Монгол улсын хоёр иргэн Өмнөд Солонгос улсын Чежү арлын цагдаагийн газарт танхайрсан хэргээр энэ оны хоёрдугаар сард саатуулагджээ. Улмаар цагдаагийн хоёр ажилтныг эсэргүүцэн зодолдож, гэмтээсэн байна. Тэгвэл өнөөдөр тус арлын шүүх танхайрсан залуусын хэргийг хэлэлцэж, 4-5 сая вон буюу монгол мөнгөөр 8-10 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан байна. 

Хэргийн талаар тодруулбал, Монгол улсын иргэн, Чежү арлын нэгэн дээд сургуульд суралцдаг 18, 20 настай Ш, Л нар архидан согтуурч, улмаар гудамжинд явсан Солонгос улсын энгийн зургаан иргэний биед халдаж, эд хөрөнгийг нь эвдэлж, хохироосон хэрэг үйлджээ. Энэ хэргийн талаар иргэд дуудлага өгч, цагдаагийн ажилтнууд ирэхэд монгол залуус танхайрч нэгнийх нь хөлний булчинг хазсан байжээ.

БНСУ-ын хууль дагуу тэдэнд ял шийтгэл оноосны дараа эх оронд нь албадан буцаах заалттай аж. Гэхдээ Чежү арлын шүүхээс сурах зорилготой очсон,  цагдаагийн ажилтнууд гомдолгүй гэсэн тул хамгийн хөнгөн ял болох мөнгөн торгууль оногдуулжээ. Ингэснээр тэд сургуульдаа үргэлжлүүлэн сурах боломжтой гэсэн аж.