Эзэн Чингисийн талбайг Эрээний зээл болгож үзүүлэв
2013/10/29
Чингисийн талбайд өчигдөр мах зарлаа. Тийм ээ, Монгол Улсын нийслэлийн яг төвд орших Чингис хааны талбайд өчигдөр цагаан майхнууд дэрвэж, улаан мах, урдаас оруулж ирсэн хувцас хунар элдвийн л зүйл зарав.
Нийслэлийн өдөр болохоор талбайгаа ийнхүү зах болгон ашиглаж, улаанбаатарчуудыг баярлуулах нэртэйгээр хошгируулав.
Хошгируулав гэдгийн учир нь эндэхийн махны үнэ сүртэй зарлаад байсан шигээ хямд байсангүй. Ердөө л зуу, хоёр зуун төгрөгийн зөрүү байхтай үгүйтэй л байлаа. Сүхийн талбайг эрхэмлэнэ, дээдэлнэ хэмээн Эзэн Чингисийнх болгосныхоо дараагаар ийнхүү Эрээний зээл шиг ашиглаж эхлэв.
Манайх шиг төвд талбайдаа улаан мах зараад, түүн дээр ард иргэд оочерлоод, муудалцаад байдаг газар бий болов уу. Ер нь Чингисийн талбай шатсан Нарантуулын захыг нэг өдөр орлох ямар хэрэг байсныг үнэндээ ойлгосонгүй.
Төр сүүлийн үед ажил хийж буй нэрээр баахан сүр бадруулж, хэвлэлээр таахалзахаас илүүтэйгээр ард түмэндээ хүрэхгүй, хүрлээ гэхэд хямдруулсан нэрээр хошгируулсаар байгаагийн энгийн нэгэн жишээ л энэ байлаа.
Эрх баригч намынхан талбайн зүүн талд орших Соёлын төв өргөөнд Их хурлаа хийж буй МАН-ынхан руу олны анхаарлыг хандуулахгүй гэсэндээ ийнхүү зориудаар зохилдуулж төв талбайгаа зах болгосон юм биш байгаа гэсэн хардалтыг зарим хүн өгүүлж байсан.
Тэр АН уу, МАН уу ард түмэнд үнэндээ тэгтлээ хамаагүй. Харин ард түмнийг үргэлж тэнэг юм шиг, сохор юм шиг санаж, хямдруулж буй нэрээр хошгируулж, улсынхаа төв талбайг улаан махны лангуу болгож буй нь манай улсад эрхэмлэх зүйл гэж үгүй болсон мэт санагдуулав.
Хэдэн сарын өмнө үлэг гүрвэлийн араг яс авчирчихаад нэг хэсэгтээ л төв талбайд байрлуулж_ нийслэлчүүдэд үзүүлсэн. Эзэн Чингисийн талбай чинь хувхайрсан том яс, улаан махны үзүүлэн гаргадаг газар юм уу. Зарим захуудыг хаах гээд байгаа хэрнээ бүр төв талбайдаа зах нээх гээд ч байгаа юм шиг.
Зах дээр наймаачид нь шаагилдаж, иргэд махаа авна уу, луувангаа авна уу тэрүүгээр л баймаарсан. Үнэхээр нийслэлчүүдийг баярлуулья гэсэн бол махных нь үнийг ядаж ганц мянгаар нэг өдөр буулгаад зарчихаагүй хэрнээ талбай руугаа түүхий мах чирж, зүгээр л хэлбэр үзүүлж, хийсэн мэт дүр эсгэх ямар шаардлага байв.
Өнөөгийн төр өнгөн дээрээ хөнгөн мэт хэрнээ үнэн чанартаа өр шир нэмж, үзүүлэн тоглолт хийх нь хэрээс хэтрээд байгааг иргэд эрх биш одоо мэдэрч эхлээд байна.
Иргэдийнхээ цалинг нэмж, долларынхаа ханшийг буулгаж, бензинийнхээ үнийг барьж, талхныхаа үнийг ядаж нэмэхгүй байхыг ард түмэн хүсээд байхад баахан өр шир нэмж тавьчихаад энэ мэт нүд хуурсан үзүүлбэрээр иргэдийг нүдийг хуурсаар байх хэрэг үү.
Р.Гэгээ