Гэр бүлийн төлөвшил, хувь хүний ухамсар сул байгаагаас төрүүлсэн үрээ төөрүүлэх тохиолдол цөөнгүй гардаг. Жилд 6-8 хүн төрүүлсэн үрээ орхидог. Энэ жилийн хувьд нэг хүн хүүхдээ төөрүүлсэн хэргээр Монгол улсын шүүхээс “ял” сонсоод байна. Тодруулбал Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, казах, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн Б.Л гэгч хоёр хоногтой хүүхдээ төөрүүлээд орхисон. Хүүхдээ төөрүүлсэн эхийг шүүхээс 9 792 000 төгрөгөөр торгов. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа эрүүгийн хуулиар төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ хаясан, төөрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заасан байдаг. Харин казак бүсгүйг торгоод өнгөрсөн байна.

Тэрбээр найз залуугаа араар нь тавьж жирэмсэн болсон болохоор нууж төрүүлээд төөрүүлсэн гэдгээ мөрдөн байцаалтын явцад хэлсэн байдаг. Тодруулбал,

“...2015 онд 11 дүгээр сарын сүүлээр найзуудтайгаа архи ууж байгаад өөрийн найз Нурбекээр гэртээ хүргүүлэхээр дуудсан. Тэгээд гэртээ хүргүүлэлгүйгээр Нурбектэй хамт Тэнгис кинотеатрын ойролцоо байдаг зочид буудалд хоносон, тэгэхдээ Нурбектэй бэлгийн харьцаанд орсон юм. Тэгээд Нурбект жирэмсэн болсон талаараа хэлэхэд "би наад хүүхдийг чинь хүлээн авч чадахгүй, би найз охинтой чи ч гэсэн найз залуутай, наад хүүхдээ аборт хийлгэж авахуул гэж надад хэлсэн. Би энэ үед найз залуутай байсан ба манай найз залууг Б гэдэг. Бид хоёр 2014 оны 8 сараас хойш үерхэж эхэлсэн. Тэгээд энэ үед аборт хийлгэх гээд 4 дүгээр хороололд эмэгтэйчүүдийн хувийн эмнэлэгт очиход "манай эмнэлэг томорчихсон ургийг үр хөндүүлэх боломжгүй" гэж хэлээд 13 дугаар хороололд байдаг эмнэлэг зааж өгсөн тэр эмнэлэгт нь очиход 450 000 төгрөгөөр хийнэ гэж хэлсэн. Миний мөнгө хүрээгүй ба тухайн үед Баян-Өлгий явах гэж байсан учир шууд яваад өгсөн. Тэгээд 2016 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр  Улаанбаатар хотод ирээд, ажил хийгээд найз залуу Б-ын хамтаар түрээсийн байранд амьдарч байсан. 2016 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 3 дугаар төрөхөд хэвтээд 2800 грамм, хүүтэй болсон. Хүүхэд эрүүл, гүйцэт төрөлт гэсэн. 2016 оны 8 дугаар сарын 16-ны өглөө 12 цагийн үед эмнэлгээс гарсан. Би эмнэлэг гарахдаа такси дуудаад таксины жолоочоор хүүхдийн өлгий авахуулаад тэгээд гараад Циркийн зүүн талын сургуулийн хажууд хүргүүлж буусан. Тэгээд Нарны замын наад талд буугаад тэнд байсан ягаан, шартай 5 давхар байрны үүдэнд зогсож байгаад тэр байр руу ороод 2 давхарт зүүн талын хоёр хаалганы дунд нь хүүхдээ тавиад гараад явсан. Манай найз залуугийн хүүхэд биш эцэггүй хүүхэд учраас хүүхдээ төрүүлчихээд хаашаа ч явахаа мэдэхгүй байж байгаад хаясан...” гэж мэдүүлжээ.

Хүүхдийг сайхан сэтгэлт хүмүүс олж цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр  хүү эрүүл, эсэн мэнд өдгөө аав ээжтэйгээ торниж байгаа. Хүүг ээжийнх нь найз залуу өөрийнхөө нэрээр овоглож өдгөө хамт амьдарч байгаа аж.  Хүүг өөрөөрөө овоглож, хамт амьдарч байгаа  Л.Б “… Бид хоёр 2014 онд танилцаж тэр үеэс хойш үерхсэн. 2016 оны 04 дүгээр сараас хойш одоог хүртэл нэг гэрт хамтран амьдарч байгаа. Одоо эхнэр, нөхөр гэж хэлэхэд болно. Би хамт амьдарч байхдаа жирэмсэн гэдгийг нь ерөөсөө мэдээгүй. Б.Лашингийн гэдэс нь тийм жирэмсэн гэж мэдэгдэхээр том харагддаггүй байсан бага зэрэг мяраалсан юм шиг л харагддаг байсан би анзаараагүй...би Б.Лашингийн хүүхэдтэй болж төрснийг мэдээд түүний хүүхдийг өөрийнхөө нэрээр овоглож өөрийнхөө хүүхэд болгон өсгөж байгаа, надад татгалзах зүйл байхгүй. Одоо Лашин, хүү бид 3 хамт амьдарч байгаа, манай хүүхдийн биеийн байдал маш сайн, эрүүл өсч торниж байгаа.” гэсэн юм.

Хүүхдийн буян заяа түшиж сайхан сэтгэлт Б гэх  залуу өнөөдөр хүүг элэг бүтэн өсгөж байна. Хэрвээ Казах бүсгүй анхнаасаа найз залуугаа араар нь тавиагүй байсан бол, гэр бүлийн хүмүүжил сайн, хувь хүний ухамсар сайн байсан бол тухайн үед нэг хүүхдийн амь нас дээсэн дөрөөн дээр ирэхгүй байв.

Жилд 6-8 хүүхэд хаягдаж байгаа.  Тэднийг бүгдийг нь ийм гэрэлтэй буянтай хувь заяа угтах нь эргэлзээтэй.  Тиймээс тохиолдлын бэлгийн харьцаанаас татгалзаж, ухамсартай хариуцлагатай байж, хэн нэгний зугаа цэнгэлийн улмаас хүүхэд хохирох ёсгүйг  хүн бүхэн анхаарна уу.