Дорнод, Хөвсгөл аймаг Засаг даргагүй өнөөдрийг хүрлээ
2013/12/03
Орон нутгийн 2012 оны сонгуулиар МАН есөн аймагт ялалт байгуулсан. Гэвч Ерөнхий сайд Н.Алтанхуяг ард түмний сонголтыг үзэл бодол, нам улстөрийн хүчнээр ялгаварлан хандсанаас бүтэн жил гаруйн хугацаа өнгөрч байхад Дорнод, Хөвсгөл аймагт өнөө хэр Засаг даргыг нь томилоогүй, Дундговь аймагт Засаг даргыг томилсон ч орон нутаг дахь улстөржилт үргэлжилсээр, ИТХ нь хоёр талцаж маргалдсаар байна. Говь-Алтай аймгийн хувьд АН-ын удирдлагын зүгээс ЗГХЭГ-ын дарга нараар дамжуулан шүүхийн шийдвэрийг мушгин гуйвуулж, улстөрийн эрх мэдлээ нэмэгдүүлэх хэрэгсэл болгосноос өнөөдөр 2008-2012 онд ажиллаад бүрэн эрх нь дуусгавар болсон ИТХ хуралдаж, ирэх оны төсөв хэлэлцэж байх жишээтэй. Энэ мэт замбараагүй, холион бантан болсон асуудлуудыг нэн даруй шийдэхгүй бол орон нутагт засаглалын хомсдол нүүрлэж, тухайн орон нутаг хөгжих, ард түмнийх нь амьдрал сайжирч, тайван амгалан амьдрах ямар ч боломжгүй болж байна.
Мөн эрх баригч хүчин өөрийн дур зоргоор орон нутгийн өөрөө удирдах ёсыг алдагдуулж байгаа нь Үндсэн хуулиар олгогдсон иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхэд ноцтой халдаж буй хэрэг мөн. Түүгээр ч зогсохгүй шүүх, хүчний байгууллагаар сүр далайлган сонгуулийн дүнд засвар хийж буй үйлдэл нь ардчилсан нийгэмд байж болшгүй зүйл юм. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, МАН-ын Эрх зүй, аюулгүй байдлын бодлогын газрын дарга Ш.Раднаасэд, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны дарга Д.Батбаатар нар мэдээлэл хийлээ.
Говь-Алтай аймаг:
-2012 оны орон нутгийн сонгуулиар Говь-Алтай аймгийн МАХН-ыг сонгуульд оролцуулахаас үндэслэлгүйгээр татгалзсан гэх гомдлыг тус аймгийн МАХН-ын хорооноос 2013 оны нэгдүгээр сарын 22-нд аймгийн захиргааны хэргийн шүүхэд гаргажээ. /Энэ гомдлыг шүүх хүлээн авч, хянан хэлэлцсэн нь анхнаасаа хууль зөрчсөн. Холбогдох хуулиар сонгуультай холбоотой гомдлыг 14 хоногийн дотор гаргах ёстой. Гэтэл МАХН гомдлоо хэдэн сарын дараа гаргасан нь нэгдүгээрт, хуулиа баримтлаагүй. Хоёрдугаарт, шүүх хугацааг буцаан сэргээж, гомдлыг авч хэлэлцсэн нь хууль зөрчжээ/
-Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх тус аймагт дахин сонгуулт явуулахаар болсон. Ингэхдээ “Говь-Алтай аймгийн сонгуулийн хороо МАХН-ыг сонгуульд оролцуулахаар бүртгэхээс үндэслэлгүйгээр татгалзаж, МАХН болон тус намаас нэр дэвшигчдийн эрхийг ноцтой зөрчсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ” гэсэн байна. Улмаар тус аймгийн МАХН-ыг бүртгэхээс татгалзсан аймгийн Сонгуулийн хорооны тогтоол, ИТХ-ын төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн 01 тоот тогтоол зэргийг хүчингүй болгож, аймгийн ИТХ-ын 35 мандатын 17-д дахин сонгууль явуулахыг даалгав. Үүний 12 нь намын жагсаалт, 5 нь мажоритар тогтолцооны мандат юм байна. Ингэхдээ МАХН-аас нэр дэвшүүлээгүй бусад сум, багт явагдсан сонгуулийг хүчинтэй бөгөөд дахин сонгууль явуулах шаардлагагүй гэж үзсэн.
