Бүх цаг үеийн дээд цэгт хүртлээ цойлсон ам.долларын ханш эргэн уруудлаа. Өдгөө уруудсаар долоон сарын доод цэгт тулчихаад байна.

Монголбанкнаас зарласан төгрөгтэй харьцах ам.долларын албан ханш мягмар гарагт 2387.54 нэгжид хүрсэн. Ингэснээр арав хүрэхгүй хоногийн дотор ханш нь алга урвуулахын адил хувьсан өөрчлөгдлөө. Даваа гарагаас эхлэн “ногоон”-ы ханш сүүлийн долоон сарын хугацаанд анх удаа 2400 нэгжээс доошилсон. Өнгөрсөн хагас жил гаруйн хугацаанд америк мөнгөн тэмдэгтийн үнэ валютын арилжааны зарим төвд 2500 нэгжийг давж байв. Төв банкнаас зарласан ханш ч 5000-ын талыг шүргэж байсан удаа бий. Тэгвэл “ногоон”-ы ноёрхол ийнхүү төгсчээ.

ОУВС-гийн Захирлуудын зөвлөл “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр болсон тавдугаар сарын 25-наас хойш ам.долларын ханш тасралтгүй уруудаж, төгрөгийнх засваргүй чангарсан байна.

Төгрөгийн ханш тогтвол мөнгөний бодлогыг зөөлрүүлэх боломжтой 

Өнгөрсөн сарын сүүлээс эхлээд монгол мөнгөн тэмдэгтийн ханш 30 нэгжээр дээшилж, ам.доллар төдий хэмжээгээр сулраад байна. Энэ мэт төгрөг тойрсон эерэг хөдөлгөөнүүд санхүүгийн зах зээлд тодорч эхлэв . Тухайлбал, валютын арилжааны “Найман шарга” зэрэг төвүүдэд ам.долларыг төгрөгөөр солих нь ихэссэн байна. Иргэдээс гадна арилжааны банкууд ч төв банкинд ам.доллар зарах санал тавиад байжээ.

Зургаан тэрбум орчим ам.долларын багцтай ОУВС- гийн хөтөлбөрийн санхүүжилт Монголын эдийн засгийг үе шаттай чиглэнэ гэдгийг албаныхан мэдээлсэн. Эхний ээлжинд тус сангаас 434.3 сая ам.долларын хөрөнгө оруулалт манайд хийх ба үүнийг шууд Монголбанкны гадаад валютын албан нөөц зузаатгахад зарцуулна гэдгийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн мэдэгдсэн юм. Энэ мөнгөний 38.6 сая ам.доллар нь Захирлуудын зөвлөлийн шийдвэрийн дараа Монголбанкны дансанд шилжсэн байна.

Ингэхэд валютын ханш ямар тохиолдолд буурдаг вэ. Аль ч бараа, таваарын нийлүүлэлт өсөж, олдоц нь нэмэгдвэл үнэ буурдаг зах зээлийн жам бий. Тэгвэл ирэх гурван жилд Монголыг чиглэх мөнгөний чимээ “ногоон”-ыг номхотгож эхэлсэн нь энэ. Монгол Улсын Засгийн газар, ОУВС, төв банк монгол төгрөгийн үнэ цэнийг хадгалахын тулд төв банкны валютын нөөцийг нэмэгдүүлэхээ мэдэгдээд байгаа.

