Засгийн газрын даалгавар ба УИХ-ын чуулган
2017/04/06
-Засгийн газар юутай ч парламентад хэлэх үгтэй, хийсэн ажилтай хаврын чуулганыг угтлаа. Зээлийг хойшлуулж, төгрөгийн ханшийг тогворжуулж, “Чалько”-д тавьсан өрийг барагдуулж, төсөв, татварын орлогыг эдийн засгийн хүндрэлтэй үед чамгүй өндөр хувиар бүрдүүлжээ. Харин одоо УИХ-ын дэмжлэг, харилцан зөвшилцөл, ойлголцол ажил, асуудлыг урагш ахиулахад онцгой үүрэгтэй-
МАН-ын олонх бүхий ээлжит парламент анхны хаврын чуулганы хуралдаанаа өчигдөр эхлүүллээ. Өнгөрсөн хаврын өдийд сонгуулийн бэлтгэлээ базааж явсан бол энэ удаад тэд эхнийхээ сорилттой нүүр тулж буй. Сорилт гэхийн учир нь парламент Засгийн газар, ОУВС-гийн хамтран хэрэгжүүлэх Санхүүжилтийн өргөтгөсөн хөтөлбөрийн “үндсэн нөхцөл” болох татвар нэмэх, төсөв хумих, төсөв танах даалгаврыг энэ хаврын чуулганаар хэлэлцэх үүргийг хүлээгээд байгаа юм. Гэвч эдгээр нөхцөл, болзлууд бизнес эрхлэгч, татвар төлөгч, иргэдийн эрх ашгийг тодорхой хэмжээнд хөндөж буй учраас эсэргүүцэл, шүүмжлэлийг дагуулж буй нь УИХ-ын гишүүдийн хувьд халуун гал дундуур харайх сорилт гэсэн үг.
Хатуу болзолтой хөтөлбөр, төсвийн тодотголыг хамтад нь УИХ-д өргөн бариад хариу нь гарахыг хүлээж суугаа Засгийн газар харин ч хоёр чуулганы хооронд хангалттай сайн ажиллаж, “гэрийн даалгавраа” гайгүй гүйцэтгэсэн гэх үнэлгээг УИХ-ын дарга, улсын Ерөнхийлөгч хоёроос хүртэх шиг боллоо. Хаврын чуулганы нээлт дээр /2017.04.05/ УИХ-ын дарга бөгөөд эрх баригч намын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ “УИХ-ын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газар тууштай ажиллаж, зохих арга хэмжээ авснаар санхүү-эдийн засгийн эерэг өөрчлөлтүүд гарч байна. Тухайлбал, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2017 оны эхний 2 сарын гүйцэтгэлээр өмнөх оны мөн үеэс 36 хувиар буюу 254.5 тэрбум төгрөгөөр өсч, орлогын төлөвлөгөө 100 хувь биеллээ. Татварын орлого 10.3 тэрбум төгрөгөөр давж биеллээ. 2017 оны эхний 2 сарын гүйцэтгэлээр төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулсан төсөв 154.4 тэрбум төгрөгөөр хэмнэгджээ. Гадаад худалдааны тэнцэл ашигтай гарч, ам.долларын ханш тогтворжиж байна. Монгол Улсын Засгийн газар төлбөр төлөх хугацаа нь болоод байсан Монгол Улсын Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондын төлбөрийг хөрвүүлж, “Хуралдай” бондыг олон улсын хөрөнгийн зах зээлд амжилттай арилжааллаа. Энэ үеэр олон улсын санхүүгийн зах зээлийн хөрөнгө оруулагчид 3.3 тэрбум ам.долларын бонд худалдаж авахад бэлэн байгаагаа илэрхийлсэн нь хэдхэн сарын өмнө зээл авч чадахгүйдээ тулаад байсан Монгол Улсад итгэх хөрөнгө оруулагчдын итгэл эргэн сэргэсний нотолгоо боллоо” хэмээн онцолсон юм. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганы индрээс "Эдийн засгийн, санхүүгийн асуудалд энэ Засгийн газар онцгой анхаарч байгаа. Энд би зарим нааштай ахиц дэвшил гарна гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ. Түүнчлэн тэрбээр “Мөнгө, бизнес сонирхож байгаа бол төрөөс холд” гэж саяхан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлсэн. Хэлээд энэ байдал засагдахгүй. Төрийн төмөр нүүр, хуулийн нударгаар л энэ “алтан гинж”-ийг таслахаас өөр аргагүй” хэмээн хэлсэн нь энэ зарчмыг дэмжиж буйгаа илэрхийлсэн хэрэг биз ээ.
