Гранатад гэмтсэн цэргийн нүдэнд гурван удаа хагалгаа хийнэ
2017/02/17
Орхон аймагт байрлах Зэвсэгт хүчний 186 дугаар ангид гранат дэлбэрч, улмаар шинэ цэргийн хоёр нүд болон гар хүнд гэмтсэн талаар өмнө мэдээлсэн билээ. Тэгвэл хэрэг явдлын талаар тодруулахад, энэ сарын 14-нд Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар ангид сургуулилтын гранатын тэслэгч дэлбэрч, 19 настай байлдагч Х-гийн хоёр нүдээ хүндээр гэмтээж, зүүн гарынхаа гурван хурууг түлсэн байна.
Түүнд Орхон аймгийн түргэний эмч нар яаралтай тусламж үзүүлэн оройн 20:00 цагийн орчимд нийслэлд авчирч, Цэргийн госпиталийн төв эмнэлэгт хэвтүүлжээ. Гэмтсэн цэргийг нийслэлд авчирсан даруйд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт шилжүүлэн хоёр нүдэнд нь хагалгаа хийсэн бөгөөд гурван цаг үргэлжилсний эцэст, амжилттай болсон аж.
Гэхдээ түүний нүдэнд гурван үе шаттай хагалгаа хийх юм байна. Одоогийн байдлаар байлдагч Х-гийн хоёр нүдний шархыг цэвэрлэж, хэд хэдэн оёдол тавих хүнд хагалгаа хийсэн байна. Мөн түүний баруун нүдний гэрлийн бүрхүүл цоорсон бөгөөд мэс заслаар нөхжээ. Одоогоор өвчтөний хоёр нүд бүрэн эдгэж, хараа орох эсэхийг хэлэхэд эрт байгаа аж. түүнчлэн тэрбээр энэ сарын 20-нд дахин хүнд хагалгаанд орох юм байна.
Харин уг хэрэгт Орхон аймгийн Цагдаагийн газар эрүү үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлээд байгаа аж.
Одоогоор гэмтсэн цэргийн эмчилгээ, эцэг эхийнх нь ирж очих зардлыг харьяа цэргийн ангиас нь дааж байгаа талаар холбогдох эх сурвалж мэдээллээ.
Н.Батзаяа
Эх сурвалж: mminfo.mn