Сүүлийн хэдэн жил утааны талаар өвөл болохоор л ам уралдан ярьдаг болоод удаж буй. Нэгэнтээ өвлийн цагтай золгосон бид өглөө, оройдоо утаандаа хахан цацан яваа.

Манай улсад утаатай тэмцэхээр Ерөнхийлөгч дэргэдээ авч, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулсан гэдгийг хүн хэнгүй мэдэж байгаа. Үндэсний хэмжээний асуудал учраас санаа зовох нь зөв. Гэхдээ одоо Засгийн газар үгэнд орохгүй байна гэж гомдоллох шаардлага байна уу. Анхнаасаа хариуцсан хүн нь эхэлсэн ажлынхаа үр дүнг үзэхгүй Засгийн газарт өнгө гэдэг нь хэр оновчтой шийдвэр юм бол доо. Утаа улс төрчдийн амбицлах арга хэрэгслийн нэг хэлбэр болсон гээд хэлчихвэл үнэнтэй нэг их хол зөрөхгүй байх.

УИХ-ын гишүүн Су.Батболд “Хэзээ утаагүй болж Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо татан буугдах юм. 16 яам ажиллаж байхад энэ хороо байх шаардлага байна уу. Төрийн албан хаагчийн шалгалт өгөөгүй, татаасаар орсон хийх ажилгүй залуучууд яамдаар дүүрэн байгаа шүү дээ” гэж Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны үеэр шүүмжилж байсан.

Уг шүүмжлэлд Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр "Утаа сүүлийн хоёр жил гарчихсан юм биш. Өнгөрсөн дөрвөн жилд МАН эрх барих үед ч байсан" хэмээн шөргөөлцөлдөж, утааг намын харьяалалтай болгохоо дөхсөн юм.

Ерөнхийлөгч утааны асуудлыг Ерөнхий сайдад шилжүүлэхээр хуулийн төслийг засах болно гэснээс үүдэн утааг хүртэл улс төржүүлээд эхэллээ.

УИХ-ын гишүүн Д.Арвин "Утааны асуудлыг Ерөнхий сайд аваад ч хийхгүй. Өмнө нь С.Батболд даргад бодлогын том бичиг баримт өгөөд юу ч хийгээгүй. Ерөнхий сайд биш УИХ дэргэдээ авах хэрэгтэй. Ард иргэдийн итгэлээр байгуулагдсан байгууллага учраас тэдний төлөө үүнийг хийх ёстой. Бодлогоор хэрэгжүүлэх ёстой болохоос биш ганц сайдын хийдэг ажил биш" хэмээн байр сууриа илэрхийлсэн удааатай.

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар "Ерөнхийлөгч зөв юм санаачлаад тодорхой ажил хийснийхээ дараа энэхүү санаачилгыг хийж байна. Гэхдээ өнөөдрийн хуралдаанд оролцож буй Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны гишүүд хийсэн ажлаа хамгаалж чадахгүй байгаад би гайхаж байна. Үндэсний хороог Ерөнхий сайд руу шилжүүлэхэд хөрөнгө мөнгөний хувьд ямар зардал гарах вэ" гэсэн асуулт тавилаа.

Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах бус нэмэгдүүлэх тал дээр ажиллаж байгаа гэж шүүмжлэх гишүүд ч  байв.

УИХ-ын гишүүн Су.Батболд "Сөүл хотод хийг өргөн хэрэглэснээр утаанаас бүрэн салсан. Гэтэл Засгийн газар хамгийн утаа тортог ихтэй, жирийн зууханд хэрэглэх ёсгүй Багануурын түүхий нүүрсийг хямдаар нийлүүлж байна. Хөдөөнөөс жилд 50-60 мянган айл нүүж ирж байхад бид өнөөдөр 30 мянган зуух тараагаад яах юм" гэв.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар "Багануурын нүүрс ураны хольцтой, үнс ихтэй, хорт бодис хамгийн их ялгаруулдаг. Мөн чанартаа нэг гараараа мөнгө өгөөд, нөгөө гараараа утаагаа нэмэгдүүлээд байх юм" хэмээн ярьсан.

Б.Бат-Эрдэнэ гишүүн "Ерөнхий сайд сүүлийн хоёр жил Багануурын нүүрс, уут ярилаа. Гадаа хүйтрээгүй байхад утаа ямар байна. Гурван ес эхэлж байхад ийм утаатай байдаг. Улаанбаатар утаанаас салж амжаагүй байхад аймгийн төв, томоохон суурин газар нэмэгдэж байгаа шүү" гэсэн сануулгыг өглөө.

Ийнхүү байнгын хороодын гишүүд шүүмжилж байсан хэдий ч агаарын бохирдлыг бууруулах асуудлыг Засгийн газарт шилжүүлэхээр дэмжиж эхлэв. УИХ-ын чуулганаар Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж 68,8 хувиар дэмжлээ. Энэ удаагийн төсөлд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороог Ерөнхийлөгчийн харьяаллаас гаргаж, Засгийн газарт хариуцуулахаар тусгаад байгаа юм. Тус хорооны дарга П.Цагаан "Засгийн газрын тэргүүн хариуцаж аваад аль яамны харьяа, яаж ажиллуулахаа шийдэх байх. Үндэсний хороонд туршлага, чадвартай зургаан хүн ажилладаг. Энэ ажлын алба төсөв, хөрөнгөтэйгээ Засгийн газрын мэдэлд шилжиж очно" гэв.

Харин УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг "Агаарын бохирдлыг бууруулахад зориулсан төсөв батлахад хүндрэлтэй байдаг. Өнгөрсөн жил 30 тэрбумыг төсөвлөсөн бол энэ жил 22 тэрбум болж буурлаа.  Өнөөдөр Улаанбаатар хотоос гадна найман аймаг агаарын бохирдол нь хэтэрсэн гэж зарлаад байгаа. Уг нь энэ асуудалд том мөнгө хаях хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд Мянганы сорилтын сан гэх зэрэг гадны байгууллагууд л манай утаанд санаа тавьж ирлээ. Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхөөр болсон агаарын бохирдлын асуудыг Засгийн газар өөртөө авч, ярих ёстой" гэснээр байнгын хороонд шилжүүлэхээр боллоо.

Ийнхүү монгол улсыг утаанаас салгах асуудал нь улс төрчдийн дундаа шидэлцдэг бичиг цаасны ажил биш л байлтай. Ямартай ч Ерөнхийлөгч утааны асуудлаа дийлэхгүй болсон уу эсвэл Засгийн газар илүү хийж чадахаар харагдсан уу  шилжүүлэг хийгдчихлээ. Ажил хийх сургаар хамгийн түрүүнд мөнгө ярьдаг тэдний ам энэ удаад ч бас төсөв мөнгөө ярьсаар л эхэлж байна. Л.Эрдэнэчимэг гишүүнийг дэмжиж том мөнгө хаяж чадах болов уу.

Х.Даваа