Сонгуулийн Ерөнхий Хороо өчигдөр хуралдаж,  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшичдийг бүртгэх эсэхийг шийдвэрлэв. 

Улмаар СЕХ МАН-аас нэр дэвшсэн М.Энхболд, АН-аас нэр дэвшсэн Х.Баттулга нарыг  нэр дэвшигчээр бүртгэж, МАХН-ын дарга Н.Энхбаярыг бүртгэхээс татгалзсан билээ. Түүнийг дараах гурван шалтгаанаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан байна.  

Эдгээр нь :

1. Нэр дэвшигчийн бүрдүүлэх ёстой баримт, бичигт хилийн албаны тодорхойлолт хавсаргаагүй.

 

 2. Цагдаагийн ерөнхий газрын тодорхойлолт болон Сүхбаатар дүүргийн шүүгчийн захирамжид дурдсанаар Н.Энхбаярын ялтайд тооцох хугацаа 2017 оны наймдугаар сарын 2-нд дуусна.

 

3. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь 5-аас доошгүй жил эх орондоо тасралтгүй оршин суусан байх шаардлага хангаагүй.  Н.Энхбаяр нь 2013 оны 8 дугаар сарын 13-наас 2014 оны 10 дугаар сарын 9-ныг хүртэл буюу 13 сарын турш эх орондоо байгаагүй гэсэн шалтгаанууд аж.

 

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор МАХН-ын удирдлагууд өчигдөр хуралджээ. Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд хэнийг нөхөн нэр дэвшүүлэх тухай ярилцсан бөгөөд  УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар, УИХ-ын гишүүн, Батлан Хамгаалахын Сайд асан, гавьяат хуульч Ц.Шаравдорж, Монгол Улсын Гавьяат Хуульч, академич С.Нарангэрэл, Батлан Хамгаалахын Сай, УИХ-ын гишүүн асан Ц.Цолмон нарын нэрс дээр тогтсон байна. Гэхдээ нэг зарчим яригдсан нь МАХН-аас Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшигч нь өөрөө сонгуулийн бүх зардлаа гаргахаас гадна намдаа хандив өргөнө гэх явдал. Энэ нь УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар тэргүүтэй нэр дэвших сонирхолтой улс төрчдөд нь тун хүнд тусч байгаа  гэх агаад МАХН Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд оролцохгүй ч байж мэдэхээр болж буй ажээ.

 

П.Энхмандах

sonin.mn