Хайрлах эрхгүй миний амьдрал
2013/10/29
Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Жаргал, зовлон ээлжилж утга учир нь бүрддэг нь хүний амьдарлын жам, өнгө юм даа. Сайтад дандаа л ордог.
Энд миний ижил залуу бүсгүйчүүдийн эр нөхрийн хууралт, хардалтаас шаналсан сэтгэлийн захидал их тавигдах юм. Тэр бүгдийг уншаад тэдгээр бүсгүйчүүдэд би өөрийнхөө амьдарлыг бичиж тэднийг ямар аз жаргалтай нэгэн болохоо жоохон ч гэсэн миний захидлаас мэдрээсэй гэж хүснэм. Би 30 настай. 2 жилийн өмнө умайн гадуурхи жирэмслэлт болоод нэг талынхаа үрийн хоолойг авахуулсан. Нэг тал нь битүү. Гэрлэх гэж байсан залуу минь эмчээс дахиж хүүхэдтэй болох боломжгүй гэдгийг сонсоод 1-р төрөхийн хүлээлгийн танхимаас миний амьдарлаас бүр явсан даа. Хүн гэдэг сэтгэлийн амьтан, харин тэр сэтгэлийн аз жаргалын эцсийн эрэл хайгуул үр хүүхэд, тэдгээрийн эрүүл энх бус гэж үү. Эмнэлэгээс 70 настай ээжийгээ түшээд шалан дээр нулимс яг л борооны дусал шиг унаж, эмнэлэгийн шалыг ч харж чадахгүй явж байхдаа би аз жаргалаа бүр мөсөн алдсан гэдгээ л мэдэж байсан. Хэрэв би хүүхдээ тээж төрүүлээд, түүний дараа нөхөр минь намайг хуураад хаяад явцан байсан бол яг одооны энэ нөхцөлд би дусал ч нулимс унагаж, харуусан гашуудахгүй байсан. Өвөр дээр минь үр минь байхад, гараасаа хөтлөх үртэй байхад орчон дэлхий тэр чигээрээ өмнө минь байх байлаа. Өнөөдөр би жирийн амьдарлаар амьдарч байгаа бүсгүй. Гэр хороололд өндөр настай ээжтэйгээ амьдарч, миний хувь тавиланд надаас ч илүү харуусч сэтгэлдээ уйлж, бурхнаас гуйхаас өөрийг хийж чадахгүй байгаа ээжээс минь өөр үнэт зүйл надад алга даа. 30 настай ч 25 настай юм шиг оворгүй төрх, нарийхан гоолиг бие, гунхсан алхаа, намирсан үс, сайхан инээмсэглэл, ажилсаг, хариуцлагатай байдал, архи, тамхи огт хэрэглэдэггүй сайн тал, хүн чанар, хүнлэг сэтгэл энэ бүгд надад бий.
Олон сайхан залуустай танилцдаг ч би хүүхэд төрүүлж чадахгүй болохоор өөрөө тэднээс харьцаагаа тасалдаг. Нас залуу байгаа болохоор их л уйлж шаналдаг даа. Хайртай мөртлөө хүчээр сэтгэлээ хорьж болино гэдэг ямар их хүч шаарддагийг та бүхэн төсөөлж байгаа буй заа. Харин сүүлийн нэг жилээс би хэн нэгэнд дурлахаа болисон, хэн нэгэнтэй танилцахаа ч байсан. Бүр намайг сонирхдог эрчүүд рүү харахаа ч байсан. Учир нь би сэтгэлээ сэмлэж зүрхээ зүсэхийг хүсэхгүй байна. Надад хайрлах эрх байхгүй. Хүн мөнх биш нь л сайхан юмдаа. Залуу насандаа их л харуусаж, сэтгэлээр унаж байгаад цаг нь болохоор орчлонгийн жамаар одох нь үнэн л сайхан юмдаа. Энэ бол аргаа барсан хүний л үг л дээ. Гаднаасаа харахад тас тас инээсэн нэг л аз жаргалтай бүсгүй. Гэвч энэ орчлонд эцсийн амьсгалаа хураах тэр өдрийг хүртэл би сэтгэлдээ наргүй, өдөр өдрөөр гандсаар хорвоог орхино. Магадгүй эмнэлэгээр яв, өөрийнхөө төлөө тэмц гэсэн та бүхний халуун үг надад ирэх байхаа. Тиймээ миний эцсийн найдвар үр шилжүүлэн суулгах. Гэвч над шиг төрийн үйлчилгээний албан хаагчийн багахан цалингаар энэ харгис нийгэмд өндөр настан ээжтэйгээ амьдарлаа залгуулж байгаа ядарсан бүсгүйд энэ дэндүү хүндэдсэн ачаа гэдгийг би ойлгосон. Тийм болохоор муу ээжийгээ уйлж зовоохгүй юмсан, өвдчихгүй юмсан, цайны сүүгээр нь тасалчихгүй юмсан, үр нь болж төрөөд зовоож л байснаас жаргааж байгаагүй юм чинь үлдсэн амьдралд нь сэтгэлдээ би уйлж явж байгаа ч хаалгаа татаад ээждээ орохдоо инээгээд орох юмсан даа гэсэн ийм л бодолтой, үүнээс давж чадахгүй мөрөөдөлтэй л амьдарч байна даа. Хүн гэдэг их сонин амьтан юм даа. Би хэвийн хүүхдээ тээж төрүүлээд нөхөртөө хаягдсан байгаа бол мэдээж та нар шиг л нөхөртөө гомдож, уйлж, шаналж, гуйж байгаа даа. Гэвч миний тохиолдолд хаяад явсан залууд биш үрээ тэврэх эрхгүй болсон хувь тавиландаа л гомдож байна.
Эцэст нь бүсгүйчүүд минь та бүхэн хүний сайхан орчлонд үрийн эх болсон азтай хүмүүс. Тиймээс эр нөхрийн хууралтаас сэтгэлээ бүү шархлуул. Хүний нөхөрт шунаж нүгэл битгий үйлд. Энгэртээ тэвэрсэн үр чинь эрүүл л өсөн торниж байгаа бол та түүнийхээ төлөө өдөр өдрийн нарыг аз жаргалтай угт. Та энэ хорвоогоос хамгийн том бэлэгээ авсан шүү дээ. Их нуршуу бичсэнд уучлаарай.