Хууль сахиулахын их сургуулийн бие бүрэлдэхүүн сар шинийн баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэжээ. Энэ хүрээнд тус сургуулийн Цагдаагийн сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургууль, Ахлагчийн сургуулийн 1000 гаруй сонсогч  хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 2-ныг дуустал Улаанбаатар хотод  нийтийн хэв журам сахиулах, замын хөдөлгөөнд хяналт тавих, замын түгжрэлийг бууруулах, ард иргэдийг амар тайван шинэлэх, гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэх чиглэлээр ажилласан байна.

Мөн энэ өдрүүдэд Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдлын сургуулийн сонсогчид Нийслэлийн зургаан дүүргийн Онцгой байдлын хэлтсүүдэд үүрэг гүйцэтгэн гал түймрийн аюулаас сэргийлэх талаар сурталчилгаа явуулж, Аврах, гал түймэр унтраах ангиудад ажиллажээ.

Цагдаагийн ерөнхий газрын даргын хүсэлтийн дагуу Хууль сахиулахын их сургуулийн захирлын тушаалаар дээрх хугацаанд сонсогчид үүрэг гүйцэтгэснээр  нийтийн хэв журам сахиулах, замын түгжрэлийг бууруулах, иргэдийг амар тайван шинэлэх, гэмт хэргээс сэргийлэхэд тодорхой хувь нэмэр оруулсныг холбогдох байгууллага, иргэд сайшааж эхэллээ. Иймд иргэд Хууль сахиулахын их сургуулийн сонсогчдыг үүргээ маш сайн биелүүлснийг онцолж, цахим хуудсаар болон өөрийн биеэр Их сургуулийн удирдлага, багш, албан хаагчдад талархлаа илэрхийлсээр байгаа аж.