Ц.Элбэгдорж Вьетнам улсад төрийн айлчлал хийв
2013/11/23
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Чыонг Тан Санг-ийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2013 оны 11 дүгээр сарын 21-24-ний өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНСВУ-ын Ерөнхийлөгч Чыонг Тан Сангтай албан ёсны хэлэлцээ хийж, Үндэсний Ассамблейн дарга Нгуен Синь Хунг, Ерөнхий сайд Нгуен Тан Зунг нарыг хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчид Ерөнхийлөгч агсан Хо Чи Мин-ий бунхан, Вьетнамын дайчдын хөшөөнд цэцэг өргөж, Вьетнам-Монголын ажил хэрэгч хүмүүсийн уулзалтад оролцон, Ханой, Хочимин болон Ба Зиа-Вунг Тау мужийн соёл, эдийн засгийн зарим газруудад зочлов.
Айлчлалын үеэр, хоёр тал дараах баримт бичгүүд, тухайлбал,
1. Гадаад хэргийн яам хооронд хамтран ажиллах тухай Санамж бичиг,
2. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хамтран ажиллах тухай Хэлэлцээр,
3. Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Санамж бичиг
4. Газрын тосны салбарт хамтран ажиллах тухай Санамж бичиг,
5. Радиогийн салбарт хамтран ажиллах тухай Санамж бичигт тус тус гарын үсэг зурав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Вьетнам Улсын Ерөнхийлөгчтэй хийсэн яриа хэлэлцээ болон бусад удирдлагуудтай хийсэн уулзалтууд найрсаг, элэгсэг дотно уур амьсгалд болов. Хоёр тал улс орныхоо дотоод байдлын талаар харилцан мэдээлж, Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцож, цаашид авч хэрэгжүүлэх хамтын ажиллагааны олон арга хэмжээний талаар харилцан тохирч, бүхий л асуудлаар санал нэгдэв.
Ерөнхийлөгч Чыонг Тан Санг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Ц.Элбэгдоржид баяр хүргээд, ах дүү монголын ард түмэн Ерөнхийлөгчийнхөө удирдлагаар эх орноо хөгжүүлэх, ард түмний аж амьдралыг сайжруулах, цаашлаад олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг дээшлүүлэх үйлсэд улам их амжилт олно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улс орноо хөгжүүлж, олон улсын интеграцид нэгдэх “Дой Мой” шинэчлэлийн үйл хэрэгтээ вьетнамын ард түмний олсон ололт амжилтыг өндрөөр үнэлээд цаашид улс нь хүчирхэг, ард иргэд нь баян чинээлэг, нийгмийн эрх тэгш, ардчилсан соёлт орон болох зорилтоо хэрэгжүүлж, орчин үеийн, аж үйлдвэржсэн Вьетнам Улсыг байгуулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Хоёр тал Вьетнам, Монголын уламжлалт, найрсаг харилцаа хөгжин бэхжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд, “Монгол Улс, БНСВУ хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ” -ний үзэл санааны дагуу хоёр орны ард түмний хүсэл эрмэлзэл, эрх ашигт нийцүүлэн дэлхий дахины болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулах зорилгоор энэхүү уламжлалт харилцаагаа цаашид улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа нотлов.
Талууд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн (1954.11.17-2014.11.17) ойн ач холбогдлыг өндрөөр үнэлээд, энэхүү ойг тэмдэглэх нь хоёр орны ард түмний найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэх таатай боломж хэмээн үзэж баяр ёслолын олон арга хэмжээ зохион байгуулахаар санал нэгдэв.
