Төлөөллийн ардчиллаас иргэдийн оролцоо руу
2017/03/26
Ч.ҮЛ-ОЛДОХ
Манай улс олонхийн ардчиллаас төлөөллийн ардчилал руу шилжиж буйг судлаачид хэдхэн жилийн өмнө тэмдэглэж байв. Тухайлбал, “...Ардчилал хөгжсөн орнуудад парламентынн сонгуульд зүүний болон барууны үзэл баримтлалтай хоёр голлох улс төрийн хүчнээс аль нэг нь давамгайлсан ялалт байгуулж, ялсан нь дангаар Засгийн эрх барьдаг “мажоритар” сонгуулийн уламжлал улам бүр холдсоор байна. Нийгэмд олон урьгалч үзэл, сонирхлын бүлэг, клубүүдийн үүрэг, оролцоо идэвхжиж, түүний хэрээр төрөл бүрийн үзэл баримтлал, бодлого санал болгосон улс төрийн намууд сонгуульд оролцож, сонгогчид хоёроос дээш тооны намд итгэл хүлээлгэн сонголт хийх болжээ. Ингэснээр нийгэм дэх олонх, цөөнхийн сонирхлын бүлгүүдийн тусгалыг төрийн эрх барих түвшинд төлөөлүүлэх, олонхийн хүчинд дулдуйдсан шийдвэр гаргалтаас олноороо зөвшилцөн шийдэлд хүрдэг ардчилсан засаглалын хэлбэрийг төлөвшүүлэх хандлага давамгайлж байна” гэдгийг судлаач И.Цэрэн бичсэн нь бий.
Үнэндээ манай улсад 2002 оноос хойш явагдсан нийт зургаан удаагийн сонгуулийн тав нь мажоритар тогтолцоогоор явагдсан бол тухай бүр нэг нам олонх болж ирсэн жишиг бий. Тухайлбал, 2000 оны сонгуулиар УИХ-ын 76 суудлын 71-ийг МАХН авсан. Гэхдээ тэд нийт сонгогчдын 50,4 хувийн саналыг л авсан. Үлдсэн 49,6 хувийн санал авсан сөрөг хүчинд дөнгөж таван суудал ногдсон байх жишээтэй. Мажоритар тогтолцоонд санал маш ихээр гээгддэгийн нотолгоо нь энэ. 2012 оны УИХ-ын сонгуульд холимог тогтолцоо ашигласнаар аль ч нам олонхийг бүрдүүлээгүй. АН эрх барьсан ч эвслийн Засгийн газар байгуулж ажилласан.Гэвч хувь улстөрчид сонирхлоо илэрхийлэхээс эхлээд намын бүлгүүд, цаашлаад нам дамжсан бүлэглэлүүд эрх ашгаа хэрэгжүүлэхийн төлөө тэмцэж талцах нь ихэссэн. Энэ тохиолдолд зөвшилцөх байдлаар асуудал шийддэг чиглэл рүү хандсан. Харамсалтай нь тийм ч үр дүнтэй байж чадсангүй. Засгийн газар нь тогтвортой биш, сайд огцруулах болохоор л ирц бүрддэг, түүнээс өөр шийдсэн асуудалгүй бүрэн эрхийнхээ хугацааг дуусгасан гэхэд хилсдэхгүй. Шийдвэр гаргах түвшинд эрх мэдлийг атгасан намуудын дотоод тэмцэл, бүлэг, фракцийн талцал нь төрийг муухай харагдуулж байв. Түүний дүн нь 2016 оны сонгуулийн үр дүн. Гэхдээ сонгуулийн тогтолцоо мажоритар болж холимог тогтолцоог сонгосон шинэчлэлээсээ ухарсан. Өнөөдөр нэг нам 65 суудал авч, үнэмлэхүй олонхийг бүрдүүлэн Засгийн газраа байгуулан ажиллаж байна. Нэг намын дарангуйлал, цөөнх болсон улс төрийн хүчний байдал, өөрөөр хэлбэл хүчний харьцаа, эрх мэдэл булаацалдсан тэмцэл, иргэний нийгмийн байгууллагуудын жагсаал, шаардлагууд