Н.Алтанхуягын Засгийн газрын алдаатай бодлогыг сэтгүүлчид хэлдэг, ярьдаг, бичдэг. Тэгвэл энэ удаад  Засгийн газрын бурууг  Монгол улсын Ерөнхийлөгч маань  олон нийтэд шууд зарлав.  

Тодруулбал  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлснээр, “Манай засагт хоёр юм буруу байгаа. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн давхар байгаа нь буруу байна. Хоёрт нь, зээлд дуртай байгаа нь буруу байна.  Нэг жил гаруйн хугацаанд бид 2.5 их наяд төгрөгийн хохиролтой амьдарчээ. Улсын төсвийн орлого 1.5 их наяд төгрөгөөр тасрахаар байна. Хүний хөгжил сандаа бид нэг их наяд төгрөгийн өртэй. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх өр 8.4 их наяд буюу 49.5 хувьд хүрчихсэн” гэдгийг  илтгэлдээ хэлэв.  

Үүнээс гадна төрийн бүтэц хэтэрхий данхайж байгааг  тэрбээр  ихэд шүүмжилсэн юм.   Тодруулбал Монгол Улсад 162,700 төрийн албан хаагч бий.  Үүний хоёр мянга нь улс төрийн албан тушаалтан,  14,000 орчим нь төрийн захиргаа, 100 мянга орчим нь төрийн үйлчилгээнд хамаарагддаг байна. Үлдсэн хувь нь төрийн тусгайд ордог. Гэтэл энэ 16 мянгын 4350  нь дарга ажээ.  Тэгвэл дарга нарын урсгал зардал  эгэл жирийн  та бидний хэдэн сарын цалинг нийлүүлсэнтэй тэнцэхээр байна.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн тооцоолсноор нэг дарга дунджаар сард 3 сая төгрөгийг урсгал зардалдаа төсөвлүүлдэг байна.  Тэгэхээр  4350 дарга ганцхан сард 13 тэрбум 50 төгрөг хэрэглээндээ зарлагаддаг бөгөөд энэ мөнгө нь эгэлд жирийн татвар төлөгч та бидний мөнгө гэдгийг бодоод үзээрэй.

Уг нь дарга нар та бидэн шиг цалингаас цалингийн хооронд амьдардаг улс биш.  Тэд урсгал зардлынхаа зарим хэсгийг төр түмнийхээ төлөө гэж хэлээд өөрөөсөө гаргаад бусдад үлгэр дуурайлал болбол олон хүн баярлах биз.

Ерөнхийлөгч нь үг хэлээд, шүүмжилж байхад энэ засгийн газар хүлээж аваад ажил хэрэг болгоно биз.  Шүүмжлэлийг хүлээн авч, төсвийн мөнгөө хэмнэх  үлгэр жишээг өөрөөрөө эхлүүлээрэй  Ерөнхий сайдаа

А.Баярмаа