М.Энхболд 988, Т.Аюурсайхан 83 хүний санал авч намын дарга тодров
2013/10/29
МАН-ын их хурал амжилттай болж шинэ даргаа сонгожээ. Энэ удаагийн намын их хурлаар шинэ дарга сонгох асуудлыг хэлэлцэж санал хураасан байна. Дөрвөн хүний нэр дэвшүүлсэн ч хоёр нь нэрээ татаж М.Энхболд, Т.Аюурсайхан нар өрсөлдсөн юм. Санал хураалтын эцийн дүнгээр нэр дэвшигч М.Энхболд 91.65%, Т.Аюурсайхан 7.6% санал авч намын даргаар УИХ-ын дэд дарга М.Энхболд сонгогдов.
Энэ удаагийн Их хуралд 1121 хүн оролцсон. Санал хураалтад 1078 төлөөлөгч оролцсоноос УИХ-ын дэд дарга М.Энхболд 988, “Шинэчилье” хорооны улстөрийн бодлогын дарга Т.Аюурсайханд 83 төлөөлөгч саналаа өгчээ.
Гурван өдрийн хөтөлбөртэй байсан МАН-ын Их хурал өнөөдөр үргэлжлэн хуралдана.
Намын Бага хурал болон Хяналтын ерөнхий хорооны гишүүд болон Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох юм.
МАН-ын дарга М.Энхболдын танилцуулгыг хүргэж байна.
1982 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль,
1987 онд Монгол Улсын Их Сургууль төгссөн. Орос хэлтэй.
Эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны магистр.
1987-1989 онд Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захирагааны харьяа Ахуйн үйлчилгээний удирдах газарт эдийн засагч,
1989-1991 онд Нийтийн аж ахуйн үйлчилгээний яамны Төлөвлөлт аж ахуйн механизмын хэлтэст мэргэжилтэн,
1991-1992 онд Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захирагааны Ахуйн үйлчилгээний хэлтсийн дарга,
1992-1996 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч,
1996-1998 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга,
1997-2005 онд Нийслэлийн Монгол Ардын Хувьсгалт Намын хорооны дарга,
1999-2005 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
2005-2008, 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
2005-2007 онд Монгол Ардын Хувьсгалт Намын дарга,
2006-2007 онд Монгол Улсын Ерөнхий сайд,
2007-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
2012 оны Улсын Их Хурлын зургаа дахь удаагийн сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдсон.
М.Энхболд 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын Их Хурлын дэд даргаар сонгогдсон
1999 онд "Алтан гадас" одон,
2005 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон,
2005 онд Монгол Улсын Нийслэлийн хүндэт иргэн,
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ.
Сэтгэгдэл устгуулах хүсэлт илгээх