Төв банкнаас мэдээлснээр тавдугаар сарын байдлаар Монгол Улсын гадаад валютын нөөц 1.2 тэрбум ам.доллартай тэнцэж байгаа. Ирэх жилүүдэд ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд валютын нөөц алгуур нэмэгдэж, оны эцэс гэхэд 1.6 тэрбум ам.долларт хүрнэ гэж албаныхан таамаглаж байна. Улмаар 2020 он гэхэд дөрвөн тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцож байгаа ажээ. Тэгэхээр энэ тооцооны дагуу төгрөгийн ханш тогтворжих төлөвтэй. Ингэснэээр сүүлийн таван жил манай бодлого тодорхойлогчид төдийгүй бизнес эрхлэгчдийн толгойны өвчин болоод байсан ам.долларын ханшийг барих нь. Төгрөгтэй харьцах америк мөнгөн тэмдэгтийн ханш 2013 оноос эхлэн алгуур өсөж, 2016 онд огцом чангарсаар энэ онд бүх цаг үеийн дээд цэгт хүрээд байсан юм. Тэгвэл ногоон дэвсгэртийн “хаанчлал”-д төгсгөл ирж, ханш нь тогтворжих нөхцөл бүрдэхэд ойрхон байна.

Төв банкнаас тайлбарлаж буйгаар хурдтай суларсан төгрөгийн үнийн уналтыг богино хугацаанд тогтоон барьж, тасралтгүй тэлсэн “ногоон”-ы үнийг тогтоон барих аж. Харин дунд хугацаанд төгрөгийн ханшийг дэмжих боломжтой гэж үзэж байна. Монголбанкны ерөнхийлөгчийн зөвлөх, ерөнхий эдийн засагч Ж.Ганбаатар “Одоогоор мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэхээс өөр арга алга. Гэхдээ валютын ханш тогтворжиж, мөнгөний бодлогыг зөөлрүүлэх орон зай гарч байна.

  • Ам.долларыг төгрөгөөр солих нь ихэсчээ. Иргэдээс гадна арилжааны банкууд ч төв банкинд ам.доллар зарах санал тавиад байжээ.
  • ОУВС-гийн мөнгөний гол зорилго нь төлбөрийн тэнцлийн алдагдлыг санхүүжүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах.
  • Төгрөгийн бодит ханш нэг хувиар сулрахад гадаад худалдааны тэнцэл урт хугацаанд 8.6 хувиар дээшилдэг. 

Заавал хатуу бодлого баримтлахгүйгээр тухайн эдийн засгийн шаардлага юу байна, түүнд тохируулан мөнгөний бодлогоо тодорхойлно” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. Өөрөөр хэлбэл, төгрөгийн ханш тогтворжвол мөнгөний бодлогыг зөөлрүүлэх боломжтой юм байна. Тэгвэл УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар “Төгрөгийн ханш яах вэ, дахиад унах уу гэсэн асуултыг олон хүн тавьдаг.

Төгрөгтэй харьцах америк мөнгөн тэмдэгтийн ханш 2013 оноос эхлэн алгуур өсөж, 2016 онд огцом чангарсаар энэ онд бүх цаг үеийн дээд цэгт хүрээд байсан юм.Одоо төгрөгийн ханш унахгүй, харин ч чангарна. Манай улсын валютын нөөц нэмэгдэж, хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Хөрөнгө оруулалт гэсэн хоёрхон үгний ард мянга, мянган ажлын байр байдаг. ОУВС-гийн мөнгөний гол зорилго нь төлбөрийн тэнцлийн алдагдлыг санхүүжүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлнэ. Тэр хэмжээгээр төгрөгийн ханш тогтворжино” хэмээн ярьсан байна.

Сүүлийн хэдэн жилд унасан төгрөгийн ханшийн өөрчлөлт нь эхлээд худалдааны тэнцэлд нөлөөлж, улмаар эдийн засгийн бусад үзүүлэлтэд нэвчдэгийг Монголбанкны судалгаанаас харж болно. Тодруулбал, төгрөгийн бодит ханш нэг хувиар сулрахад гадаад худалдааны тэнцэл урт хугацаанд 8.6 хувиар дээшилдэг байна. Тэрчлэн төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нэг хувиар сулрах нь инфляцийг 0.4- 0.5 нэгж хувиар нэмэгдүүлдэг байна. 

Г.Байгал

Засгийн газрын мэдээ