоо
-Өнгөрсөн дөрвөн жил намынхаа олон нөхдийн адил засаг төрд хаших ажилгүй явлаа. Одоо ажилтай болъё гэхлээр бас амаргүй. Хашиж байснаасаа ахин байж ханамж авдаг ёстой. Эс тэгвээс өөртөө,өрөөл бусдад урагшилж биш, уруудаж харагдана. Үүнийг хэн хүсэх билээ.
-Ерөнхий сайд явсан хүнд олдох ажил ховор. Том дарга эрт болох нь эргээд хорлонтой гэж намын ах нар маань сургамжилдаг байлаа.
-Жин ахиж үзэх үү? Хуучин жиндээ эсвэл жин хасаж дүү нартайгаа ажил булаалдах уу? Тийм бодол алга гэдгээ би зургаа, долоон жилийн өмнө хэлсэн. Дараагийн үе маань ачаагаа үүрэх цаг ирлээ гэж...
-Улс төрд хүчээ үзэхгүй гэлээ ч гэрийн мухар сахин суухыг би хүсээгүй. Тэтгэвэрийн нас арай болоогүй, ажлын бага сага туршлага бас байна.
-Би хэлсэн үгнээсээ буцаад байдаггүй. Улс төрд зүтгэхгүй гэдэг маань ажилгүй сууна гэсэн үг биш. Элчин сайд бол улс төрийн албан тушаал биш, энэ бол төрийн тусгай алба.
-Хариуцсан ажилдаа эзэн байж чадвал элчин сайд бол бор гэртээ богд, хар гэртээ хаан. Би ийм ажил хийж байсан.
Засгаа удирддаг Ерөнхий сайд улсдаа ганц. Яамаа удирддаг элчин сайд гуч орчим. Гэхдээ би өөрийгөө уруудлаа, доройтлоо гэж бодохгүй байна.
Би ийм ажил хийж байсан. Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд гэх дипломат том цол цагтаа хүртсэн. Энэ нь цэргийнхээр бол хошууч генералтай дүйх цол.
Миний мэдэхээр Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж гуай ажлаа өгөөд Хойд Солонгос, дараа нь Казахстан улсад элчин сайдаар томилогдож байсан санагддаг.
-Шүүмжлэл байтугай элдэв дайралт, доромжлолд би эмзэглээд, онгонтоод байдаггүй. Миний энэ муу арьс овоо зузаан.
Оюутолгой тойрсон асуудал
-"Эрдэнэт", "Оюу толгой" хоёр шиг улсын төсөвт дорвитой мөнгө оруулж байгаа үйлдвэр, аж ахуйн нэгж манайд алга.
-"Оюу толгой" хөдөлгөөнд орсон 2010 оноос хойш улсын болон орон нутгийн төсөвт 1,3 тэрбум ам.долларын татвар төлсөн байна.
-Өөдтэй юм энэ насандаа өөрсдөө хийж үээгүй атлаа өрөөл бусдын хийснийг үгүйсгэн харлуулж,мэдээлэл хомс орчинд тодрох санаатай хүмүүст би дургүй.
-"Оюу толгой"-н ач холбогдол нь дан ганц төсөвт өгсөн татвар, монголын аж ахуйн нэгжүүдэд хийсэн төлбөрөөр хэмжигдэх юм биш. "Оюу толгой"-н дам нөлөө гэж бас байна. Тэр нь шууд нөлөөнөөсөө ч давсан байсан цаг саяхан.
МАН-ын ялалт, сонгуулийн дараах үр дүн
-Хүн тачигнахаар солигддог улирал гэж юу байх вэ. Аль ч улирал цаад жамаараа, цаг нь болоод л солигддог. Улс төрийн ч улирал солигдоход хувь хүмүүсийн оролцоо нөлөө үнэндээ бага. Цаг цагаараа, цахилдаг хөхөөрөө байдаггүй.
-Улс төрийн өрөг өөрчлөгдөх нь зүй тогтол байсан биз. Харин энэ өөрчлөлтийн тодорхой үр дүн, тооны харьцаа бол үйлийн үр. Энэ хоёр хоорондоо бас ч гэж ялгаатай.
-Би бол олонхи болно гэж төсөөлж, найдаж, зүтгэж байсан. Харин яг жаран тав болно гэж хэн, яаж мэдэх билээ. Мэдэж байсан гэх хүмүүс гарч ирж байгаа бол инээдтэй л юм. Үүнийг мэдэх арга үгүй. Тэгэх тусмаа мажоритар сонгуулийн үр дүнг. Хоромхон зуур сүүлээрээ нааш цааш эвгүй шавхуурдаж ороолгодог тогтолцоо. Урьдчилж тооцоо гаргахад хэцүү.
