МОСКВА./TASS/. Туркийн төрийн тэргүүн Вашингтонд айлчлах үеэр гарсан хэрэг явдлыг мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы 9 бие хамгаалагчийг баривчлах зөвшөөрлийг Вашингтон хотын цагдаагийн газар олгожээ. Энэ тухай пүрэв гарагт “Associated Press” агентлаг мэдээллээ.

 

Мөн уг мөргөлдөөн зодоонд оролцсон Туркийн гурван цагдааг эрэн сурвалжилж байгаа аж.

 

“Эсэргүүцэгчдийн эсрэг үйлдсэн хүчирхийллийг бид бүгд нүдээрээ харсан. Бид үүнийг тэвчин өнгөрүүлж чадахгүй” гэж цагдаагийн газрын төлөөлөгч Питер Ньюсхэм хэлснийг тус агентлаг иш татжээ.

 

5 дугаар сарын 16-нд Турк улсаас АНУ-д суугаа элчин сайдын яамны байранд Ерөнхийлөгч Эрдоган байх үеэр Анкарагийн эрх баригчдыг дэмжигчид болон эсэргүүцэгчдийн хооронд мөргөлдөөн болсон юм. Үүний улмаас 9 хүн бэртсэн ба тэдний хоёр нь хүнд бэртэл авсан байна. Вашингтоны цагдаагийн газар уг мөргөлдөөнд оролцсон Эрдоганы хамгаалалтын албаны ажилтнуудад хариуцлага хүлээлгэх бодолтой байгаагаа илэрхийлжээ.

 

АНУ-д суугаа Туркийн элчин сайдын яамны төлөөлөгчид мэдэгдэхдээ "энэ зодооныг Турк улсад үйл ажиллагааг нь хориглосон Курдистаны Ажилчны намын гишүүд өдөөсөн" гэж баталж байгаа юм.

 

АНУ-ын Төрийн Департамент болсон хэрэг явдалд ихэд санаа зовниж байгаагаа илэрхийлжээ. 5 дугаар сарын 17-нд АНУ-д суугаа Туркийн элчин сайд Сердар Кылычийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Томас Шэннон дуудан ирүүлсэн бол 5 дугаар сарын 22-нд Туркэд суугаа АНУ-ын элчин сайд Жон Басс-ыг Туркийн Гадаад хэргийн яам дуудан уулзсан байна.

 

 

О.Барс 

Эх сурвалж: Монцамэ агентлаг