-Шүүхийн шийдвэртэй холбогдуулан аймгийн удирдлагууд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, ЗГХЭГ-т ханджээ. ЗГХЭГ-ын дэд дарга Ч.Сайнбилэг "Эрх зүйн чадамжгүй болсон ИТХ аливаа асуудлаар шийдвэр гаргах нь цаашид хэрэгжих боломжгүй, хуулийн хувьд хүчин төгөлдөр эрх зүйн акт мөн эсэх зэрэг олон асуудал үүсгэх үр дагавартай тул шүүхийн шийдвэрийг биелүүлж ажиллах нь зүйтэй гэж үзэж байгааг зөвлөе" гэсэн агуулга бүхий албан тоот илгээжээ.
-Харин УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейн гарын үсэгтэй 2013 оны арваннэгдүгээр сарын 29-нд үйлдсэн албан тоотод ".. танай аймгийн ИТХ-ын хуралдааныг бүрэн эрх нь хүчинтэй байгаа 18 төлөөлөгчтэйгөөр хуралдуулах боломжтой байгааг анхааралдаа авна уу" гэсэн байна. Ингэж Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, ЗГХЭГ-ын дэд дарга нарын эрс тэс зөрүүтэй албан бичгүүд очжээ. Эндээс ЗГХЭГ-ын дарга Ч.Сайнбилэг нь Дээд шүүхийн шийдвэрээс гажсан буруу зөрүү албан бичиг явуулж, бүр Үндсэн хуулийн зөрчилд хүргэхээр алхам хийсэн гэж үзэхээр байна.
-ЗГХЭГ-ын дэд дарга Ч.Сайнбилэг болон аймгийн Шүүхийн шийдвэр биелүүлэх албаны даргын албан бичгийг үндэслэн 2012 оны сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан ИТХ-ын бүх төлөөлөгчийн эрхийг хүчингүй болгосноос үүдэн тус аймагт тодорхойгүй байдал үүсээд байна. ИТХ-ын хуучин бүрэлдэхүүн энэ сарын 3-ны өдөр буюу өчигдөр хуралдаж, 2014 оны төсвийг хэлэлцсэн гэсэн мэдээ байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна шүү гэдгийг Монгол Улсын Үндсэн хууль болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд тов тодорхой заасан байдаг. Энэ нь иргэдийн Төлөөлөгчид 4 жилийн хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлээд дараагийн сонгуулийн үр дүнгээр өөрчлөгдөнө гэсэн үг. Улсын Их Хуралд удаа дараа сонгогдсон төрийн түшээд ч дөрвөн жил тутам гишүүний тангаргаа шинээр өргөдөгтэй адил. Гэтэл Үндсэн хуулийн дээрх заалтыг уландаа гишгэсэн явдал Говь-Алтай аймагт болж хуучин буюу 2008-2012 онд ажиллаж байсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдан үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх шийдвэр гаргажээ.
