УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнд Ардчилсан нам ялалт байгуулж, Засаг жолоодох эрхийг гартаа авсан билээ. Тэд хамтрагчаараа МАН-ыг бус МАХН-ыг сонгосон юм.

УИХ-д олонхи болсон Ардчилсан намын суудал дангаар Засаг байгуулах хэмжээнд хүрээгүй учраас  МАН юм уу МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтрач Засгийн газар байгуулах сонголтуудтай нүүр тулгарч байв. Олонхи иргэд Ардчилсан намыг МАН-тай хамтрана гэж таамаглаж байсан ч АН-ын дарга Н.Алтанхуяг МАХН-МҮАН-ын” Шударга ёс” эвсэлтэй хамтрах шийдэлд хүрч 2012 оны найдугаар сарын 17-нд “Шинэчлэлийн” хэмээх Засгийн газрыг байгуулсан билээ. Тухайн үед “Шударга ёс” эвслээс Ч.Улаан, Н.Батцэрэг  нар хэвлэлийн хурал хийж товчхондоо Засгийн газарт орж ажиллах сонирхлоо илэрхийлж байв. Хэвлэлийн хурлын үеэр “Санаачлагатай, ирээдүйгээ харсан, олон нийтийн эрх ашигт нийцсэн улстөрийн нам, эвсэлтэй манай нам хамтран ажиллахад бэлэн” хэмээн мэдэгдсэн юм.  Гэхдээ Ардчилсан намын мөнхийн дайсан МАХН-ын дарга Н.Энхбаяр тухайн үед авлигын хэргээр төмөр торны цаана хоригдож байлаа.  Энэ үед Ардчилсан нам  Н.Энхбаярыг урин дуудахад тохиромжгүй байсан ч Н.Алтанхуяг “Шударга ёс эвсэл”-д дөрвөн сайдын суудал өгч “Шинэчлэлийн” Засгийн газрыг байгуулсан түүхтэй. Тодруулбал, Шадар сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Эрчим хүчний сайд М.Сономпил нар Засгийн газрын гишүүд болсон юм. Бялуу хуваах маягаар 16 яамнаас бүрдсэн Засгийн газар байгуулагдаад жил гаруйн хугацаанд Монгол Улсын  2013 оны болоод 2014 оны төсвийг УИХ-аар батлуулав. Тэгвэл Монгол Улсын 2014 төсөв гэдэг амтат бялуунаас “Шударга ёс” эвслийн сайд нар хэрхэн хүртэв.   

  Сангийн сайд Ч.Улаан Монгол Улсын 2014 оны төсвөөс нэг их наяд 963 тэрбум 454,9 сая төгрөгийг хүртсэнээрээ хамгийн баян сайд болоод буй. Тэрбээр туршлагатай, мэргэжилтэй, боловсролтой шилдэг парламентч. УИХ-ын гишүүнээр дөрөв дэх удаагаа сонгогдон ажиллаж байгаа. Тэрбээр 1992-1996 онд Засгийн газрын гишүүн, сайд, Үндэсний хөгжлийн газрын дарга, 1996-2000 онд УИХ-ын гишүүн, 2000-2004 УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Санхүү, эдийн засгийн сайд, ажиллаж байсан. Түүний карьерийн ихэнх хугацаа гүйцэтгэх засаглалтай салшгүй холбоотой. Өөрөөр хэлбэл, тэрбээр төр түшилцэж, гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж сурсан нэгэн. Тэр өөрийгөө үргэлж Сангийн сайд байх ёстой гэж үздэг юм байна гэх хандлагыг ард түмэнд төрүүлж байв. Тодруулбал, өмнөх Засгийн үед Ардчилсан нам хамтарсан засгаас гарахаа мэдэгдсэний дараа эрхэм гишүүн “Би бол дараагийн Сангийн сайд” гэх маягтай юм хэлж байсан. Бараг л надаас өөр энэ албыг хаших хүн байхгүй гэсэн юм билээ. Харьцангуй туршлагатай, мундаг гэгдэх улстөрчийн хувьд энэ нь тийм ч оновчтой алхам байж чадаагүй. УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан нь тус салбарт гарч ирсэнээр Сангийн яамны байдал арай дээрдсэн гэж үздэг хүмүүс байхад улам ч дордсон гэж үздэг хүмүүс ч их бий. Мөн саяхан намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшингээ алдаад амжаагүй. Тэрбээр “Шинэчлэлийн” Засгийн газарт орсоноосоо хойш нэг л гавьяа байгуулсан. Дэлхийн зах зээл дээрээс Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяртай хамтарч 1,5 тэрбум ам.доллар босгосон нь Монгол Улсын эдийн засагт эерэгээс туссан ч нөгөө талдаа шүүмжлэл дагуулаад байгаа юм. 