-Парламентын сонгууль бол "газар газрын атаман" цуглаад бужигнуулдаг пацаануудын тоглоом биш л дээ. Энэ бол том улс төр, том хариуцлага.
-Сонгуулийг намын удирдлага удирдсан. Мань мэт бол тусалсан, зөвлөсөн. Атаман гэснээс би хэзээ ч атаман байгаагүй, одоо ч биш.
-Нам дотор том, жижиг атаманууд тодрохоор яаж балардаг, хоорондоо үзсээр яаж сөхөрдөгийг хажуухнаасаа харлаа. Мөн ганц том атамантай нам ч ахидаггүйг бас үзлээ.
-Манай намд ганц том атаман гэхээр ойлголт, харьцаа шинэ зууны эхэнд үүсээд эхэлсэн. Одоо бол тийм юм байхгүй. Байхгүй болгох гэж олуулаа зүтгэсэн, хамтын тэр зүтгэл маань ч бүтсэн.
-Гол өрсөлдөгч байсан АН гэж өнгө мөнгөтэй, бяр тэнхээтэй, ойж буусан, омогтой давлиун, шазруун бөх таарсан. Эдгээр шинж нь арай хэтрээд, халгиа цалгиатай барилдаад тэр бөх унасан. Гэхдээ манай амжилтыг зөвхөн өрсөлдөгч айлын сул тал, алдаан дээр амилсан гэж ярих хүнтэй таарсан. Энэ бол өрөөсгөл дүгнэлт.
Сонгуулийн компанит ажил..
-Би сонгуулийн олон компани зохион байгуулж, байгуулалцаж явсан. Бага сага туршлага бий. Гэхдээ манай намд сонгуулийн стратеги тактик, арга заль, технологи менежмент сайн мэддэг, хийдэг хүмүүс шат шатандаа цөөнгүй. Тиймээс намайг онцолж хөөргөөд л, энэ буурал толгойд минь "сонины цаасан малгай" углах гэх хэрэггүй.
-Ажил хийхдээ би хүмүүсийг нас, хүйсээр нь ялгадаггүй. Залуу хөгшин, эр эм байх нь тухайн хүний хувийн асуудал. Ажил хийж байхад зүтгэл, хариуцлага л чухал. Тэр хоёр нь байхад ажлын мэдлэг, мэдрэмж, туршлага гэдэг нь өөрөө хуримтлагдаж зузаардаг.
-Сонгуулийг зөвхөн намч сэтгэлгээ, намын аппаратын хүчээр хийнэ гэвэл орчин тойрноо явцуу өнцгөөс харах гээд байдаг. Тиймээс энэ зуны сонгуулиар нам бус залуусын оролцоо, дэмжлэг тун чухал байлаа. Орчин цагийн хэлээр үүнийг "аутсорсинг" гээд байх шиг...
-Ширүүллээ гээд ажил бүтэхгүй. Харин ч үл ойлголцлын хана хэрэм үүснэ.Сонгуулийн үед багийн нягтрал, ойлголцол бол амин чухал. Дээр нь хариуцсан хариуцсан ажилдаа эзэн байх хэрэгтэй.
-Сонгууль хийх мөнхийн жор гэж хаана ч үгүй. Тухайн нөхцөлд нь тааруулж, угтуулж шийдвэрээ шат шатандаа гаргадаг. Шийдвэр гаргахаас айдаггүй, хариуцлага, эрсдэлээ хаана хаанаа мэддэг, даадаг байх ёстой. Энгийн энэ логикийг сонгууль хийж буй баг бүрэлдэхүүн тархи, зүрхээрээ мэдэрдэг байвал ажил бүтнэ, ялалт ирнэ.
-Уяач хүн наадмаа хүлээдэг шиг би сонгууль хүлээдэг. Би сэтгэлийн хөдөлгөөнтэй хүн. Түүнийгээ нуудаггүй. Ялангуяа сонгуулийн үеэр.
Мэргэжлийн Засгийн газрын талаар
-Үнэнээ хэлэхэд "мэргэжлийн Засгийн газар" гэж юу хэлээд байгааг би мэдэхгүй. Улс төр судлалд ч, төр эрхийн онолд ч ийм ойлголт, томъёолол байдгийг би олж үзээгүй.
-Гэхдээ би дутуу харсан байж мэднэ. Хар ухаанаар бодоход, тээврийн сайд нь жолооч, хүнсний сайд нь тогооч мэргэжилтэй байвал сайн гэх гээд байгаа юм шиг.
