Өчигдөр буюу мягмар гарагт болсон Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд либерал Ардчилсан намаас нэр дэвшигч Мүн Жэ Ин ялан ирэх таван жилд тус улсыг удирдахаар боллоо.

Тус улсын СЕХ өнөөдөр хуралдан сонгуулийн дүнг албан ёсоор зарласны дараа тэрбээр шууд ажилдаа орно.

Нийт саналын хуудасны 80 хувийг тоолсны дараах байдлаар, өдгөө 64 настай Мүн Жэ Ин сонгогчдын 41.1 хувийн буюу 13.4 сая сонгогчийн санал авчээ.

Харин консерватив үзэл баримтлалтай Солонгосын эрх чөлөөний намаас нэр дэвшсэн Хон Жүн Пё 25.5 хувийн санал авсан бол төвч үзэл баримтлалтай Ардын намаас нэр дэвшигч Ан Чол Су 21.4 хувийн санал авсан байна.


Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхтэй 42.4 сая хүнээс 32.8 сая нь энэ удаагийн ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд оролцжээ. Энэ нь сүүлийн 20 жилийн хугацаанд сонгогчдын ирц хамгийн өндөр байсан үзүүлэлт юм.

Авлигатай холбоотой болон эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэх дуулиан шуугиантай холбогдсон Ерөнхийлөгч Пак Гын Хэг Үндсэн хуулийн шүүх энэ оны гуравдугаар сарын 10-нд албан тушаалаас нь огцруулсны дараа ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль хийхээр болсон билээ.

Нийт саналын хуудасны 50 хувийг ч тоолж амжаагүй байхад Мүн Жэ Ин өчигдөр орой ялалтаа зарлан “би шинэ улс орныг бий болгох болно. Би аугаа Солонгос орныг, бахархалт Солонгосыг бий болгох болно. Би бахархам улс орны бахархалт ерөнхийлөгч нь байх болно” гэж хэлжээ.

Өмнөх эрх баригч нам буюу Солонгосын эрх чөлөөний намаас нэр дэвшсэн Хон ялагдлаа хүлээн зөвшөөрөөд “хэрвээ сонгуулийн энэ урьдчилсан дүн үнэн бол би нэр  төр нь унаж, тарж бутарсан намаа эргэн байгуулахын төлөө ажиллах болно” гэжээ.

Нэр дэвшигч Хоны нам өмнө нь “Сэнүри” гэдэг нэртэй байсан юм. Пак Гын Хэ авлигын хэрэгтэй холбогдсонтой холбоотойгоор 33 хууль тогтоогч нь намаасаа гарснаар тус нам хоёр хэсэг болж хуваагдсан билээ.

Харин 21.4 хувийн санал авснаар дэмжигчдийнхээ тоогоор гуравдугаарт орсон, төвч үзэл баримтлалтай Ардын намын Ан Чол Су өчигдөр орой хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “би ард түмний сонголтыг хүндэтгэж байна. БНСУ-ын ирээдүй гэрэлтэй, энэ улс орон ямагт урагшаа тэмүүлж байна гэдэгт би найдаж байна” гэж хэлжээ.

Өмнөх ерөнхийлөгч нараас ялгаатай нь Мүнд төрийн эрхийг шилжүүлэн авах шилжилтийн баг гэж байхгүйгээс гадна тангараг өргөх ёслолд бэлтгэх хангалттай хугацаа байхгүй.

Бяцхан хэмжээний тангараг өргөх ёслолыг Үндэсний Ассамблей буюу парламентын ордонд зохион байгуулах аж. Үндэсний Ассамблейн дарга Чун Си Кюн, Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ян Сун Тэ нар Өмнөд Солонгосын 12 дахь ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг удирдана.

Тус улсын засгийн газрын албан бус эх сурвалжийн мэдээлснээр, одоогийн бүх сайд болон дэд сайд нар огцрох хүсэлт гаргажээ. Шинээр сонгогдсон ерөнхийлөгч болон түүний засаг захиргаанд зай тавьж өгч байгаа нь энэ бололтой.

 

Г.Доржханд

Эх сурвалж: Монцамэ