Хоёр жил дамнан яригдсан Олон улсын валютын сантай хийсэн Монгол Улсын Засгийн газрын хэлэлцээр өнгөрсөн хоёрдугаар сард урьдчилсан байдлаар эцэслэгдсэн. Улмаар манай улс Олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд 440 орчим сая ам.долларын зээлийн шугам нээгдэх учиртай. Мөн 36 сарын хугацаанд хэрэгжих энэхүү хөтөлбөрийн хүрээнд нийт 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт татах боломж бүрдэж байгаа юм. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк болон донор орнууд гурван тэрбум хүртэл ам.долларын төсвийн болон төслийн дэмжлэг үзүүлэхээ урьдчилсан байдлаар илэрхийлээд буй. Үүнээс гадна хөрш орнууд ч Монгол Улсыг эдийн засгийн хямралаас гарахад дэмжлэг үзүүлэхээр болсноо дуулгасан юм.
 
Засгийн газрын ОУВС-тай хийсэн хэлэлцээрийн дараа олон улсын санхүүгийн зах зээл дээрх Монголын нэр хүнд аажмаар өсөж буй. Тодруулбал, Монголоор овоглосон олон улсын санхүүгийн зах зээл дэх бондын ханш өссөн. Сангийн яам, ОУВС-гийн мэдэгдлийн дараа Монгол Улсын Засгийн газрын 10 жилийн хугацаатай “Чингис” бондын ханш ганцхан өдрийн дотор таван хувиар өссөн. Сүүлийн үеийн байдлаар 89 нэгжийг шүргэж байсан энэ үнэт цаас 93 нэгжийг давсан юм. Огцом өсөлт үзүүлсэн нь зөвхөн энэ биш. Мөн 96.8 нэгж байсан Монгол Улсын Засгийн газрын таван жилийн хугацаатай “Чингис” бондын ханш 1.9 хувиар өсөж, 100 нэгжид хүрсэн. Ингэснээр хөгжиж буй орнуудын бондын өсөлтийг Монголын бондууд хошуучилсныг “Reuters” ч уламжлаад авсан. Хөрөнгө оруулагчид Монголыг алга ташин хүлээн авсан нь энэ. 
 
Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газрын гадаад зах зээлд шинээр гаргасан "Хуралдай" бондын хоёрдогч зах зээлд дуудагдах үнэ өсөж, 108 ам.долларт хүрч тогтсон. Өөрөөр хэлбэл, шинэ гаргасан “Хуралдай” бонд хөрөнгө оруулагчдын сонирхлыг богино хугацаанд татсан. Энэ бол Хөгжлийн банкны хугацаа нь дуусаж байгаа евро бондыг эзэмшигчдэд шинэ бондыг солих санал тавьж, нийт 600 сая ам.долларын хэмжээтэй, нэг бүр нь 100 ам.долларын нэрлэсэн үнэтэй, 8.75 хувийн хүүтэй, долоон жилийн хугацаатай гаргасан шинэ бонд юм. Хөгжлийн банкны евро бондын нийт хэмжээ 580 сая ам.доллар байсан бөгөөд үүнээс 82 хувь буюу 476 сая ам.долларын хэмжээтэй бонд эзэмшигчид Монгол Улсын Засгийн газрын шинэ бондоор солих саналыг хүлээн зөвшөөрч бодит ажил хэрэг болгосон. Товчхондоо, евро бондын төлбөрийг шинэ бондоор солих замаар хойшлуулах хэлцэл ийнхүү амжилттай болж хэрэгжсэн. Ингэснээр богино хугацаанд төлбөрийн тэнцэлд ирэх дарамтыг бууруулна гэж эдийн засагчид харж байгаа. 
 
Ийнхүү олон улсын санхүүгийн зах зээл дээр Монгол Улсын нэр хүнд өсөж, гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол Монголыг чиглэж эхлэв. Түүнчлэн төгрөгтэй харьцах ам.долларын ханш өдөр ирэх тутам уруудаж байгаа зэргээр эдийн засагт эерэг дохио ирсээр байна. 
Тэгвэл эдийн засаг дахь эерэг дохиог УИХ-ын дарга М.Энхболдын Япон Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр тус улсаас 850 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл олгохоор болсон мэдээ үргэлжлүүлж байна. Энэхүү хөнгөлөлттэй зээлийг 30 жилийн хугацаатай, нэг хувийн хүүтэй олгох бөгөөд зээлийн хүүгийн төлбөрийг эхний 7-8 жилд чөлөөлөх асуудлыг ч талууд ярилцжээ. Харин зээлийг юунд зарцуулах талаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа “Засгийн газар энэ мөнгийг эхний ээлжинд төсвийн алдагдлыг санхүүжүүлэх, Монгол Улсыг өрийн дарамтаас сэргийлэх зорилгод зарцуулна. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд Монголын эдийн засагт үр дагавар гарна гэдгийг бид тооцоолж байгаа. Одоогийн бидний тооцоолсноор эдийн засгийн өсөлт 6-8 хувьтай болох, валютын нөөц дөрөв орчим тэрбум ам.доллар хүрэх, инфляци дундаж түвшинд зургаа орчим хувьд хэлбэлзэнэ гэсэн таамаг бий. Макро эдийн засгийн тэнцвэр маш сайн хангагдах боломжтой. Үүний дүнд цаашид урт хугацааны өсөлт гарах, иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж байгаа энэ бүх тогтворгүй байдал алга болно гэж үзэж байна. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын олон эргэлзээг тайлах чухал санхүүжилт нь Япон Улсаас олгож буй 850 сая ам.доллар. Япон Улсаас эл санхүүжилтийг олгохдоо ямар нэг тодорхой зүйлд зарцуул гэсэн шаардлага тавиагүй, зөвхөн эдийн засгийн шилжилтийг санхүүжүүлэхэд зориулан олгож байгааг тодотгоё. Тиймээс Монгол Улсын Засгийн газарт боломж, сонголт байна. Хамгийн гол нь макро эдийн засгийг сэргээхэд санхүүжилтийг зарцуулах нь чухал юм” гэлээ. 
 
Товчхондоо, Монгол Улсын Засгийн газрын Олон улсын валютын сантай хийсэн хэлэлцээрийн дүнд анхны донор орон буюу Япон Улс нэн хөнгөлөлттэй зээл олгож, санхүүгийн дэмжлэг үзүүлэх болсноор элэг дөрвөөрөө хэвтсэн Монгол Улсын эдийн засагт гэрэл асах боломж олголоо.  
Дашрамд дурдахад, Ж.Эрдэнэбатын тэргүүлж буй Засгийн газрын халаас Н.Алтанхуягийн Засгийн газартай харьцуулахад тэнгэр, газар шиг хол зөрүүтэй байсан. 2012 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дараа МАН 17.3 хувийн өсөлттэй, 4.1 тэрбум ам.долларын гадаад валютын албан нөөцтэй эдийн засгийг Н.Алтанхуягийн Засгийн газарт хүлээлгэн өгч байсан бол дөрвөн жилийн дараа энэ тоо уруудаж, 1.3 хувийн өсөлттэй эдийн засаг, -429 сая ам.долларын нөөцийг хүлээж авсан. Үүнээс гадна Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ 23.5 тэрбум ам.доллар буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 210 хувийг давсан гэх эдийн засгийн тааруу үзүүлэлт ч дагалдсан гэдгийг монголчууд мартах ёсгүй.
 
Б.Тэмүүлэн