МАХН-ын нэр бүхий зарим гишүүд, мөн тус дэргэдэх залуучуудын байгууллага ирэх даваа гаригт    намынхаа төв байранд хэвлэлийн хурал зарлаж буй аж. Тэд  өөрсдийн намын дэд дарга Д.Тэрбишдагва тэргүүтнүүд багтсан  Шинэчлэлийн Засгийн газар Францын "Арева" компанитай уран олборлох гэрээ байгуулсантай холбоотой ноцтой баримтуудыг дэлгэх гэнэ.


Нэг их сонин биш уг албан мэдээллийн цаана МАХН-ынхны гүн гүнзгий зөрчил харагдаж буй нь нууц биш. Учир нь хэвлэлийн бага хурал зарласан МАХН-ын гишүүд уран олборлолтыг эрс эсэргүүцэж буй аж.


Гэтэл Засгийн Газрын түвшинд шийдэгдсэн уг асуудалд Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Н.Удвал тэргүүтэн ямар нэг байдлаар оролцсон нь тодорхой. Тэр бүү хэл уран олборлохыг ил шууд дэмждэг Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат гэх эрхэм ч МАХН-ын гишүүн. Бүр МАХН-ын дарга Н.Энхбаярын туслах асан Б.Тулгаа нь өнөөдөр уран олборлох нь ямар ч сөрөг нөлөөгүй хэмээн албан ёсоор мэдэгдэж буй Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн сайд С.Оюуны орлогч сайдаар ажиллаж байна.
Ингэхээр МАХН-ын гишүүд өөрсдийн намынхаа удирдлагатай тэмцэж, уран олборлуулахгүй гэж байна гэсэн дүгнэлтэнд хүргэж байна. Эс бөгөөс тус намын гишүүд хоорондоо гүнзгий зөрчилд байгаа бололтой.

Э.Мягмар