Талууд хоёр орны өндөр, дээд түвшний болон бүх шатны байгууллага хоорондын уулзалт, яриа хэлэлцээ, төлөөлөгчид солилцоог үргэлжлүүлэх, батлан хамгаалах болон аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх ялангуяа, туршлага солилцох, боловсон хүчин бэлтгэх, гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлд өргөжүүлэн хөгжүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Хоёр ард түмний нийтлэг эрх ашгийг хангах, эдийн засаг, худалдааны болон бусад салбарын хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх зорилгоор талууд үйл ажиллагаагаа нягт уялдуулах шаардлагатай байгааг тэмдэглэв. Вьетнам, Монголын зах зээлийн статусыг харилцан хүлээн зөвшөөрсөнд баяр хүргээд, энэ нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах таатай нөхцөл бүрдүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. БНСВУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын комиссын 15 дугаар хуралдаанаас гаргасан эдийн засаг, худалдаа, эрүүл мэнд, соёлын салбарт хамтран ажиллах шийдвэрүүд, юуны өмнө хэрэгжих магадлал бүхий тодорхой тооны хамтын ажиллагааны төслүүдийг үр дүнтэй ажил хэрэг болгож ажиллах нь зүйтэй гэж үзэв. Вьетнамын тал, вьетнамын ажил хэрэгч хүмүүсийг Монгол Улсын зах зээлийн судлагаа хийх, худалдаа, хөрөнгө оруулалтын яриа хэлэлцээ хийхэд таатай боломжийг бүрдүүлэхэд анхаарал тавихыг монголын талд санал болгов. Газрын тос, байгалийн ашигт малтмал олборлох чиглэлээр Вьетнам Улс Монгол Улсад хөрөнгө оруулахад баяртай байгааг монголын тал илэрхийлэв.
Хоёр орны ард түмний харилцан итгэлцэл, ойлголцлыг нэмэгдүүлэх зорилгоор иргэд хоорондын болон соёл, боловсрол, урлагийн солилцоог үргэлжүүлэх, Монголд оршин суугаа вьетнам иргэд, Вьетнамд оршин суугаа монгол иргэдэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, хоёр талын найрамдлын байгууллагууд хоорондын яриа хэлэлцээ, төлөөлөгчид солилцоог дэмжих нь зүйтэй гэдэгт талууд санал нэг байв.
Ерөнхийлөгч Чыонг Тан Санг, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар олон улсын болон бүс нутгийн нөхцөл байдал хурдацтай өөрчлөгдөн өрнөж байгаа өнөө үед хоёр орон НҮБ, ЭҮНХ, ЮНЕСКО, АРФ, ДХБ, АСЕМ зэрэг бүс нутгийн болон олон улсын тавцанд үйл ажиллагаагаа уялдуулан өргөжүүлэх, дэлхий дахины болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хамтын ажиллагааны хөгжилд хувь нэмэр оруулах хэрэгтэй гэдэгт санал нэг байв.
Вьетнам нь Монгол Улсыг АСЕАН-ы улс орнуудтай харилцаагаа өргөжүүлэн бэхжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, АПЕК гишүүнчлэлээ өргөтгөх үеэр Монгол Улс тус байгууллагад элсэх хүсэлт гаргахад дэмжихэд бэлэн байна гэдгээ илэрхийлэв.
Хоёр тал Өмнөд хятадын тэнгисийн бүсийн энхтайван, эрх чөлөө, тогтвортой, аюулгүй байдлыг үргэлжүүлэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглээд, маргаантай асуудлыг 1982 оны Далайн эрх зүйн тухай НҮБ-ын Конвенци (UNCLOS 1982) болон олон улсын хууль тогтоомжид нийцүүлэн, зэвсэг үл хэрэглэх болон зэвсэг хэрэглэхээр сүрдүүлэхээс зайлхийж, энхтайвны арга замаар шийдвэрлэхийг дэмжихээ нотлов.
Хоёр тал Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Вьетнам Улсад хийсэн энэ удаагийн төрийн айлчлал нь Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасныг онцлон тэмдэглэж, өндрөөр үнэлэв.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын төлөөлөгчдийг элэгсэг дотно, ёслол төгөлдөр хүлээн авсанд Ерөнхийлөгч Чыонг Тан Санг, вьетнамын ард түмэнд чин сэтгэлийн талархалаа илэрхийлэв.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСВУ-ын Ерөнхийлөгч Чыонг Тан Санг-ийг, гэргийн хамт тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урив. Ерөнхийлөгч Чыонг Тан Санг урилгыг талархан хүлээн авав. Айлчлалын тодорхой товыг дипломат шугамаар тохирохоор шийдэв.
ЗЭЭЛИЙН САНАЛ БОЛГОЖ ХООРОНД НЬ ТОДОРХОЙ · 2017/02/10
Зочин · 2014/04/13
элбэгээ юу хийж доншуучилж явдаг юм бэ. татвар төлөгчдийн мөнгөөр тоглохоо болмиоор юм