Хог боловсруулах үйлдвэр баригдах хөг нь өнгөрчээ
2013/03/06
Дөрвөн уулын дунд дүнхийх нийслэл маань өдрөөс өдөрт өнгөжин жавхаажиж, цэцэглэн хөгжсөөр...
Гэтэл их хотуудад тулгамддаг “хог” өдийг хүртэл биднээр даажигнасаар байна. Одоо хэдий болтол энэ сэдвээр ярилцах вэ. Хаврын хавсрага эхэлчихлээ. Ааш нь олдохгүй салхинд энд тэнд гялгар уут, уранхай цаас хийсч үзэгдэнэ.
Сайныг дагаад саар гэгчээр хот хөгжихийн хэрээр хог нь багассангүй. Улаанбаатар хот цэвэрхэн байвал юутай сайхан. Иймээс хог боловсруулах үйлдвэр манайд хэрэгтэй байна, төрийн түшээд минь.
Улаанбаатар хотын хэмжээнд төвлөрсөн томд тооцогдох Улаан чулуут, Нарангийн энгэр, Цагаан даваа гэх гурван цэг байдаг. Их хотын хог хаягдлын 13 хувийг барилга, үлдсэн хувийг ахуйн хэрэглээний хог эзэлдэг байна.
Цагаан даваанд хог боловсруулах үйлдвэр барих тендерт “Органик солиушн монголиа” компани ялж, үйлдвэр барих эрх авсан ч “их санасан газар есөн шөнө хоосон хонохын” үлгэр болж үйлдвэр баригдаж эхлэх нь бүү хэл ганц тоосгоны хэлтэрхий ч алга. Нийслэлийн Захирагчийн албанаас зарласан тендерын үнэлгээ нормыг ямар шалгуураар давж, барилга барих эрх авсан нь тодорхойгүй. Удирдлагууд нь усанд хаясан чулуу шиг алга болжээ.
Тус компанийн тендерт өгсөн материалыг сөхвөл нийслэлийг тэр чигт нь хоггүй болгох хүчин чадалтай юм байх. Энэ үйлдвэрийг хоёр жилийн дотор бариад өгнө. Өдөрт 250 тонн хог боловсруулж, үйлдвэрээс гарах бүтээгдэхүүн нь явган болон авто замын алаг хавтан, боржур зэрэг эцсийн бүтээгдэхүүн гаргана. Мөн шатаах зуухтай учраас боломжтой хогийг бүрэн устгалд оруулна гэсэн сүржин төсөлтэй байсан аж.
Ард түмний татварын мөнгөөр дураараа дургиж байгаа том толгойлсон компанийн эзэд буруутай юу сонгосон компаниа хянаж ажиллуулж чадаагүй Захирагчийн албаныхан хариуцлага хүлээх үү. “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-нд Улаан чулуутын хогийг 2020 он хүртэл долоон үетэй хучилт хийж булшилна гэж тусгагдсан.
Өнөөдөр Ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга Нийслэлийн засаг даргын орлогч Г.Бат-Эрдэнэ тэргүүтэй ажлын хэсэг томилогдон цагаан давааны хогийн цэгт баригдах боловсруулах үйлдвэрийн асуудлаар газар дээр нь очиж танилцлаа. Нөхцөл байдлын талаар Ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга “2012 онд үйлдвэр барих төсөл НЗДТГ-ын төсөвт суусан учраас тендерийн үйл ажиллагаа бүх хяналтыг хөрөнгө оруулалтын газар хэрэгжүүлэх ёстой. Тендерийн гэрээнд зааснаар зураг төсөл бэлэн болсон нөхцөлд санхүүжилт хийгдэх ёстой байсан ч зураг төсөл нь байхгүй байхад компанийн дансанд 5.7 тэрбум төгрөг байршуулсан нь хариуцлага алдсан хэрэг. Хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн Г.Алтантуяад тендерийн талаар бичиг баримт байгааг дахин шалгах хэрэгтэй. Өнөөдөр бодит байдал дээр нэг ширхэг хадаас ч алга. Хэн хариуцлага хүлээх ёстой вэ. Нөгөө компани хаана байна. Энэ асуудлыг хянаж эцэслэн шийдвэрлэх хугацаа дараагийн долоо хоногт дуусгавар болго” гэж дэд сайд үүрэгдэв.
Юутай ч хотын хог хаягдал боловсруулах үйлдвэр барих талаар явуулж байгаа бодлого үйл ажиллагаа төгс бус хяналт сул байгааг бодит байдал харуулж байна. Энэ асуудлыг хариуцсан нийслэл дүүрэг хорооны хэдэн хүн өглөө үдэшгүй гүйдэг ч үр дүн нь тааруу. Нэг юмаа давтаж дороо эргэлдсэн байдалтай. Хог боловсруулах үйлдвэрийн асуудлыг төрийн төмөр гараар атгах цаг иржээ.
С.Гансолонго
Denis · 2013/04/14
Thats not just logic. Thats rlealy sensible.