749 эмч, сувилагч, оюутнууд дайчилгаанд хамрагдан дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж байна.

Нийслэлийн эрүүл мэндийн газраас 533 резидент эмч, төрөлжсөн мэргэшлийн сургалтад суралцаж буй сувилагч болон АШУҮИС-ийн VI дамжааны оюутнуудыг өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хуваарилжээ.

ӨЭМТ-дэд хуваарилагдсан эмч, оюутнууд гэрийн үзлэг хийхэд дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллах бөгөөд

  • 0-2 настай эрүүл хүүхэд,
  • 0-5 настай өвчтэй хүүхэд,
  • нэгдсэн эмнэлгийн хүлээн авахаар үйлчлүүлж эмчилгээ заалгаад буцсан хүүхэд,
  • түргэн тусламж дуудаж  үзүүлсэн 0-5 насны хүүхэд,
  • эмнэлэгт хэвтээд гарсан хүүхдүүд, ханиад хүрсэн жирэмсэн эх,
  • уушигны архаг өвчтэй ахмад настан зэрэг амьсгалын замын өвчлөлд өртөх эрсдэл бүхий хүмүүст үйлчлэхээр болжээ.

Өчигдөр НЭМГ-ын удирдлагууд дүүргүүдийн өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, эмч, мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгуулж, амьсгалын замын цочмог халдварын үед авч хэрэгжүүлж буй ажлуудаа дүгнэн тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцлаа.

Дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн хүүхдийн тасагт 19 хүүхдийн резидент эмч, 64 сувилагч хуваарилагдсан бөгөөд эмчилгээ, үйлчилгээний хүртээмжийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж буй юм.