-Аймгийн хурлын төлөөлөгчдийн тоо 35 бөгөөд үүнээс шүүхийн шийдвэрээр дахин сонгууль явуулах болсон 17 төлөөлөгчийг хасахаар 2012 оны сонгуулийн дүнгээр сонгогдсон 18 төлөөлөгч буюу олонхи нь дахин сонгуулийн дүн гартал бүрэн эрхээ хэрэгжүүлээд явах бүрэн боломжтой эрх зүйн чадамжтай байгаа юм. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн зөрчил үүсгэхгүйгээр асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой байгаа юм. Гэтэл тус аймгийн хуучин /2008-2012 оны/ иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Эрдэнэбат бүрэн эрхийг нь сэргээсэн ямар нэгэн шийдвэр гараагүй байхад Хурлын даргын ажлыг хууль бусаар, дур мэдэн авч иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлыг хуучин бүрэлдэхүүнтэйгээр хуралдуулан хууль бус шийдвэр гаргасаар байна. Дахин хэлэхэд 2008 оны сонгуулийн дүнгээр байгуулагдсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчдийн бүрэн эрх Үндсэн хуулиар 2012 онд дуусгавар болсон бөгөөд тэдний бүрэн эрх автоматаар эргэж сэргэх тухай хуулийн зохицуулалт аль ч хуулинд байдаггүй бөгөөд шүүхээс тэдний эрхийг сэргээсэн шийдвэр ч гараагүй.
-Аймгийн МАХН-аас нэр дэвшсэн цөөн хүний сонгогогдох эрхийг хэрэгжүүлэхийн төлөө аймгийн нийт иргэдийн сонгох эрхийг хөндөж, тэдний 2012 онд сонгосон сонголтыг үгүй хийж, 2008 оны хуучин иргэдийн Хурлын Төлөөлөгчид хуралдан хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа нь Үндсэн хуулийн зөрчил дагуулж байна. Гэтэл энэ асуудлыг хууль зүйн дагуу, шуурхай шийдвэрлэх талаар Засгийн газар, Сонгуулийн ерөнхий хороо ямар нэгэн арга хэмжээ авалгүй нүдэн балай, чихэн дүлий суусаар байна. Улсын Дээд шүүхийн дээрх тогтоолд "Аймгийн Сонгуулийн хорооноос уг нөхцөл байдлын талаар мэдэгдэж, туслалцаа авах хүсэлт ирүүлсээр байтал Сонгуулийн ерөнхий хороо нь Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасан арга зүйн туслалцаа үзүүлэх, мэргэжлийн удирдлагаар хангах үүргээ биелүүлээгүй байна" гэж заасан нь тус аймагт үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдалд Сонгуулийн ерөнхий хорооны буруутай үйл ажиллагаа шууд нөлөөлснийг харуулж байна.
-Сонгуулийн тухай хуульд заасны дагуу дахин сонгууль явуулах тохиолдолд түүний товыг СЕХ тогтоож, зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхээр УИХ-д оруулж шийдвэрлүүлдэг хуультай. Гэтэл аймгийн сонгуулийн хороо товыг ирэх нэгдүгээр сарын 19-нд хэмээн зарлаж, орон нутгийн төсвөөс сонгуулийн зардлыг гаргуулахаар зэхэж байгаа нь хууль зөрчсөн үйл ажиллагаа юм. 2014 оны улсын төсөвт Говь-Алтай аймгийн дахин сонгуулийн зардал тусгагдаагүй байгаа нь уг сонгуулийг явуулах боломжгүй гэсэн үг. Сонгуулийн ерөнхий хороо үүссэн нөхцөл байдалд ажиглагчийн байр сууринаас бус хуулиар хүлээсэн үүргээ сахин биелүүлж, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж ажиллах хэрэгтэй байна.
-Мөн Засгийн газрын тухай хуульд заасны дагуу Засгийн газар нь нутгийн өөрөө удирдах байгууллагуудаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зохион байгуулалтын болон аргачилсан туслалцаа үзүүлж, тэдгээрийн бие даасан ажиллагааг хангах арга хэмжээ авч ажиллах ёстой. Гэтэл Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс энэ талаар огт анхаарахгүй байгаа бөгөөд харин ч Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Ч.Сайнбилэгээс Говь-Алтай аймгийн иргэдийн Хурлын дарга хууль бусаар болчихоод байгаа Ш.Эрдэнэбатад хаяглан 2013 оны 11 дүгээр сарын 29-нд албан бичиг явуулж эрх зүйн чадамжгүй иргэдийн Төлөөлөгчдийн Хурал аливаа асуудлаар шийдвэр гаргах боломжгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлж хуучин бүрэлдэхүүнээр ажиллах зөвлөмжийг өгсөн нь Үндсэн хуулийн зөрчлийг улам дэвэргэж байгаа хариуцлагагүй үйлдэл юм.
