Д.Амарбаясгалан, Н.Оюун-Эрдэнэ нар хүчингийн хэрэгт холбоотой юу
2013/11/27
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "Мунзуй" хочит Г.Нямдоржтой "дайн" зарласан. "Мунзуй" Г.Нямдорж Г.Номтойбаярын өмнө нь хийж байсан хэргүүдийн талаар хэвлэлд ярилцлага өгөх бүрт Н.Номтойбаяр гишүүн "Би энэ хэргийг хийгээгүй. Тэр намайг гүтгэж байна" хэмээн тайлбар хийж байгаа. Тэгвэл "Мунзуй" Г.Нямдорж хэвлэл мэдээллийн байгууллагуудад барин тавин мэдээлэл өгөхдөө зөвхөн Н.Номтойбаяр гэлтгүй МАН-ын урдаа барьдаг залуучуудыг зарим ноцтой хэрэгт холбоотой гэдгийг дуулгалаа. Тухайлбал тэрээр Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ, Б.Цогтгэрэл, Н.Энхбаатар (У.Хүрэлсүхийн туслах) нар хүчингийн хэрэг үйлдсэн гэх мэдээллийг өгөөд байгаа юм. Энэхүү хүчингийн хэрэг нь Сэлэнгэ аймагт болсон бөгөөд хэргийн талаар тухайн үед буюу 2012 оны УИХ-ын сонгуулиар Н.Номтойбаярын бие хамгаалагч байсан Б.Батзориг олон нийтэд дэлгэж, тухайн үедээ шуугиан тариад авсан.
Гэвч сонгуулийн санал авах өдөр ойртсон тул дүрэлзсэн галыг унтраахын тулд МАН-ын залуучууд нэлээд анхаарал хандуулж, хүчиндүүлсэн гэх гэрийн үйлчлэгч Н.Энхтуяагаар мэдэгдэл хийлгэж байв. Н.Энхтуяа “Би холбогдох байгууллагад мэдэгдэнэ гэж бодож байгаа. Гэхдээ яаж хандахаа мэдэхгүй байна. Надаас уучлалт гуйх байх гэж итгэж байна” гэх зэргээр бөөрөнхийлөөд өнгөрсөн юм. Н.Номтойбаяр ч эрхэм төрийн түшээ гэх гуншинтай болж, юун тэр хүчингийн хэрэг манатай болсон юмдаг. Гэвч хамаг амьдралын туршид хамтад нь байсан гэгдээд байгаа найзтайгаа муудалцаж, улмаар "Мунзуй" хочит Г.Нямдорж өнгөрсөн хугацаанд болсон хар мөрүүдийг ой санамжаасаа сэргээн Н.Номтойбаярын талаар ноцтой баримтуудыг олон нийтэд дэлгээд байгаа юм. Байдал бишдсэнийг мэдсэн эрхэм гишүүн сав л хийвэл хэвлэлийн хурал хийж, биеэ өмөөрч байгаа бол түүнтэй хамт хүчингийн хэрэгт нэр холбогдсон МАН-ын залуус таг дуугүй байсаар л байгаа нь их сонин.
Гал дээр тос нэмнэ гэж айсан уу, эсвэл чимээгүйхэн намжихыг хүлээсэн үү ямартай ч нэрээ цэвэрлэж авна гэж хэн нь ч хуулийн байгууллагат шалгуулах хүсэлт өгсөнгүй. НАМЗХ-ны ерөнхийлөгч асан Л.Оюун-Эрдэнэ АНУ-д номын дуу сонсож байгаа. Харин хотын парламентад шоу менежер хийж буй нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан яагаад дуугүй байгаа юм бол.
Ядаад тэд биш юмаа гэхэд навс унасан намынхаа нэр хүндийг нэмж шавартай нь хутгаж буй эдгээр залуусаа МАН-ынхан шалгуулж, жаахан ч гэсэн нэрээ сэргээмээр юм.
А.Баярмаа