-Мэргэжлийн гэх Засгийн газарт мэргэжил мэргэжлийн төлөөлөл цуглаж суугаад хамтдаа гялалзтал ажиллах ёстой юм шиг ойлгож яриад, түүнийгээ нэхээд байх шиг. Гэтэл Засгийн газар бол мэргэжлийн сайчуудын шигшээ баг биш.
-Засгийн газар бол ялсан намын бодлого хэрэгжүүлдэг газар. Сонгуульд ялсан нам, түүний байгуулсан Засгийн газар нь амласнаа хэрэгжүүлэх нь сонгогч олон түмэнд чухал. Тэрнээс тэр Засгийн газарт ямар мэргэжлийн, хэн гэдэг нөхөр орж байгаа нь чухал биш.
-Манайх парламентын тогтолцоог сонгосон, тийм биз ? Ийм улсад улс төрийн гол фигур бол Ерөнхий сайд. Сонгуульд ялсан намынхаа амласныг хэрэгжүүлэх гол этгээд нь тэр бөгөөд ажлаа парламентын өмнө дангаар хариуцдаг.
-"Ялыг нь үүрвэл ямбыг нь эдлэнэ" гэгчээр Ерөнхий сайдын эрх мэдэл, гүйцэтгэх үүрэг, дарах жин их байх ёстой.
-Ялыг өөрт нь үлдээгээд ямбыг нь хуваалцах гэх нь буруу. Танхимаа бүрдүүлэх гол эрхийг нь Ерөнхий сайдаас булаагаад авчихлаар дараа нь түүнтэй хариуцлага хэрхэн, яаж тооцох билээ. Энэ буруу практик тогтоод удаж байна. Гээндээ ч, гоондоо ч бий гэдэг шиг энэ буруу практик хүнээсээ ч, хуулиасаа ч үүсэлтэй. Бид засаглалын реформоо хийхгүй бол горьгүй гэдгийн нэг нотолгоо бол энэ.
-Шүүмжлэл бол аль ч Засгийн газар байгуулагдсан өдрөөс нь л өрнөөд эхэлдэг, байдаг л зүйл. Харин дүгнэлт мүгнэлт хэлэхэд арай эрт байна.
Ардчилсан нам, МАНАН, Н.Энхбаяр...
-Ганц баганатай гэр бид барьж үзсэн. Сэсээр улсын дэмжлэгтэйгээр тэр маань хэсэг тэссэн ч эцэстээ нурсан. Гэрийг хоёр багана түшдэг. Тэрний нэг МАН, нөгөө нь АН.
-АН учраа олохгүй л явна. Учраа хурдан олоод, зуд цасанд дарагдсан гэрийнхээ даац хуваалцах баганын хэмжээнд түргэн босоод ирээсэй билээ л гэж хүсч байна.
-Надад АН-ын зовлонгийн тухай мэдэх юм бага. Тэгээд ч айлын зовлон яриад яах юм. Бидэнд өөрийн зовлон хангалттай бий. Тэрнийгээ ярьсан нь дээр. Гэхдээ бид намын асуудлаа дотроо ярьдаг.
-Яг нарийндаа гэвэл МАНАН анх татсан нь 2004 оны намар юм шүү дээ. Би тэр үед Москвад элчингээр сууж байсан.
-МАНАН анх татуулсан эзэн нь түүнийгээ одоо мангаа гэж ярьдаг болсон. Гэхдээ үүнийг орхиё...
-Надаас Энхбаярыг, Энхбаяраас намайг асуудгаа та нар одоо больмоор юм. Одоо аль аль маань амар заяагаа үзэх цаг болсон. Бид хоёр нэг хэсэг хамтдаа зүтгэж байсан. Одоо тэр маань тусдаа. Би тусдаа.
irgen · 2016/12/04
hehe ongontood bhdaa yahuu de bi namba aldahgui l geech de Bayar gaui mini
zochin · 2016/12/03
ene huniig shalguulmaar bn. ih um garna daaaa
Зочин · 2016/12/03
Bayriig.
zochin · 2016/12/03
ai daa ayultai nohordoo
Зочин · 2016/12/03
тэртээ тэргүй чи бол ширлэсэн хулгайч илжигний чихэнд алт хийсэн ч адилхан ус хийсэн ч адилхан
болд · 2016/12/03
ТЭР МААНЬ ТУСДАА Ч ГЭХ ШИГ . БАЛИАР МАНЖ ПИЗДУК ЮМАА . ДУУГҮЙ ТАМ РУУГАА ХУРДАНГ ТОНИЛ .