Дорнод аймаг:
-Дорнод аймгийн ИТХ-ын МАН-ын бүлгийн дарга П.Мөнхтөрийг 2013 оны 12 дугаар 02 ны өдрийн 14 цагт аймгийн МАН-ын хорооны даргын өрөөнд хуралдаж байхад нь АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн комиссар З.Баасанням, Шинэбаатар нар ирж саатуулан авч явсан болно. Түүнийг ажил хийгээгүй хүнд 3 сарын цалин илүү олгосон гэсэн үндэслэлээр шалгаж байгаа гэх мэдээлэлтэй байна. П.Мөнхтөрийг хойшлуулшгүй баривчлах таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлд мөрдөн байцаалтаас оргон зайлж болзошгүй гэсэн үндэслэлээр 72 цагийн хугацаагаар баривчилсан байна.
-П.Мөнхтөр нь мөрдөн байцаалтаас оргон зайлсхийгээгүй, байнга оршин суух хаягтай, эхнэр хүүхэд эхийн хамт амьдардаг, тодорхой эрхэлсэн ажилтай, эрүүл мэндийн хувьд саяхан Солонгос улсад хүнд хагалгаанд орсон эмчийн хяналтад байдаг.
-Дорнод аймгийн Засаг даргын асуудал шийдэгдэхгүй бүтэн жил гаруйн хугацаагаар үргэлжилсэн. Аймгийн ИТХ М.Бадамсүрэнг Засаг даргаар томилуулахаар удаа дараа Ерөнхий сайд Н.Алтанхуягт өргөн барьсан ч “төрийн албанд гурван жил ажиллаагүй” гэсэн шалтгаар томилохоос татгалзсан. Гэтэл одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Төрийн албаны тухай хууль, түүнийг дагаж мөрдөх журмын тухай хуульд зааснаар УИХ-д суудалтай намын байгууллагын орон тооны ажилтныг төрийн алба хаасанд тооцдог. М.Бадамсүрэн Улсын нөөцийн газар, Дорнод аймгийн МАН-ын хорооны дэд даргаар нийтдээ таван жил ажиллажээ. Мөн аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр дөрвөн жил ажилласан. Шүүхийн шийдвэр ч нэр дэвшигч нь хуулийн шаардлага хангасан гэж үзсэн.
-М.Бадамсүрэнтэй адилхан тухайн намынхаа намын хорооны дарга, дэд даргаар ажиллаж байсан АН-ын хүмүүс аймаг, дүүргийн Засаг даргаар томилогдсон. Тухайлбал, Баянхонгор, Төв аймгийн Засаг дарга нар намын хорооны дарга, дэд даргаар ажиллаж байгаад Н.Алтанхуягийн захирамжаар аймгийн Засаг дарга болсон. Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Төрийн албаны тухай хууль АН-аас Засаг даргад нэр дэвшсэн хүмүүст үйлчлээд, МАН-аас нэр дэвшсэн хүмүүст үйлчлэхгүй байгаагийн нэгээхэн жишээ энэ юм.
-Нэгэнт Ерөнхий сайд Дорнодын Засаг даргын асуудлыг шийдэж өгөхгүй байгаа учир МАН-ын бүлэг П.Мөнхтөрийг нэр дэвшүүлэх тухай ярилцжээ. Гэвч түүнд улс төрийн шинжтэй хэрэг үүсгэлээ гэж үзэхээс өөр аргагүй. Түүний өмгөөлөгчийн мэдээлснээр энэ хэрэг нь АТГ-ын харьяаллын хэрэг биш, захиргааны хэргийн шинжтэй гэж үзсэнийг холбогдох шалгалтууд тогтоосон байна.