өнөөдөр төлөөллийн ардчилал болохгүй боллоо гэсэн дохиог өгч эхэллээ. Үүний сонгодог жишээ нь Сүхбаатар аймгийн ИТХ-д нэг нь 16, нөгөө нь 17 суудал авсан хоёр намын “зодоон”, Баянзүрх дүүргийн ИТХ-ын 41 суудлын 22-ыг АН, 19-ыг МАН авсан ч эрх баригч нам нь нөгөө намынхаа зургаан төлөөлөгчийг хүчингүй хэмээн шүүхэд өгч, Засаг даргыг хууль бусаар томилохдоо иргэдийн сонголтыг үл хүндэтгэн нулимс асгаруулагч, газ хэрэглэсэн “дайн” гэж хэлж болно. Сонгуулиас хойш найман сар өнгөрөхөд иргэдийнхээ сонголтыг үл хүндэтгэж, манай нам ийм, танай нам тийм хэмээн талцаж, зөвшилцөж чадалгүй өнөө хүргэж байгаа нь энэ. Сүхбаатар аймаг л гэхэд төсвөө баталж чадалгүй Цагаан сар гаргасан. Зарим байгууллага цалингаа тавьж чадахгүй, зээлтэй иргэд хөлд намуудын хэрүүлийн хөлд чирэгдэж ирэв. Орон нутгийн өөрөө удирдах ёс ийнхүү намуудын хөлд гишгэгдэв. Аль ч нам нь иргэдээ бодохгүй, зөвхөн “Би, би” хэмээн хашгирч байгаа дээрх хоёр жишээнээс иргэдийн эрх зөрчигдөж, хохирч байгаа нь харагдана. Иргэдийн тэргүүлэгчдийн хурал, Иргэд нийтийн хурлыг тухайн иргэд эрхээ хэрэгжүүлэхийн тулд сонгодог. Тэд иргэдийн төлөөлөл. Тэгвэл нэгэнт намууд зөвшилцөж чадахгүй, иргэдийнхээ сонголтыг хүндэтгэхгүй байгаа энэ нөхцөлд иргэд өөрсдөө оролцож, эрхээ хэрэгжүүлэхээс өөр замгүй. Тухайлбал, Улаанбаатарын утаа, агаарын бохирдлын эсрэг саяхныг хүртэл ТББ, байгаль орчныг хамгаалах төрийн байгууллагууд л жагсч, тэмцдэг, төр, засаг болон холбогдох байгууллагуудад шаардлага хүргүүлж тэмцдэг байв. Энэ жилээс аав, ээжүүд нэгдэн үр хүүхдийнхээ ирээдүй, гэр бүлийнхээ эрүүл мэндийн төлөө жагсаал, цуглаан зохион байгуулж, Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлж байна. Шийдвэрлүүлэхийн төлөө тэмцэж байна. Нэгэнт сонгосон төлөөлөл нь намынхаа эрх ашгаар хуваагдаж иргэдийн эрхийг орхигдуулж байгаа бол Сүхбаатар аймгийн иргэд, Баянзүрх дүүргийнхэн өөрсдөө оролцож, эрхээ хэрэгжүүлж шийдвэр гаргах эрхтэй. Төлөөллийн ардчилал мухардаж, гарах гарцгүй болсон өнөөгийн тогтолцоо өнөөдөр иргэдийн оролцоог ийнхүү нэхэж байна. Намд үйлчилдэг төлөөллийн ардчиллаас иргэдийн оролцоо руу шилжье.
Зочин · 2017/03/26
АН- ялагдахаар л өөр тогтолцоо сонгох ёстой юмуу гэдэгт хариу өгөөч мөн оффишор гэж орилоод байгаа БАТЧУЛУУН гээч эрхэм таны яриад байгаа зөв гэхдээ та АН үзх-гийн гишүүн намаа төр барьж байхад энэ ОФФ асуудлаа яагаад тавиагүй вэ танай намд ОФФ бүсэд данстай олон хүн бий ЖИШЭЭ нь БАТҮҮЛ найздаа шаардлага тавьж үзсэн үү АН эдийн засгийг унагаж хаячихаад ЗОРИУД ЭМХ ЗАМБАРААГҮЙ БАЙДАЛ үүсгэхгээд байгаан бишүү ЭРХЭМ СЭТГҮҮЛЧИД ЭРХ МЭДЭЛТНҮҮДЭЭ ХАРИУ ӨГӨӨЧ