Шадар сайд Д.Тэрбишдагва 121 тэрбум 945 сая төгрөгийг хүртэхээр болов. Ойрын өдрүүдэд улс төрчдийн хэрэглэж буй хамгийн топ үгээр “Авлигажсан төсөв” гэдэг үг тодроод буй. Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2013 оны төсвийг авлигажсан төсөв гэдгийг зарласан бол шадар сайд Д.Тэрбишдагва энэ төсвийн 10 хувь нь авлигаар шийдэгдсэн төсөв байсан хэмээн мэдэгдээд байгаа. Шадар сайд Д.Тэрбишдагва бол МАХН-ын энэ жагсаалтын хамгийн эхэнд эрэмбэлэгдэх хүн. Тэрбээр намын дарга Н.Энхбаярт хамгийн их санаа тавьдаг нэгэн. Анх Н.Энхбаярыг баривчлагдахад газар дээр нь очиж үгээ хэлж байсан, дараа нь “Урвагч” гэж цоллуулан байж МАХН-д орсон. Хэрэв Н.Энхбаярыг баривчилсны дараа МАХН-д Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар ороогүй байсан бол энэ нам өдий зэрэгтэй явна гэдэг хэцүү. Тиймээс Д.Тэрбишдагвыг хэцүү цагт шалгарсан сайн “Нөхөр” гэж үздэг хүн МАХН-ын гишүүд, дэмжигчид дунд бий.  Түүнийг Шадар сайд болсноос хойш ОБЕГ-т мэргэжлийн бус хүмүүс томилсон хэмээн үзэж, АТГ-т шалгуулах хүсэлтийг нэгэн иргэн гаргасан. Түүнчлэн Д.Тэрбишдагва нь олон жил өөрийн туслахаар нь ажилласан Т.Дуламдоржийг ОБЕГ-ын даргаар томилж улмаар онцгой байдлын хурандаа цол олгосон. 
 Мөн ОБЕГ-ын бүтэц орон тоог батлахдаа ОБЕГ-ын даргын зөвлөлийн орон тоог бий болгож, тэрхүү албан тушаалд өөрийн төрсөн ах Д.Пүрэвдаавууг томилсон нь хэмээн үзээд байсан юм. Одоогоор эл үйл явдал намжмал байдалтай байна. 

Эрүүл мэндийн сайд  Н.Удвал Монгол Улсын 2014 оны төсвөөс 136 тэрбум 660.2 сая төгрөгийг хүртэхээр болсон байна. Сүүлийн үед эрүүл мэндийн салбартай холбоотой таагүй мэдээлэл цаг минут тутамд гарч байна. Н.Удвал сайд улс төржсөн томилгоо хийж, салбарынхаа нэр хүндийг унагасан хэмээн үзэх хүмүүс олон байна. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирлаас болж эмч нар ажлаа хаяснаас хүний амь эрсдсэн тохиолдол  ч бий. Яаж ч шахаад ажлаа хийж чадахгүй байгаа учраас Н.Удвалыг ажлаас нь чөлөөлөх тухай ч яригдаж байлаа.  Гэвч тэрбээр огцорохгүй нь тодорхой болсон. Түүний өнгөрсөн хугацаанд хийсэн гавьяа бол МАХН-аас 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн анхны эмэгтэй болсон явдал байлаа. Тэрбээр Ардчилсан намаас нэр дэвшсэн Ц.Элбэгдоржид ялагдсан юм. 

  Эрчим хүчний сайд М.Сономпил 225 тэрбум төгрөгийг төсвөөс хүртэнэ. Тэрбээр Н.Алтанхуягийн Засгийн газрын хамгийн хэлгүй сайд. Байгаа, байхгүй нь үл мэдэгдэнэ. Уг нь эрчим хүчний салбарын нөхцөл байдал хүндхэн байгаа. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нэг өдрийн эрчим хүчний нийт хэрэглээ 571 мянган киловатт аж. Өвлийн оргил ачааллын үед хэрэглээ огцом буюу гурав дахин өсч 1.5 сая киловатт болдог байна. Энэ өвлийн тухайд асар их алдагдалд орж болзошгүй болоод байгаа талаар албаныхан хэлж буй. Тэрбээр саяхны Засгийн газрын хуралдаан дээр Эрчим хүчний салбарыг бүхэлд нь шинэчлэхийн тулд 10 тэрбум ам.доллар шаардлагатай байгаа тухай ярьж Ерөнхий сайд Н.Алтанхуягийн нүдийг орой дээр нь гаргасан гэж байгаа. 

 

У.САРАНГЭРЭЛ