-2012 оны орон нутгийн сонгуулиар аймгийн МАН-ын хорооноос нэр дэвшигчид ИТХ-д олонх болсон. Тухайлбал аймгийн ИТХ-д МАН-аас 18 төлөөлөгч, АН-аас 14 төлөөлөгч, ИЗНН 1 төлөөлөгч, Бие даан сонгогдсон 2 төлөөлөгчдөөс тус тус бүрддэг. Иймд тооны харьцааг ойртуулах, нэр дэвших боломжтой хүнийг нь шалгуулах, нэг бол түр саатуулан хуралд оролцуулахгүй байх, улмаар өөрийн намын нэр дэвшигчийг сонгуулах зэрэг зүй бус үйлдлийг аймгийн АН-ын зүгээс хийж байна.
-Мөн МАН-ын гишүүн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн орлогч даргаар ажиллаж байсан хүнийг АТГ-аар шалгуулах нэрээр албан тушаалаас нь хүчээр буулган одоогийн АН-ын даргыг аймгийн орлогчоор томилсон зэрэг нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.дэх заалтыг зөрчсөн байна.
-Одоогийн байдлаар Дорнод аймгийн Засаг дарга нь ИТХ-д 2014 оны төсвийн төслөө өргөн бариагүй байна. Энэ нь тус аймгийн хувьд ирэх жилүүдэд хийгдэх бүтээн байгуулалтын ажлууд зогсонги байдалд орох, төрийн албан хаагчдын цалин хөлс бүрэн зогсож цалингийн доод хэмээгээр цалинжих гэх мэт үр дагаварууд гарч болохыг үгүйсгэх аргагүй.
Дундговь аймаг:
-Өнгөрсөн оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр Дундговь аймагт МАН олонх болсон. ИТХ 35 төлөөлөгчтэй байх ёстойгоос нэг төлөөлөгч нас барсны улмаас нөхөн сонгууль явагдсан ч одоогоор тэрхүү сонгуулийн үр дүн баталгаажаагүй буюу ИТХ 34 төлөөлөгчтэй байна. Хэдийгээр МАН 19 төлөөлөгчтэй байсан ч хоёр төлөөлөгч АН-ын талд үйлчилснээс болоод 17, 17 харьцаатай болж, хурлын үйл ажиллагаа гацаанд оржээ.
-ИТХ-ын үйл ажиллагаанаас болж Засаг даргын асуудал шийдэгдэхгүй явсаар энэ оны хоёрдугаар сард С.Сүхбаатарыг Засаг даргаар томилсон. Түүнээс хойш цөөнх болсон аймгийн АН-ын зүгээс байнга л Засаг даргыг огцруулна, бид ИТХ-д олонх болно гэсэн улстөрийн санаархал, үйлдлээ тасалдуулалгүй явсаар иржээ. Ингээд өнгөрсөн арваннэгдүгээр сарын 25-нд аймгийн ИТХ дахь АН, "Шударга ёс" эвслийн нэг, бие даагч хоёр хүний нийт 17 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй хуралдаж, аймгийн Засаг дарга С.Сүхбаатарыг огцруулах шийдвэр гаргажээ. Уг хурал ирц хүрээгүй, хууль бус болсон тул хүчинтэй гэж үзэх үндэслэлгүй байна.
-Дундговь аймгийн ИТХ бүтэн ирцээр хуралдаж чадахгүй байгаагаас Засаг даргын мөрийн хөтөлбөрөө ч хэлэлцэж баталж чадахгүй, төсөв, үндсэн чиглэлээ ч ярьж чадахгүй байна.
