-Ц.ЭЛБЭГДОРЖ ЭНЭ УДААГИЙНХАА АЙЛЧЛАЛААР МОНГОЛ УЛСЫН ГЭХЭЭС ИЛҮҮТЭЙ ДЭЛХИЙН БААТАР БОЛСОН Ч БАЙЖ МЭДЭХ ЮМ-

 

Монгол Улсын Ерөн­хий­лөгч Ц.Элбэг­доржийн Хойд Солонгост хийсэн айлчлал монголчуудын гэхээс илүүтэй дэлхийн анхаарлын төвд байлаа. Тэрбээр Иранд айлчилж ирээд “Иран улс ураныг энхийн зорилгоор ашиглаж байгаа орон юм байна” хэмээн зарласан.

Харин энэ удаад тэрбээр илүү үг унагасангүй. Гагцхүү интернэтэд Хойд Солонгосын Ким  Ил  Суны их сур­гуульд тавьсан илтгэлээ нээлттэй цацав. Түүнийг нь сонсох нь ээ, Ерөнхийлөгч Ц.Элбэг­доржийн зүгээс Хойд Солонгосын их сургуулийн лекцийн танхимд бараг л хувьсгал хийчихэв үү гэлтэй. Учир нь тэрбээр өөрийн илтгэлдээ онцгой тод үгсийг олноор нь хэлсэн байх юм. Тэр бүхнийг нь түүвэрлэвэл “Монгол Улс бол хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг, хуулийн засаглалыг эр­хэмлэдэг, нээлттэй бодлогыг хэрэгжүүлдэг орон. Монгол Улс иргэдийнхээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эв­лэлдэн нэгдэх, хувь хүний сонголтоороо ажиллаж амьдрах эрхийг хүндэтгэдэг орон. Би эрх чөлөөний хүчинд итгэдэг. Эрх чөлөө гэдэг хүн бүрт өөрийнхөө боломжийг нээх сайхан боломжийг олгодог.

Энэ нь хүний нийгмийг хөгжил дэвшилд хүргэдэг юм... Монголчууд хүний эрхээр жаргахаар, өөрийн эрхээр зов гэж ярилцдаг ард түмэн” хэмээж. Үүнийхээ араас “Аливаа дарангуйлал бол мөнх биш юм. Харин хүний эрх чөлөөтэй амьдрах хүсэл эрмэлзэл бол байнгын хүч юм”, “Монгол Улс хүний амьд явах эрхийг эрхэм дээд үнэт зүйл гэж үздэг. 2009 оны зургаадугаар сараас хойш цаазаар авах ялыг бүрэн зогсоосон байгаа. Цаашдаа бүрэн алга болгоно”, “21 жилийн өмнө Монгол Улс өөрийгөө цөмийн зэвсэггүй бүс гэж зарласан. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван орон манай улсын статусыг бичгээр баталгаажуулсан байдаг”... гэх мэтээр үргэлжилнэ. Илтгэлийн төгсгөлд хоёр орны харилцааны тухай бий.

Харин өрнөл хэсэг нь дээрх ишлэлд багтаж буй. Эндээс харахад тэрбээр Хойд Солонгосын иргэдийн чихэнд наалдахгүй, наалдацгүй үгийг хэлчихсэн байж болох. Гэхдээ хоёр улсын харилцаа талаас нь харвал хойд солонгосчууд жинхэнэ утгаараа ойлгоогүй бол тун сайн хэрэг. Тэр дундаа эрх чөлөөний тухай Ерөнхийлөгчийн яриаг. Хэрэв түүний үгийг өөрийнх нь шагшин магтсан шиг ойлгоод, “Бид эрх чөлөөтэй байх ёстой. Эрх чөлөө бол манай улсын амин сүнс байх ёстой” гэх мэт үгийг унагаад ирвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хаяглах Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны илгээмж “бөмбөг тэслэх”-ийг үгүйсгэх аргагүй юм. Учир нь айлчлалын өмнө анхнаасаа “Эрх чөлөө, шударга ёс, ардчилал” гэх мэт үгсийг хэрэглэхгүй, ашиглахгүй байх тухай заавар ирсэн гэх яриа гарч байсан. Гэтэл манай Ерөнхийлөгч Хойд Солонгост “Аливаа дарангуйлал бол мөнх биш юм. Харин хүний эрх чөлөөтэй амьдрах хүсэл эрмэлзэл бол байнгын хүч юм” гэсэн лекц уншаад зогсч байх юм. Гол нь түүний үгийг залгуулан “Эрх чөлөө гэж юу вэ, Ерөнхийлөгч өө” гэж асуусан бол тэрбээр юу хэлэх байсан бол. “Мөн манайх бол цөмийн зэвсэггүй орон” гэсэн Ерөнхийлөгчийн үг хойд солонгосчуудад ямар бодол үлдээсэн бол. Дэлхийн энх тайван руу чиглүүлсэн бөмбөгнийхөө кнопоор хүн төрөлхтөнийг айлгаж гаршсан улс орны иргэдэд шүү дээ. Ингээд бодохоор Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ удаагийнхаа айлчлалаар Монгол Улсын гэхээс илүүтэй дэлхийн баатар болсон байж мэдэх юм. Та бод л доо, Хойд Солонгост эрх чөлөөний лекц уншлаа гээд Түүний эл үйлдэл Ким Чен Унд таалагдаагүй юм гэхэд Америк тэргүүтэй улс оронд таалагдсан нь лавтай. Эндээс харахад хувь улстөрчийн холын зайны улс төр олон улсад үнэ цэн авчирсан байх талтай. Харин манай хоёр улсын харилцаанд хэрхэх бол. Хэдийгээр энэ удаагийн айлчлалаар манай бизнес эрхлэгчид боломжийн сайхан үүд, хаалгыг нээж чадсан ч ирээдүйд яах бол. Ядаж л манайхаар дамжуулж хийх тухай яригдаж байсан хойгийн хурцадмал байдлыг намжаах хэлэлцээрийг эхлүүлэх ажил хурдсах болов уу, удаашрах болов уу... Товчхондоо, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Хойд Солонгост хийсэн айлчлал нэгийг хэлж, хоёрыг тунгаах шинэ нөхцлийг үүсгэсэн нь энэ бөлгөө. 

 

Г.Отгонжаргал