Н.Энхбаярт хүндэтгэл үзүүлэх өдөртэй болъё
2013/11/08
Бид венесуэлчүүдээс юугаараа дутдаг юм бэ. Төв Азийн цээжин дээр баялагтай бол баялагтай, баячуудтай бол баячуудтай, Ерөнхийлөгчтэй бол Ерөнхийлөгчтэй. Тэд Ерөнхийлөгч асан Уго Чавестаа үнэнч, хайртай дуртайгаа илэрхийлэх баярын өдөртэй болж байгаа гэнэ.
Ирэх сарын 8-нд баяраа тэмдэглэж, Ерөнхийлөгч асандаа “хайртай” гэдгээ илэрхийлэх юм байна. Уго Чавес өнгөрсөн оны арван хоёрдугаар сарын 8-нд ард түмэндээ хандан сүүлчийн үгээ хэлсэн болохоор энэ өдрийг сонгож. Тэгвэл Монгол Улс Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт хүндэтгэл үзүүлэх, хайртайгаа илэрхийлэх өдөртэй болж болох юм биш үү. Их өрийг тэглэсэн, Мэгжиджанрайсэгийг бүтээсэн түүний гавьяаг гайтуулан оймсыг нь гозолзуулж баривчилсан дөрөвдүгээр сарын 13-ны өдрийг түүнд хайртай, үнэнчээ илэрхийлэх өдөр болгомоор байна. Намын гишүүд дэмжигчид нь уухайн тас зөвшөөрч, жагсаж цуглаж мэднэ. Тийм шаардлага байхгүй шүү гэдгийг эртнээс анхааруулмаар байна. Ардчилсан Ерөнхийлөгч маань түүнийг уучилж чадсан юм чинь тийм шийдвэр гаргаж магадгүй. Хайртай, үнэнчээ илэрхийлэх энэ өдөр нь хүрэн оймс эзнээсээ илүү хэрхэн алдаршсан болоод тусгайгийнхан хэтэрхий сүржигнэсэн тухай дурсахгүй. Гагцхүү экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр Монгол Улсад ямар гавьяа байгуулсан, Ерөнхийлөгч хэвээрээ байсан бол юу хийх байсан, хөгжлийн ямар шатанд хүрэх байсныг нь л ярьж, магтан дуулах ёстой. П.Очирбат, Н.Багабанди хоёр барьцаж магад. Хорхойд хоргүй “хөөрхөн амьтад” байсан гэж тэднийг дурсах өдөртэй болж болох л юм. Гэхдээ л Н.Энхбаяр шиг “атаман” байж чадаагүй, бас түүн шиг баривчлагдаж, шоронд хоригдож, өлсөж, амь насаа дээсэн дөрөөн дээр тавьж үзээгүй болохоор “хайраа илчлээд” байх нь ч хаашаа юм. Н.Энхбаяр бол өөр шүү, өөр. Тэр намын дарга, Соёлын сайд, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч байж үзсэн том удирдагч.
Б.Оюунгэрэл