Сар шинийн барилдааныг Буянт-Ухаа спортын ордонд хийе

Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан ес хоногийн дараа болох гэж байна. Үндэсний их баяр наадмын дараа орох хамгийн том барилдаан энэ. Цагаан сарын барилдаанаар наадмын өнгийг шинждэг ч гэдэг. Дээрээс нь монгол түмэн уламжлалт ганц баярынхаа өмнө буюу битүүнд үндэсний бөхийнхөө уран хурц барилдааныг үзэж, хийморь лундаагаа сэргээдэг уламжлалтай.

Ерөөсөө үндэсний бөх, уламжлалт баяр хоёр сүлэлдэж байдаг гэсэн үг. Тиймдээ ч бөхчүүдийнхээ барилдааныг дэргэдээс нь үзэж, бахархахыг хүсдэг. Гэвч хүсвэл хясна гэгчээр Монгол бөхийн өргөө нь 2500 хүний л суудалтай.

За тэгээд сар шинийн баярын бөх үзэх гэсэн хэдэн арван мянган хүний дунд дайн болно доо. Уртаас урт дараалал үүсээд, бараг л зодолдох дөхдөг. Дээрээс нь шагчид гэж шогийн хүмүүс байна. Танил тал, энэ тэрээ ашиглаад баахан билет авчихна. Тэгээд битүүний өдөр дөхүүлээд өнөөхөө хэд дахин нугалж зараад байж байх жишээтэй. Арай л Бөхийн холбооныхон өөрсдөө шагладаггүй гэж найдъя. Ийм л зүйл жил бүрийн цагаан сараар болдог.

Монголчуудын бөхөө хайрлаж, хүндэлж, үзэх гэсэн хүсэл дээр нь тоглодог. Багахан суудалтай бөхийн өргөөндөө багталцахгүй чихэлддэг. Ингэж байхаар цагаан сарынхаа бөхийг Буянт-Ухаа спорт ордонд хийвэл яасан юм бэ. Ийм санаачилгыг бөх сонирхогчид маш их гаргаж байна. Бөхийн өргөөнийхөн орлогоо бодоод л энэ санаачилгыг дэмжихгүй байх шиг байгаа юм.

Түүнээс биш бөх сонирхогчдоо боддог бол Буянт-Ухаа дахь спортын ордонд хийхэд яах вэ дээ. Эсвэл орлогоо хуваая гээд тохирчих л доо, Бөхийн өргөөнийхөн. Ганц жил тэнд хийгээд үзчихмээр байна. Тэртэй тэргүй манайхан бүгд унаа тэрэгтэй болчихсон болохоор холдохгүй. Дээрээс нь автобус унаа байнга л явж байгаа. Нэг их холдохгүй. Хамгийн гол нь тэр чинь 5000 гаруй хүний суудалтай ордон. Бөхийн өргөөнөөс хоёр дахин том.

Тэгээд ч барилдах талбай нь ч жижигдэхгүй. Бөөрөнхий биш л гэж голохгүй бол шүү дээ. Тиймээс энэ жил Буянт-Ухаа спортын ордонд л сар шинийн барилдаанаа зохион байгуулах хэрэгтэй байна. Дахиад хэлье, Бөхийн өргөөнийхөн тасалбарын ашгаа бодохгүйгээр ганц жил үзэгчдээ бодчих. Хэдэн арван мянгаараа тасалбар авах гэж үйлээ үзэж, арай гэж 2500 нь Бөхийн өргөөнд орж байгаа шүү дээ.

Бусад нь зурагтаараа үзэх болчихоод байна. Тэгвэл яагаад энэ жил дахиад 2500 гаруй хүн бөхчүүдийнхээ барилдааныг, аварга, арслан, гарьд, заануудаа хажуунаас хараад, үзээд, баясчих эрхгүй гэж. Энэ асуудлыг Бөхийн холбооныхон шийдэх хэрэгтэй.  Монгол бөх гэдэг Бөхийн холбооны өмч биш. Бөхчүүд гэдэг тэдэнд ашиг олж өгөх хэрэгсэл ч биш. Бөхийн өргөөнд ашиг оруулах ч жүжигчин биш шүү дээ. 

Харин бөхчүүд үзэгчдээ баясгаж, тэднийхээ хайр хүндлэлийг хүлээж явах эрхтэй. Тийм болохоор заавал Бөхийн өргөөнд л сар шинийн бөхийн барилдаан болох ёстой гэсэн хууль байхгүй. Тэгээд ч жил бүр бөх сонирхогчдыг дараалалд зогсоож, дааруулж, шагийн тасалбар худалдаж авахад хүргэж байгаа Бөхийн холбоо ч гэсэн үүрэг хариуцлагаа ухамсарлах ёстой. Тэр утгаараа энэ жил Буянт-Ухаа спортын ордонд сар шинийн бөхөө барилдуулмаар байна. Цаашид жил бүр тэнд зохион байгуулж байсан ч яадаг юм. Бөхийн өргөө ганц барилдааны орлогоор л дутав гэж. Байнга дуучдын тоглолт болж, элдэв том, жижиг барилдаан зохион байгуулж байгаа биз дээ.

Пунцагболд

Эх суралж:Монголын мэдээ сонин