МАН-ын Засгийн газар юутай ч парламентад хэлэх үгтэй, хийсэн ажилтай хаврын чуулганыг угтлаа. Зээлийг хойшлуулж, төгрөгийн ханшийг тогворжуулж, “Чалько”-д тавьсан өрийг барагдуулж, төсөв, татварын орлогыг эдийн засгийн хүндрэлтэй үед чамгүй өндөр хувиар бүрдүүлжээ. Хэдий ардчилсан төрд ч хааяа ташуур хэрэгтэй гэдгийг хаа, хаанаа ойлгож, хүндрэл бэрхшээл тоочилгүй хэрдээ хичээсэн нь харагдаж байх шиг. Харин одоо УИХ-ын дэмжлэг, харилцан зөвшилцөл, ойлголцол ажил, асуудлыг урагш ахиулахад онцгой үүрэгтэй.
Засгийн газрын зүгээс ОУВС-тай тохиролцсон нөхцөл хүндхэн сонсогдож байгаа, тэрчлэн эрх баригч, их хурлын гишүүдийн хувьд сонсогчдод өгсөн амлалт бий нь үнэн. Нөхцөл байдлыг бодитой үнэлж, эрх ашгийг эрэмбэлж баймааж эцсийн шийдлүүдийг УИХ-аас гаргах нь тодорхой. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэж бий. Нийлж суугаад хэлэлцэж, ярилцсан ямар ч асуудал өмнөхөөс илүү дээр шийдэл, санааг тунгаадаг зүй тогтолтой. Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж буй ч сонгуульд зориулсан популизмыг хойш тавина гэдгийг ч УИХ-ын дарга М.Энхболд чуулганы индрээс хэлэв. Энэ нь хаврын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх ёстой асуудлууд дээр, тухайлбал, төсөв, татвартай холбоотой асуудлаар “олонх цөөнх гэж хуваагдалгүй, оноо очков авах гэлгүйгээр, иргэдийн амьжиргаанд сөрөг нөлөө багатайгаар шийдэх чиглэлийг баримтлах нь зүйтэй” гэж хэлснээс нь анзаарагдах биз ээ.
Мөн УИХ-ын даргын хэлсэн үгэнд төсвийн тодотгол, таналт, татварын бодлогоос гадна төлөвлөж буй аж ахуйн ажлууд ч дурдагдсан юм. Тухайлбал, “..Царигийн хэмжээ, цацсан хөрөнгө тойрсон ярианаас цаашгүй байгаа төмөр замын талаар оновчтой шийдвэр, бодит үр дүн гаргах цаг болсон. Энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай” УИХ-ын тогтоол энэ ажлыг зөв замд нь нэг мөр чиглүүлэх гол хөшүүрэг болох учиртай. Энэ онд 1200 гаруй км төмөр зам барих төслийн ажлыг эхлүүлж, 1400 гаруй км хатуу хучилттай зам, 640 уртааш метр төмөр бетон гүүрийн төсөл үргэлжлэн хэрэгжих ёстой. 430 км авто замын барилга, их засварын ажлыг шинээр эхлүүлнэ, цахилгаан, дулаан хангамж, эрчим хүчний салбарт хэд хэдэн томоохон төслийг эхлүүлж, барьж байгуулна гэж төлөвлөсөн. Эдгээр болон бусад бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй эхлүүлмээр байна. 2017 оны эхний 3 сард зарлах ёстой 3030 тендерээс 753-ыг зарласан буюу төлөвлөсөн ажил 25 хувийн гүйцэтгэлтэй байна” гэж мэдээллээ.
Энд нэг зүйлийг онцлоход Монгол Улсын Ерөннхийлөгч Ц.Элбэгдорж, эрх барьж буй намын дарга М.Энхболд, түүнчлэн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарын тус бүр хамгийн сүүлд мэдэгдсэн мэдэгдлүүдэд төрийн албаны хариуцлага, ёс зүй, хуулийн хэрэгжилт зэрэг асуудлууд онцгой байр суурийг эзэлж байна. Энэ бүх залруулах ёстой асуудлуудаар УИХ-ын хаврын чуулган хэд хэдэн хуулийг хэлэлцэн баталж, өнөөдрийг тунхгийн шинжтэй олон асуудлуудад дорвитой алхам хийгдэнэ гэсэн дохиог өгөв бололтой.
МАН ЗҮТГЭНЭ · 2017/04/06
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
zochin · 2017/04/06
utsan huuheldeinuud l bitgii baigaasai da