Билгийн тооллын XYII жарны “Алтан унжлагат” хэмээх улаагчин тахиа жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөөний 08:00 цагт Төрийн золголт боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, УИХ-ын дарга Миеэгомбын Энхболд, Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбат нар энэ үеэр амар мэндээ эрэн золгов.

Үүний дараа төрийн туганд хүндэтгэл үзүүлж, улмаар төрийн өндөрлөгүүд Булган аймгийн Тэшиг сумын харьяат 96 настай Жүгдэрийн Цэрэн, Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат 100 настай Дэжидийн Өрнөх, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын харьяат 93 настай Сандагийн Гомбосүрэн, Төв аймгийн Баянбараат сумын харьяат 99 настай Пунцагийн Шагдарсүрэн, Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат 93 настай Лувсанжамцын Цогзолмаа, Улаанбаатар хотын харьяат  90 настай Шагдарын Бира, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат 84 настай Бямбаагийн Бадамсэд, Архангай аймгийн Хангай сумын харьяат 84 настай Очирбатын Нагуужанай, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын харьяат 82 настай Жаргалын Лхамсүрэн нартай золгосон юм.

Үүний дараа Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, УИХ-ын дарга Миеэгомбын Энхболд, Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбат нар тус тусын мэндчилгээг хүргэсэн.