​Монголчууд их эзэн Чингис хааныхаа төрсөн өдрийг нь мэддэггүй. Нэг хэсэг тавдугаар сарын 3-нд төрсөн хэмээн бичдэг, ярьдаг байв. Харин өнгөрөгч оноос эхлэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд төрснийг нь нотолж, энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарласан.

Билгийн тооллоор цаг хугацаагаа хэмждэг байснаа больж аргын тоололд шилжсэн монголчуудад эзэн хааныхаа мэндэлсэн өдрийг тодорхойлох үүнээс өөр арга зам байгаагүй ч юм билүү. Дэлхийд цуутай хаантай, эзэнтэй орнуудад ийм овсгоо байхгүй л дээ. Их хаантайгаа зиндаархах дуртай монгол хүн бүр төрсөн өдрөө билгийн тооллоор тооцон тэмдэглэдэг болчихвол зүгээр ч юм шиг. Сар бүрийн нэгэнд төрсөн хүмүүст бол бүр ашигтай. Архи, согтууруулах ундаа зардаггүй энэ өдөр төрсөн өдрөө тэмдэглэх гэж хууль дүрэм зөрчиж, баар ресторан, дэлгүүр хоршооныхныг аргалах гэж зүдрэх хэрэггүй болно. Өмнөх болон дараа өдөр нь тэмдэглэх бүр ч шаардлагагүй. Өнгөрөгч жил Чингисийн төрсөн өдөр 11 дүгээр сарын 14-нд тохиосон. Энэ жил 11 дүгээр сарын 1-нд, ирэх жил 11 дүгээр сарын 30-нд, тэрний дараа жил 12 дугаар сарын 13-нд таарч байна. Бүх нийтийн амралтын өдөр, баярын өдөр болохоор оргилуун дарс буудуулж, бялуу хуваах хэрэг гарна. Төрсөн өдөр л бол төрсөн өдөр шүү дээ. Энэ өдрийг Монгол бахархлын өдөр болгон зарласан шиг хүн бүр өөрсдийнхөө төрсөн өдрийг Гэр бүлийн бахархлын өдөр болгон тунхаглаж, өөртөө амралт өгчихөж болох юм биш үү. Их хаан байтугай эгэл бид, ишиг хурганд ч төрсөн өдөртэй. Мөн алтан ургийн 37 хааны төрсөн өдөр бүрийг билгийн тооллоор тогтоон, баярын өдөр болгосон ч яахав. Шадбал гэгээн хаан, Хүслэн хаан, Ринчинбал хааныхыг ч бас. Дашрамд нь их хаадтайгаа ч танилцаад авна. Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд хятадууд өвөг дээдсээ тахих өдөр хэмээн тэмдэглэдэг юм чинь бид ч өвөг дээдсээ тахиж яагаад болохгүй гэж.

 

Б.Оюунгэрэл