Монголбанкинд хийсэн шалгалтын дүнгийн талаар хэн юу хэлэв
2017/05/25
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монголбанкинд хийсэн шалгалтын дүнгийн тухай танилцуулгыг сонслоо. Тус Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ахлан ажилласан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд шалгалтын дүнг танилцуулав. Эдийн засгийн байнгын хорооны 2017 оны 02 тоот тогтоолоор Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаа, мөнгөн гүйлгээ, алдагдлын шалтгаан, нөхцөл, хэрэгжүүлсэн хөтөлбөрийн зориулалт, зарцуулалт, хэрэгжилт, үйл ажиллагаа болон санхүүгийн хэлцэлүүдийн үр дүнд шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан юм. УИХ-ын гишүүн Т.Аюурсайханаар ахлуулсан Ажлын хэсгийг бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, М.Оюунчимэг, С.Чинзориг, Б.Ундармаа нар ажиллажээ.
2012, 2013, 2014 онд инфляцийн түвшин зорилтот түвшнээс хэтрүүлсэн, өөрөөр хэлбэл нэг оронтой тоонд байлгах, 2013 онд 8 хувиас хэтрүүлэхгүй байх, 2014 онд 8 хувиас хэтрүүлэхгүй байх зорилтыг 2012 онд 14 хувь, 2013 онд 12.5 хувь, 2014 онд 11 хувь болгож хэтрүүлсэн байна. 2015, 2016 онд инфляцийг 7 хувьд барихаар төлөвлөсөн байсан ч 2015 онд 1.9 хувь, 2016 онд 1.1 хувьтай байсан дүн мэдээ гарчээ. 2012-2014 онд инфляцийн зорилтот түвшнээс хэтрүүлсэн нь мөнгөний нийлүүлэлтийн өсөлт буюу мөнгөний тэлэх бодлого явуулсантай холбоотой хэмээн үзсэн байна. Үүнд Монголбанкны уламжлалт бус мөнгөний бодлогын хүрээнд банкуудаар дамжуулан аж ахуйн нэгжүүдэд олгосон дэд хөтөлбөрүүдийн зээлүүдээс гадна “Чингис” бондын зарцуулалт, “Хөгжлийн банк”-ны төсвөөс гадуурх хөрөнгө оруулалтууд нөлөөлсөн гэжээ. Энэ хугацаанд Монголбанкны мөнгөний бодлого Засгийн газрын төсвийн бодлогын харилцан уялдаа, хамтын ажиллагаа дутагдалтай байсан хэмээн Ажлын хэсэг дүгнэсэн байна. Үүнээс үүдэн инфляци өсч, гадаадын шууд хөрөнгө оруулалт болон гадаадын цэвэр актив буурч, төсөвтэй адилтгах хөрөнгө оруулалтын зарцуулалт өндөр хэвээр байсан нь мөнгөний бодлогын зорилт хангагдахгүйд хүргэсэн гэлээ. 2015, 2016 онд инфляци зорилтот түвшингээс доогуур гарсан нь өмнөх жилүүдийн алдаатай мөнгөний бодлогын улмаас хөрөнгө оруулалт, бизнесийн салбар зогсонги байдалд орж, иргэдийн худалдан авах чадвар муудаж, улсын төсвийн хэт их ачаалал, төлбөрийн тэнцлийн дарамтаас улбаалсан эдийн засгийн агшилт нөлөөлсөн гэж дүгнэжээ.
Мөнгөний нийлүүлэлтийн хувьд 2012 онд 7.6 их наяд, 2013 онд 9.5 их наяд, 2014 онд 10.6 их наяд, 2015 онд 10 их наяд, 2016 онд 12.0 их наяд төгрөгийг тус тус зах зээлд нийлүүлсэн байна.
Банкны салбарын хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлүүдэд Ажлын хэсэг анхаарал хандуулан ажилласан болохыг Т.Аюурсайхан гишүүн танилцуулгадаа онцоллоо. 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн зээл 866.6 тэрбум төгрөг байсан бол 2017 оны хоёрдугаар сарын эцсийн байдлаар 1,045 тэрбум төгрөгт хүрч өсчээ. Нийт банкны системд чанаргүй зээл 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 879.6 тэрбум төгрөг байсан бол 2017 оны хоёрдугаар сарын эцсийн байдлаар 864.3 тэрбум төгрөгт хүрсэн байна. Чанаргүй зээлийн өсөлт 2014 оны эцсээс 59 хувиар өссөн бол хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 2.5 дахин нэмэгдсэн үзүүлэлт гарч байгаа юм. Тэр дундаа гадаад валютын зээлийн эрсдэлтэй зээлдэгчдэд олгосон гадаад валютын зээлийн эргэн төлөлт харьцангуй муу байгааг Ажлын хэсгийн санал дүгнэлтэд тэмдэглэсэн байна.
Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Монголбанкны уламжлалт бус бодлогын арга хэрэгслийн үндэслэл, хяналтын тогтолцоо, Монголбанкнаас гаргасан тушаал шийдвэрүүд хууль тогтоомжид нийцэж буй эсэх, нээлттэй байдлын талаар танилцуулсан. Мөн Монголбанкнаас байгуулсан санхүүгийн хэлцэлүүд, тэдгээрийн үр дүн, Монголбанкны алдагдал, түүний шалтгаан, нөхцөл, үйл ажиллагааны хяналтын тогтолцоо, тайлагналт, Монголбанкны удирдлага, тус банкны зөвлөл, хяналтын зөвлөл нь хуульд заасан чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн талаарх Ажлын хэсгийн санал дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан.
Монголбанкнаас “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд 4,8 их наяд төгрөгийн зээл гаргасан. Үүний 3,7 их наяд төгрөгийг орон сууцны зээлийн хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зарцуулсан байна. “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрт хамрагдсан 45 аж ахуйн нэгж зээлийн мөнгөө зориулалтын бусаар ашигласан гэж ажлын хэсэг дүгнэжээ. Зарим аж ахуй нэгжийг сонгохдоо сонгон шалгаруулах журам зөрчиж, сонгосон байна. Тухайлбал, Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Х.Баттулгын үед 13 аж ахуй нэгжийг хууль бусаар шалгаруулж, 127,2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон гэдэг нь тогтоогдсон байна.
Монголбанк своп, порвард хэлцэл байгуулснаар 1,7 их наяд төгрөгийн алдагдал хүлээжээ. Одоогийн байдлаар Монголбанк 3 их наяд 19 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай байгаа аж. УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайханы танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Ажлын хэсэгт орж ажилласан учраас ганц хоёр зүйл хэлье гэж бодлоо. Энд ямар нэг улстөрийн зорилго агуулж хандаагүй. Эдийн засгийн хямралын гол үндсэн шалтгаан бол төгрөгийн худалдан авах чадвар валютын ханшийн өөрчлөлт. Дүгнэлт дээр байгаа. 80 хувиар валютын ханш өөрчлөгдсөн. Энэ нэгдүгээрт, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд зах зээлд мөнгө нийлүүлсэнтэй холбоотой. Энэ мөнгөний ихэнхээр импортын бараа худалдаж авсан байгаа юм. Нэг удаа үндсэн чиглэл хэлэлцэж байхад төв банкны өмнөх Ерөнхийлөгч нөхөр хэлж байсан л даа. Үндсэн гурван зорилтынхоо нэгийг мэддэггүй хүнээр бид Төв банкыг удирдуулж байсан. Цаашид бид иймэрхүү алдаа гаргахгүй байхын тулд энэ шалгалтыг хийсэн. Тэрбум тэрбумаар нь орон сууцны зээл өгсөн байгаа.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: 2012-2016 онд их хэмжээний мөнгө салхинд хийсгэсэн гэх дам яриа яваад байдаг. Энэ нь үнэхээр бодит уу үгүй юу гэдгийг тогтоох ач холбогдолтой юм. Төв банк төсвийн шинжтэй зарлагуудыг ихээр бий болгож байсан. 14 их наяд төгрөгийг салхинд хийсгэсэн. Валютын ханшийн зөрүүнээс одоо асар их алдагдал хүлээгээд байна. Тэрбум ам.долларыг Монголбанкны удирдлагууд жил бүр салхинд хийсгэсэн байна. Энэ нь өөрөө Н.Золжаргалд хариуцлага тооцох маш том жишээ юм. Интервенц хийлээ гээд валютын ханш буугаагүй, харин ч төгрөгийн ханш 83 хувиар суларсан. Энэ хариуцлагыг өмнөх удирдлага Н.Золжаргалаар төлүүлэх ёстой. 0.89 хувийн хүүтэй зээл олгож байсан жишээ Монголбанкинд байна. Дэлхийд ч байхгүй ийм хүүтэй зээлийг түүний тойрон хүрээлэгчид авсан. Гэтэл зах зээл дээр зээлийн хүү 22-23 хувийн хүүтэй зээл олгодог. байсан. Үүнийг улстөржүүлж болохгүй. Улс орны эдийн засгаар ингэж тоглож болохгүй гэдэг үүднээс энэ мэдээллийг өгч байгаа юм.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Ноцтой зөрчил илэрсэн байна, ажлын хэсгийнхэнд талархал илэрхийлье. Хууль хяналтынхан асуудлыг ямар хэмжээнд шийдэхийг бид мэдэхгүй. Гаргаж ирсэн мэдээллийг харахад хэлэх үг олдохгүй байна. Даанч дээ. Улс орны өнөөгийн байдал ийм хүнд болчихоод бид гаднаас бадарчлаад л “Оюутолгой”, ОУВС-ын шахалтад ороод л явж байна шүү дээ. Н.Золжаргал гэдэг нөхөр ийм будлиан хийчихээд зугатаагаад явчихдаг. Хөрөнгийн биржийг будлиантуулж хаячихаад гадаадад олон жил болж ирчихээд том дарга болсон. Хэнээс болж Монгол Улс ийм хямралд орчихоод байна. Капла гэдэг нэг нөхөр бас зугтаагаад явчихдаг. Монгол төрд гэмт хэрэг хийсэн хүн болгон зугтаагаад явчихдаг, гадаадад барилга байшин худалдаг авчихдаг. Үүнийг гаргаж ирж байгаа ажлын хэсгийг улстөржсөн гэж баалаад байхдаа яах вэ дээ. Бид баяр хүргэх ёстой юм биш үү. Хэсэг хүмүүс баяжсан ард түмэн ямар байдалтай байгаа билээ. Ийм хэдэн “хулгайч”, эдийн засгийн “алуурчидтай”-гаа тэмцэх цаг болсон юм биш үү. Би энэ мэдээллийг сонссоныхоо дараа “Та нараас айх зүйл байхгүй шүү. Хорлох гээд үзээрэй” гэж хэлмээр санагдаж байна. Арай дэндэж байгаа юм биш үү? ОУВС бидэнд баяр хүргэх байх гэж бодож байна. Гишүүд битгий зугт. Гишүүд ээ, ОУВС-аас айж зугатаах хэрэггүй. Монгол Улсын эдийн засгийг эрүүлжүүлэхийн төлөө ажиллаж байна гэж утасдаж хэлэх хэрэгтэй. Яагаад ийм зүйл ярьж болдоггүй юм. Т.Аюурсайхан гишүүн цаашид төрийн ажилд анхаарах зүйл байна. Ялангуяа дүгнэлтээ Монголбанкны удирлагуудад танилцуулах ёстой.
Ингээд хуралдааны төгсгөлд УИХ-ын гишүүн Т.Аюурсайханаар ахлуулсан УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, М.Оюунчимэг, С.Чинзориг, Б.Ундармаа нарын бүрэлдэхүүнтэй тус Ажлын хэсгийг үргэлжлүүлэн ажиллаж, дээрх шалгалтын үр дүнтэй холбоотой УИХ-аас гаргах шийдвэрийн төсөл боловсруулахыг үүрэг болгов.
САНАЛ · 2017/05/26
ИЙМ Л ЛУЙВАЧДЫГ БИД СОНГОСОН ШҮҮДЭЭ ЗОЛЖАРГАЛЫГ БАРЬЖ ШОРОНД ХИЙ...Б