Тогтмол блгийн харьцаанд ордог, жирэмснээс хамгалаах хэрэгсэл хэрэглэдэггүй хосууд  жирэмсэн болохгүй байгаа нь үргүйдэл. Үргүйдэл их байгаа учраас гадагшаа явж үр суулгах тохиолдол их байгаа. Нөгөө талаас Монгол улсын хуулинд тээгч эхийн талаар заалт байхгүй болохоор гэр бүлүүдийн хувьд яах учраа олдоггүй.  Тэгвэл энэ асуудлыг зохицуулахаар бэлгийн эсийн донор, тээгч эхийг хуульчлахаар болжээ.

Тодруулбал Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төслийг өргөн барьжээ. Уг хуулийн төслөөр гадаадын кинон дээр гардаг шиг эр бэлгийн эсийн донортой болох юм. Бэлгийн эсийн донор нь амьд, амьгүй аль нь ч байж болох аж.

Харин тээгч эхтэй эхээр хүүхэд төрүүлүүлэх гэж байгаа бол заавал гэрлэсэн хосууд  байх бөгөөд батлуулаад 5-6 жил болсон байх ёстой зэрэг заалтуудыг уг хуулийн төсөлд тусгажээ. Тээгч эх нь 23-35 насны эрүүл эмэгтэй хүн байх ёстой. Тээгч эхээр хүүхэд тээлгэхдээ  

      • хүний эрхийг дээдлэх;
      • хүүхдийн эсэн мэнд амьдрах эрхийг хангах;
      • хүмүүнлэг, энэрэнгүй байх;
      • ялгаварлан гадуурхахгүй байх;
      • аюулгүй байдлыг хангах;
      • хувь хүний нууцыг хамгаалах;
      • сайн дурын байх;
      • зориулалтын бусаар ашиглах, эс, эд, эрхтэнг зориуд үүсгэж худалдахгүй байх;
      • Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, бусдын эрх, эрх чөлөө, эрүүл мэнд, үндэсний зан суртахуунд харшлахгүй байхад анхаарах ёстой аж.

Мөн арилжааны зорилгоор хүүхэд тээх, тээлгэхийг хориглох юм байна. Тээгч эх нь эрүүл мэндийн байгууллагын ажилтантай үгсэн хуйвалдаж, ургийг тээх явцад захиалагчийг хууран мэхлэх, нэмэлт нөхөн төлбөр шаардахыг мөн хориглож байгаа.

Тээгч эхэд мэдээж хэрэг мөнгө өгнө. Харин тээгч эх “гонжрохгүй”, талууд гэрээ байгуулна гэдгийг хуулийн төсөлд мөн тусгажээ. Гол нь тээгч эх Монгол хүн байх бөгөөд гадада  хүнээр хүүхэд тээлгэхгүй юм байна.

Үр суулгуулах хосуудын хувьд үр цацах, үр шилжүүлэн суулгах аргыг ашиглах үед хүйс сонголт хийгдэхгүй аж.

Уг хуулийн төсөлтэй холбогдуулан Гэр бүлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай,  Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай,Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуульд  нэмэлт оруулах тухай,Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах юм.

Хэрвээ энэ хуулийг зөрчсөн бол Эрүүгийн хууль болон Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх юмээр төлөвлөөд байгаа ажээ.

 

Нэмэлт мэдээлэл: Манай улсад үр шилжүүлэн суулгах, хүүхэд төлөөлөн төрүүлэх тээгч эхийн харилцаа нэгэнт бий болж, энэ харилцаа ямар ч эрх зүйн зохицуулалтгүй,  үр шилжүүлэн суулгах, түүний үр дүнг тооцох аргачлал, тооцож бүртгэх нэгдсэн тогтолцоо байхгүй байна. Монголд 2011 оны 11 дүгээр сард анхны үр шилжүүлэн суулгах төв байгуулагдаж байсан бөгөөд өнөөдөр үр суулгах нэг эмнэлэгт жилд 300-500 хос хандаж, оношилгоо, эмчилгээ үйлчилгээ авч байна. Гэвч эдгээр эмнэлгүүдийн үйл ажиллагаа, үр дүнгийн талаар нэгдсэн судалгаа, түүнийг тооцох аргачлал байхгүй, эмнэлэг тус бүр өөрсдийн дүн бүртгэлийг хийж, эмчилгээний төлбөрөө тогтоон иргэдэд үйлчилж байна.

 

2016 оны байдлаар үргүйдлийн асуудлаар 1909 иргэн бүртгүүлэн үзүүлж, эмчилгээ үйлчилгээ авчээ. Үргүйдлийн асуудалтай, үр шилжүүлэн суулгах аргаар үр хүүхэдтэй болох хүсэлтэй иргэд БНСУ болон ОХУ-ын эмнэлэгт их ханддаг бөгөөд 2015 онд БНСУ-д зорчихоор эмчилгээний виз авсан 3700, 2016 онд 3100, 2017 оны эхний 4 сарын байдлаар 900 иргэн байгаа  аж.

 

А.Баярмаа