Өнөөдөр С.Зоригийн мэндэлсэн өдөр
2017/04/20
Санжаасүрэнгийн Зориг агсны төрсөн өдөр өнөөдөр бөгөөд тэрбээр энэ өдөр 54 нас хүрэх байсан юм.
Тэрбээр 1998 оны аравдугаар сарын 2-нд таалал төгссөн бөгөөд Монголын Ардчилсан хувьсгалын хөдөлгөөний удирдагчдын нэг, нэрт улстөрч байсан билээ. С.Зориг агсны 55 насны ойн өдрөөр уламжлал ёсоор гэр бүл, найз нөхөд, хамтран зүтгэгчид нь түүний дурсгалыг хүндэтгэж хөшөөнд нь цэцэг өргөх юм.
Тэрбээр Нийслэлийн 23-р дунд сургууль, Москвагийн улсын их сургуулийн филисофийн ангийг төгссөн ба нийслэлийн ХЗЭ-ийн хороонд зааварлагч, МУИС-д багш, 1990 оны намар Парламентийн бүлгэмийн гүйцэтгэх хорооны даргаар сонгогдон ажилласан.
1992-1998 онд УИХ-ын гишүүн, 1998 оноос Дэд бүтцийн сайд, сайдын үүрэг гүйцэтгэгч, "Оюунтүлхүүр" сангийн хүндэт ерөнхийлөгч, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч байсан юм.
Санжаасүрэнгийн Зориг нь 1989 онд Монгол Улсын Их Сургуулийн багш байхдаа ардчилсан хувьсгалд оролцож, лидерийн үүрэг гүйцэтгэсэн билээ. Сүхбаатарын талбай дээр болж байсан цуглаануудад Монголын Ардчилсан Холбооны зохицуулагчийн хувиар байнга үг хэлж, иргэдийг өөрчлөлтөд уриалж байв.
1990 оны 3 сард түүний хүчин санаачилга зүтгэлээр тэр үеийн эрх баригч Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны УТТ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, Монголын түүхэнд шинэ үе эхэлсэн билээ.
1990 оны 6 сард Монголд явагдсан анхны чөлөөт ардчилсан сонгуулиар Улсын Бага Хуралд сонгогдож, дэд ерөнхийлөгчийн албан тушаалд Монголын Ардчилсан Намаас нэр дэвшсэн боловч хөдөөнөөс сонгогдсон депутат олонтой Ардын Их Хурлын депутатууд малчдын амьдралыг мэдэхгүй гэсэн шалтгаанаар хөдөө төрж өссөн Р.Гончигдоржийг сонгож байлаа.
Тэрбээр 1992, 1996 оны сонгуулиар Улсын Их Хуралд сонгогдож, Ардчилсан Холбоо эвслийн хоёр дахь засгийн газар болох Ц.Элбэгдоржийн засгийн газарт Дэд бүтцийн сайдын албыг хашиж байв.
1998 оны 6 сард банкны хямралыг гэтлэхийн тулд улсын өмчийн Сэргээн Босголт Банкийг хувийн Голомт банктай нэгтгэх шийдвэр гаргасан хэмээн сөрөг хүчнийхэн Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д оруулж, Элбэгдоржийн засгийн газар огцорлоо.
Дараагийн ерөнхий сайдаар томилуулахаар эрх баригч Ардчилсан Холбоо эвслээс нэр дэвшүүлсэн хүмүүсийг ерөнхийлөгч Багабанди тухай бүрт нь янз бүрийн шалтгаанаар буцаасаар УИХ хуульд заасан хугацаанд ерөнхий сайдыг томилж чадаагүй юм.
Элбэгдоржийн засгийн газрын гишүүд үүрэг гүйцэтгэгч гэсэн тодотголтойгоор 4 сар ажиллаж байсан тэр үед буюу 1998 оны 10 сарын 2-нд Зоригийг гэрт нь олон удаа хутгалж амь насыг нь бүрэлгэв.
3 хоногийн дараа түүнтэй салах ёс гүйцэтгэхээр 30000 хүн цуглаж, бүх нийтийн гашуудал зарлаж байлаа. Түүнийг эрх баригч эвслийнхэн ерөнхий сайдад нэрийг нь дэвшүүлэхээр ерөнхийлөгчтэй зөвшилцөх гэж байсан гэсэн яриа бий.
Ямартай ч Монголын ард түмэн энэ хэргийг улс төрийн аллага байсан гэдэгт итгэлтэй байдаг. Уг хэрэг нь амьд гэрч (эхнэр Булган) үлдээсэн боловч өдийг хүртэл илрээгүй.
Зоригийн аллагатай холбогдуулж олон хүнийг сэжигтнээр татаж байсан боловч хэн нь ч тус хэрэгт холбоотой нь нотлогдоогүй аж.
Тэрбээр “Би монгол хүний саруул ухаанд итгэдэг” хэмээн хэлсэн төдийгүй улстөрд зүтгэгчдэд зорьж зүтгэх үйлсийг нь эрэмбэлэн хэлж байлаа. Түүний хэлснээр улстөрчид Эхлээд улс орноо, дараа нь намаа, эцэст нь хувиа бодох ёстой.
Гэвч эдүгээ энэ эрэмбийг эсрэгээр нь хэрэгжүүлсээр. Юутай ч С.Зориг агсаны 55 насны төрсөн өдөр тохиож байна.
Түүнийг хөнөөсөн хэргээс хойш 18 жил өнгөрсөн ч түүний нөхдүүд Монголын төр засгийг удирдаж байгаа ч уг аллагыг үйлдсэн хүмүүсээс эхлээд цаад эзэд нь олдоогүй л байна.