-Тус аймгийн МАН-ынхны үзэж байгаагаар АН-аас нэр дэвшиж, сонгогдсон хүмүүсийн дунд төлөөлөгч байх эрхгүй хэд хэдэн хүн бий аж. Тухайлбал, эрүүгийн гэмт хэрэг үйлдээд шүүхээр ял шийтгүүлсэн, ялгүйд тооцогдох хугацаа нь дуусаагүй нэг хүн бий. МАН-аас жагсаалтаар нэр дэвшиж орж ирчихээд, дараа нь намын харьяаллаа сольсон төлөөлөгч байна. Нийслэлд байнга оршин суудаг хүн Дундговьд төлөөлөгч болчихсон байх жишээтэй. Эдгээрийг хуулийн дагуу шийдвэл АН-аас 4-5 төлөөлөгч хасагдах магадлалтай юм байна.
Хөвсгөл аймаг:
-Орон нутгийн сонгуулийн дүнгээр аймгийн ИТХ-ын 41 мандатаас Монгол Ардын Нам 23, Ардчилсан нам 18 суудал авсан. ИТХ-ын анхдугаар хуралдаан 2012 оны 11 дүгээр сарын 28-нд хуралдаж, аймгийн Засаг даргаар Л.Ганболдыг сонгож, батламжлуулахаар Ерөнхий сайдад уламжилсан ч Ерөнхий сайд Н.Алтанхуяг Л.Ганболдыг томилохоос татгалзаж байгаагаа мэдэгджээ. ИТХ гурван удаа Л.Ганболдыг нэр дэвшүүлсэн ч Ерөнхий сайд Н.Алтанхуяг гурвууланд нь татгалзсан. Гурав дахь удаагаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Хөвсгөл аймгийн ИТХ-ын хуралдаан нь хуулийн хугацаа хэтрүүлэн хуралдсан, хурал зарлахаас 15 хоногийн өмнө мэдэгдэх шаардлагатай байсан” гэсэн шалтгаанаар томилохоос татгалзав. Гэхдээ цаагуураа хэвлэл мэдээллийн хэрэгслээр АТГ-т шалгагдаж байгаа, төрийн албанд ажиллаж байгаагүй учраас батламжлахаас татгалзсан гэх хуурамч мэдээлэл тараасан.
-Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Амарбаясгаланг энэ оны нэгдүгээр сард томилсон. Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчсөн дээрх шийдвэрийг эсэргүүцэж, МАН-ын гишүүд, дэмжигчид, иргэд сонгогчид Монгол Улсын Ерөнхийлөгчид энэ асуудлын талаар хүсэлт хүргүүлж, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн байдаг.
-Аймгийн Засаг даргад түр үүрэг гүйцэтгэгч тавьсан асуудлаар Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх “Ерөнхий сайдыг хууль зөрчсөн” болохыг тогтоов. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд Монгол Улсын Ерөнхий сайд Үндсэн хууль зөрчсөн тухай дүгнэлт гаргуулахаар хандсан. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан хуралдахын өмнөх өдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Засаг даргын үүрэг гүйцэтгэгч түр томилсон” захирамжаа хууль бус гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч цуцалсан байна.
-2013 оны есдүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэрээр Л.Ганболдыг дэвшүүлсэн аймгийн ИТХ-ын тогтоол хүчинтэй болохыг баталсан. Аймгийн АН-ын дарга уг хурлын шийдвэрийг эсэргүүцсэн гомдол гаргаад байв.
-Энэ хуралтай холбоотой түдгэлзээд байсан ”Ерөнхий сайд Н.Алтанхуягийг бүрэн эрхийнхээ хүрээнд Аймгийн засаг даргыг эхний удаад батламжлахаас татгалзан буцаах эрхтэй, хоёрдахь удаагаа уламжилсан нөхцөлд шууд томилох үүрэгтэй” гэсэн агуулгатай Л.Ганболдын нэхэмжлэлтэй Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн үйл ажиллагааг аравдугаар сарын 22-нд сэргээсэн болно. Улмаар энэ шүүх хурал 2013 оны арваннэгдүгээр сарын 21-нд болж, Ерөнхий сайд Н.Алтанхуягтай холбогдох уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан.