Домогт “Буур” Жамъян аваргын төрсөн нутаг тэрхийн голын хөвөөгөөр
2017/06/20
Түрүүч нь №127,128(5694,5695), 129(5696) дугаарт
Дархан аварга Б.Түвдэндорж, даян аварга Н.Жамъян нар. 1971 он
Буур аварга мал маллах эрдэм ухаанд гаргууд, улсын сайн малчин байжээ. Сайн малчны сайшаалын үнэмлэх гэж дэвтрийн цаасан дээр будгийн харандаагаар бичсэн алгын чинээхэн хуудас байдаг юм гэсэн. Морь хар уядаг байсан эсэхийг нь сонирхоход тийм зүйл дурдагдсангүй. Ер нь Тэрхийн цагаан нуур, Тариат тийшээгээ морь уяад, гүү бариад айргаа исгэж уугаад наадаж цэнгээд байх нь ховор хэмээн ахмадууд хэллээ. Хуучин нийгмийн үед Тариатын наадам өдрийн хугас болоод л дуусна. Зургаан насны морьдоо хамт уралдуулчихна. Үндсэндээ азарга, их морь, даага шүдлэн нь хамт уралдчихна гэсэн үг. Нэг наснаас ердөө дөрөв тавхан морь л уралддаг байсан юм уу даа.
Хорго тийшээгээ хүйтэн сэрүүн учир наадам өнгөрч, наймдугаар сарын эх хүртэл хүмүүс хөвөнтэй дээлнээс бараг салахгүй. Малчид нь зундаа гүүгээ унах нь бий. Унаж яваа гүүнийх нь даага сарваа араас нь дагалдана. Ямар сайндаа “Тариатынхан вогоонтойгоо явж байна” гэж зэргэлдээ сумынхан нь цаашлуулж байхав. Одоо бодит байдал их өөр болсон гэнэ. Их аваргын нутаглаж байсан сумынхантай уулзахад ийм яриа хөөрөө үүсч, инээд наргиан болоодохлоо.
“Манай хөгшин чинь дуу хуурт маруухан, нэлээн халмаглачихсан, сайхан зээрд болчихсон үедээ “ганаарай төмөөрэй гайгүйдээ” гээд дуу аялж байдаг сан. Харин хулганаас жигтэйхэн айна. Үе үе бид нүүдэл хийнэ л дээ. Хавар сумын төвөөс урагшаа Гичгэнийн голын хөвөө рүү гарч зусна. Гэрийн шал ачих болохоор л өвгөний бие зарайгаад явчихаж байгаа юм. Хулгана гүйлдэнэ гэж айгаад тэр. Би бас зүгээр байхгүй аавыг дамшиглана аа. Өөрөөр нь гэрийн шал өргүүлэх гэж үзнэ. Аав та тэр талынх нь булангаас өргөөдөх гэхэд хоёр нүдийг тас аньчихсан, сууж байгаад гараа сэмээрхэн доош нь шалны булан руу явуулж байгаа харагддаг сан. Мэхээрийн бор тос гэж байлаа шүү дээ. Түүнийг хийж байх үед л хулганаас үнхэлцгээ хагартал айсан хүн юм билээ. Гичгэнийн голд мэхээр нээж яваад хулганы ордтой газрын хажууд унтаад өгч. Нэг сэртэл эргэн тойрон хулгана дээлнийх нь ханцуй сугаар, өвөр дотор нь хүртэл гүйлдсэн шиг байгаа. Тэгээд манай хөгшин ухаан алдаад уначихсан гэдэг” хэмээн Гэлгээ гуай Цахираас Тариат сум руу явах замд буюу Тэрхийн цагаан нуурын урдхан тушаад ярьж бидний инээдийг хүргэв. Халхын хүчит их аваргыг бор хулгана л ухаан алдуулж унагаж байжээ гэх бодол эрхгүй ороод ирж байна.
Буур аваргын төрсөн бууц
Их аваргын хүч тэнхээг үе тэнгийнх нь залуучууд үзэх гэж хаврын шар өтгөн дээр ээлжилж барилдаад мэдээж дийлээгүй байна. Тэгэхээр нь дөрвөн лагс том залуу өтгөн дээр хэвтээд Жамъян аваргын хоолойд нь суран бугуйл углаж “Чи тийм л хүчтэй юм бол биднийг чирээдэх” гэж л дээ. Аварга хаврын шар өтгөн дундуур өнөө дөрвийг чинь хүржигнэтэл чирсэн гэдэг. Энэ тухай сүүлд аварга “Залуу насны ааг омог аюултай шүү. Яаж хоолойныхоо цагаан мөгөөрсийг тас татчихаагүй юм” гэж халаглажээ. Бага залуугаасаа ингэж хүч бяр, бие хаа нь тэгширсэн энгүй идгүй бөх байсан нь хэн бүхний яриагаар нотлогдоод ирдэг. Бөх хүн л болсон хойно их аварга сэжиг сүжгийн юм бас байсан нь мэдээж. Хоргын тогооны тийшээ нутаглаж байхад үе тэнгийнх нь өвгөд голын урдтайх уул руу улаан сонгинод хамт явъя гэж санал болгожээ. Аварга ч уулын зэрлэг сонгинод явах нь яадаг бол гэж бодоод хэвтэж байж. Яг явах болтол нэг хүн “Аварга та явах хэрэг байна уу. Тийшээ чинь дошгин шүү дээ” гэчихэж. Тэрхүү үгийг эмзэг хүлээж аваад, дотроо жаахан сүжиг муутай гарсан шиг байна. Очсон даруйд сонгиноо цохиж авах гэж байгаа нь тэр гээд хоёр талдаа үзүүртэй зэтүүгээ хүчтэй нь аргагүй далайгаад нэг талынх нь үзүүрээр нь тархиа яз цохичихжээ.Тэгээд л буцаад ирсэн гэдэг. Дахиж уул хаданд явах сүжиг нь буурсан байна.
Домогт их аваргын гол хобби ерөөсөө л шатар тоглох. Тариат, Цахир, Их тамир, Батцэнгэл, Булган уулын өвөр аймгийн төвд аваргынхыг ээлжлэн нутаглаж байхад хамтдаа шатар нүүгээгүй өвгөд хөгшид үнэндээ ховор юм билээ. Гэлэгжамц гуайтай аян замд явахад уулзаж учирсан бүхэн “Буур аваргыг харсан. Бусад хүмүүс шиг хүзүүгээрээ эргэж харж чаддаггүй, агуу том цээжээрээ эргэж хардаг хүн байсан. Манай аавтай, өвөөтэй минь ирж шатар нүүдэг байлаа” гээд л яриагаа эхлэх нь хууль. Гэлэгжамц гуай ч анх аваргынд шатар тоглох гэж очоод өндөр охиных нь барааг харсан гэдэг. Энэ тухай сүүлд тодорхой өгүүлнэ. Шатартай холбож мань хүн “Би чинь аваргатай ана мана тоглодог байлаа. Харин хүргэн болсноос нь хойш нэг их тоглоогүй юм. Өвгөнийг дандаа хожоод байлтай нь биш, бас зүгээр хожигдоод суултай нь биш. Хоёулаа нэг нүүнэ байгаа гэхээр нь ажилтай байна энээ тэрээ гээд бултчихдаг байсан” тухайгаа сонин болгох үүднээс хэллээ. “Тавин есөн оноос хөгшнийг өнгөрөх хүртэл буюу далан есөн оны хооронд бүтэн хорин жил хамт явсан. Хорин жил гэдэг хүний амьдралд урт юм шиг, маш богино ч юм шиг, тийм л ахар хугацаа” гэж тэрээр яриан завсраа хэлж байв.
Ц.Гэлэгжамц гуай гэргий, хүүхдүүдийн хамт
Буур аварга хүргэндээ их хайртай, хүндэтгэлтэй ханддаг байж. Ерөөс хүнийг муугаар хэлж байгаагүй, давсан бөхчүүдээ бус, унасан бөхчүүдээ ярих дуртай, тэр чигээрээ бөхийн жудаг, монгол эр хүний цөлх ухаан, ноён нуруу байсныг өмнөх тэмдэглэлдээ өгүүлсэн. Тариат сум, Мөрөн сумтай нийлснийг мэдэх хүмүүс нь мэднэ. Аваргын өргөө гэр утаагаа савсуулж байсан “тавын гудам” гэдэг нь сумын төвөөсөө дээш таван гудам л байж. Тариатынх сумын төвийнхөө дээхнүүр, Мөрөнгийнх нь доохнуураа нутагладаг юм гэсэн. Тэрхүү тавын гудамд суучихаад аварга мод хөрөөдөж харагдана. Гэлэгжамц гуайг ажлаасаа тараад ирж явтал мод хөрөөдөж суусан хөгшин нь гэнэт алга болчихно. Яваад очихоороо хөрөөгөө нуучихаад гаргаж ирэхгүй. Сүүлд буур аваргын хөгшин нь Гэлэгжамц гуайд үнэнийг хэлжээ. “Өдөржин ажилласан хүүхдийг орой ирэхэд нь мод хөрөөдүүлээд яахав” гээд хөрөөгөө нуучихдаг байж. Харин хүү нь өвгөн аваргыгаа мод түлээ уулнаас татахад ойртуулж байгаагүйг хэлнэ лээ.
Буур аваргыг Тариат суманд нутаглаж байхад буюу жараад оны сүүл үеэс далаад оны эхэн үе хүртэлх дөрөв, таван жилд Тариатын арван жилийн сургуульд бөхийн дугуйлан хичээллэсэн түүхтэй. Аварга бөх болох сонирхолтой зургаа, долоогоос дээших ангийн хүүхдүүдэд монгол бөхийн эрдэм, дэвээ шаваа, мэхийг зааж байсан. Тэртээ хориод оны эхээр Тариатын хүрээнд шавилан сууж жаахан Дамбий багшаараа бөхийн эрдэм заалгасныхаа хариу болгож Тариатын сургуульд бөхийн дугуйлан хичээллүүлсэн байна. Их аваргын дугуйланд ямар ямар хүүхдүүд явж, бөхийн эрдмээс нь суралцаж байсан нь анхаарал татдаг. Их хурлын дарга асан, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан, Монгол төрийн нэртэй зүтгэлтэн Раднаасүмбэрэлийн Гончигдорж, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн ерөнхийлөгчөөр хоёр дахиа сонгогдон ажиллаж байсан, нэрт академич Батболдын Энхтүвшин нарын олон улс төр, шинжлэх ухааны нэртэй эрдэмтэд буур аваргын дугуйлангийн сурагчид байв. Ирээдүйн академийн ерөнхийлөгч Энхтүвшинд буур аварга мэх заагаад зогсож буй зураг хөрөг ч байдаг л юм.
Их аваргынхаа нутгаар дөрөө харшуулан яваа Гэлэгжамц гуай бид Тариат сумын төвд нэгэн айлыг зорьж ирсэн нь Монгол Улсын хүчит начин Сундуйн Дамдинбазарын хүү, Тариатын сургуульд 40 жил багшилж буй Нарангэрэлийнх байсан. Аймгийн заан цолтой тэвхгэр хав дөрвөлжин энэ эр буур аваргын бөхийн дугуйлангийн сурагчдын нэг билээ. “Миний бие 1968-1970 оны хооронд Тариатын арван жилийн сургуульд суралцаж төгссөн. Тэр үед бөхийн секц дугуйлан гэдгийг мэддэггүй байлаа. Бөхийн багш дасгалжуулагч гэх мэргэжлийн хүн байхгүй байсан цаг. Буур аварга манай сургуульд 20 гаруй хүүхдүүдийг бөөгнүүлж үндэсний бөхийн гараа дэвээ заасан. Жижиг дугуй хэлбэртэй бор эсгийг бөхийн дэвжээ гэж дэлгээд дугуйлан маань эхэлж байсныг санах юм.
Аварга хүүхдүүдийг тойруулж суулгаад хуруу гарыг нь нэг бүрчлэн барьж үзнэ. Бас өргөж үзнэ. Чи бөх болохгүй юм байна гэж хэн нэгэнд тусгайлан хэлж урмыг нь хугалж байсангүй. Миний хүүхдүүд бүгдээрээ бөх болно оо гэдэг байсан. Тэр хүүхдүүд дундаас маш олон эрдэмтэн, төр нийгмийн зүтгэлтэн, гавьяат цолтнууд төрж гарсан. Харин би гэдэг хүн л бөхийн зам мөрөөр замналаа. Биеийн тамирын сургууль төгсч ирээд Тариатын сургуульд багшилж, аварга багшийнхаа бөхийн эрдмийг үе үеийн сурагчиддаа зааж байна. Наран багшийн шавь гэдгийг манай аймгийнхан дэвээ шаваагаар нь мэднэ. Энэ бол өчүүхэн надад өвлүүлж үлдээсэн эрдэм юм” гэж бахархан хэлэв. Түүний шавь нараас М.Цанлиг, Б.Амарзаяа, Н.Адъяабат нар улсын начин цол хүртэж, төрийн наадмын дэвжээнд багшийнхаа алдрыг дархалжээ.
“Буур аварга жаалхан сурагч бидэнд босч байгаад өөрийн биеэр дэвээ шаваагаа үзүүлнэ. Аргагүй л буур нэрэндээ таарсан, сүрдмээр одоогийн хэллэгээр динозавр шиг тийм аварга биетэй, яс томтой бөх байлаа. Дэвж байгааг нь дээшээ өлийцгөөн хараад сууж байгаа бидэнд дээрээс нөмрөөд буучих гэж байгаа юм шиг, гарынх нь хаялга намилга нэг л өөр. Нэг их олон мэх заагаагүй. Хамгийн түрүүнд суйлах мэхийг зааж байсан. Өрсөлдөгч бөхийнхөө сэнжигнээс атгаж аваад мөрийг нь хүчтэй цааш түлхэхэд өөрийн эрхгүй хөл нь гозойгоод гарт ороод ирнэ.
Тэгэнгүүт хөлийг нь аваад түлхчихдэг юм гэж хэлж, зааж байсан. Суйлах мэхийг гайгүй сайн сурсны дараа бидэнд нэг онцгой сонин мэх зааж өгсөн нь гар дээгүүрээ хөвүүлж татах юм. Би энэ мэхийг голлож хийдэг байлаа гэж аварга хэлнэ. Хөвүүлж татах мэхийг аварга бүр намайг босгож ирээд зааж байсан. Миний баруун мөрнөөс зүүн гараараа бариад, баруун гараа урдуур тэс хөндлөн тавиад гар дээгүүрээ хөвүүлээд татчихаж билээ. “Жижгэвтэр бие хаатай, жаахан бяд муутай хүнийг ингээд хөвүүлээд татчих амар байдаг юм” гээд инээвхийлж байсан. Аргагүй л бяртай хүний гардаж хийдэг, буур аваргын маань унаган мэх нь байж шүү. Би тэр мэхээрээ Гончигдорж, Жамбалдорж энэ хэдийг чинь хөвүүлж татах гэж амьхандаа ноцолдож л байлаа”. Нарангэрэл зааны амттай, үнэн бодит яриа ийн үргэлжилсээр.
Зураг дээр зүүн гараас "хужаа" Ө.Чүлтэмсүрэн арслан, Дорнодын "гулзгай" У.Дамчаа арслан, Их Монгол Шаравжамц аварга, Маршал Чойбалсан, Буур Жамъян аварга, даншгийн Буянтоо аварга. 1940-өөд он.
“Манай Наран ч энэ хавийнхаа том, бага ойн наадмыг толгой дараалан тогшсон хүн дээ” гэж Гэлгээ ах цаашлуулж байна. Үнэхээр ч тийм ажээ. Багшийн дээд сургуулийн биеийн тамирын ангийн оюутан ахуйдаа Баянаа аварга, Зэвэгийн Ойдов, Данзандаржаагийн Сэрээтэр нараар хичээл заалгаж явсан тэрээр Дамдин, Цэрэн, Бээжин аваргууд, Дагвасүрэн, Мөнгөн нарын хүчит арслангуудын тоосонд орж “Хөдөлмөр”, “Хоршоолол” нийгэмлэгийн зааланд цолтнуудын аманд гарч явсан удаатай. Тариатын “Ялалт” нэгдлийн 50 жилийн ойд түрүүлэн алтан Москвад 14 хоног амрах эрхийн бичгээр шагнуулж, далан зургаан онд Долгорсүрэн заан, Булганы Лхагвасүрэн начин нарын бөхчүүд Архангайд ирэхэд бүгдийг нь хаяж түрүүлэн гайхуулж байсан удаа бий гэнэ.
“Эрээн хавиргат” Төрбат арслан, Жаргалантын Арцын Гончиг начин, “даранцагаан” Ванчинсүрэн, Чулуутын “жонго” Даваасүрэн заан, Дүвчинжамц заан, “папаан” Жамъяншарав гээд тухайн цагийнхаа олон хүчит бөхчүүдтэй нөхөрлөж явсан Дамдинбазар начин буур аваргаа элгэн халуунаар дурсдаг байсныг хүү нь хэлж байна. “Би чинь аваргын нөмөр нөөлөгөнд олон чиг жил төрийн наадамд очиж барилдсан азтай хүн дээ” гэж наяад оны дунд үе хүртэл Тэрхийн голоороо нутаглаж байсан начин үнэн сэтгэлээсээ хэлнэ. Дамдинбазар гуай 1944 онд Баянаа аваргыг төрж байх жил улсын цол хүртсэн байдаг. Тэрээр сав л хийвэл буур аваргаа, мөнхүү төрийн наадамд морин өртөөгөөр очиж байснаа дурсдаг байжээ.
“Манай буур аваргыг чинь Маршал ихэд хүндэтгэнэ. Маршалын бөх ч гэдэг байсан.
Наадам тарсны орой Чойбалсан буур аваргыг машинаараа ирж авна. Түүнийг нь аварга ч мэддэг байсан. Нутаг хошууныхаа бөхчүүдээс “За хүүхээд, аваргадаа юу захих билээ” гэж асууна. Тэр үед ховор байсан гоё үнэртэй хятад ногоон тамхи, нар хамба, нанжин чавга, хромон гутал гээд багагүй зүйл хэлнэ дээ.
Ингээд шөнө дөл болсон хойно аварга хүндэтгэлийн цайллаганаас Маршалын унаагаар хүргүүлж майхандаа ирнэ. Нэлээн сайхан халанги, аавын хэлснээр бол сайхан улаан зээрд болчихсон ирдэг байж. Тэгээд л дээлийнхээ уужимхан өврөөс бөхчүүдийнхээ захиасыг гарган, хүн хүнд нь нэрлэж өгөөд, өөрөө Маршалын маань бэлэг юм гээд торго дурдан баадагнаад бүсэлчихсэн ирдэг сэн.
Ингэж л өвгөн буурал аваргынхаа хишиг буяныг олон жил хүртсэн” гэж Дамдинбазар начин үр хүүхдүүддээ магнай тэнэгэр хэлж байжээ. Буур аварга Дамдин начин нараас гадна Цахираас монхор Санжаа гэж заан цолтой, бас л өндөр том биетэй хүн байсан гэдэг.Дамдинбазар начны зураг гэж жигтэйхэн хөнхгөр том духтай, өргөн магнайтай, дэлдгэр чихтэй нэг их өндөргүй болов уу гэмээр хуучны зураг хүүгийнх нь хоймрын хананд өлгөөтэй харагдана лээ.
Шуудангийн 51 машины дугуй хагараад, жолооч нь данхраад энээ тэрээгүй явсан юм байлгүй. Буур аваргаар өргүүлсэн гэдэг. Аварга сууж байгаад өргөсөн юм гэнэ лээ.Нас нэлээд өндөр болсон үедээ тийнхүү шуудангийн “тавин нэг”-ийн данхраад болсон удаатай. АИХ-ын депутат болоод шинэ Үндсэн хуулийг батлалцаж явсан Тогтохын Ядамсүрэн гэж хүний дурдатгалд тэр тухай бий. “Манай хөгшин хөл гүйцэхгүй гэж боддог байсан, болж өгвөл сууж байгаад л өргөдөг байлаа. Гэхдээ хөл өвдлөө гэж нэг ч удаа таяг тулаагүй хүн шүү дээ” гэж Гэлгээ гуай хэлсэн. Энэ ярианаас үүдээд Ядамсүрэнгийн дурдатгал хөндөгдсөн хэрэг.
“Банзар гуай(босоо Банзар гэж алдарт арсланг хэлж байна), Ванчинсүрэн гуай, Дамдинбазар гуай энэ хэд уулзахаараа бөхийн тухай сайхан хуучилна. Манай өвгөн барагтай л бол дуугарахгүй. Нөгөө хэд нь урсгаж өгнө. Та нар их цээж сайтай юм аа гэж суудаг сан.“Даранцагаан” Ванчинсүрэн гэж идэр залуудаа гайхагдаж явсан заан Чулуутаас байсгээд л хүрч ирж өвгөнтэй хуучилна. Банзар арслан мөн зориод ирнэ. Тэр жил төрийн наадмын их шөвөгт манай хөгшин алдарт “мээтэн Аюур”, босоо Банзар, цэргийн Шагж гэсэн гурван хүчит арслантай үлдсэн байдаг. Буур аварга ирж ам аваарай хэмээн гарын даа нар хүнээр хэлүүлж байна гэнэ. Төрийн наадамд дараалаад гурвуулаа түрүүлчихсэн хүчит арслангуудыг чухам хэнийг нь амлах вэ гэдэг аваргад хэцүү байж л дээ. “За яахав, нэгийг нь тавьчих даа” гээд гарын даа нарын явуулсан хүнийг буцаачихаж. Хоёр, гурван удаа ч янз бүрийн зүйл хэлээд буцаачихсан юм уу даа. Тэгтэл “аварга өөрөө ирж ам бөхөө амла” хэмээн шаарджээ. “За яадаг билээ, хэнийг нь авдаг билээ” гээд гайхаад алхаж явтал өнөө гурван арслан чинь майхны тэнд тойрч суугаад ярилцаж байх юм гэнэ. Бүр ч хэцүү санагдаж. Энэ үед Банзар гуай, аварга та хэн нэгийг маань амлаж авах учиртай хө. Юу гэж таны саналаар зүгээр нэгийг нь тавих юм” гэжээ. Тэгтэл, хөөе хөөе түрүүлж дуугарснаар нь чамайг авий гэсэн байдаг. Ингээд алдарт босоо Банзар гуайг аварга цолны төлөө зүтгэж байхад нь амлаад хаячихаж. Сүүлд буур аварга Банзар гуайгаас “Чи тэгэхэд юм бодоогүй биз дээ” гэж асууж байсан гэдэг.
Өөлдийн гурван арслангийн нэг Архангайн Өлзийтийн босоо Банзар гуайтай Гэлэгжамц гуай мэндтэй устай, ойр дотно явжээ. Гэр орноор нь ч орж гарч явсан гэдэг. Далан найман онд аймгийн төвөөс албан ажлаар Өлзийт орохдоо гэрт нь очиж хуучилсан байна. “Банзар гуай гарт багтахааргүй сайхан чүнчигноров хөөрөгтэй. Тэр жил манайхыг хөгшнийхтэй айл аймаг Батцэнгэл суманд байхад Банзар гуай үе үе ирнэ. Нэг удаа Шивэртийн амралтад амрах гэж явахдаа аавынхаар дайрсан юм. Дараа нь амралтад нь яваад очлоо. Хүмүүсийг тойруулаад суулгачихсан, өнөө чүнчигноров хөөргөө бариад л хүнгэнэсэн сайхан хоолойгоороо ярина шүү дээ. Яндан цохиж байгаа юм шиг хоолой нь хүнгэнээд л явчихдаг сан. Арслангаас хүмүүс ихэвчлэн бөх л асууна. Урьдны хүмүүс мэдэхээ л ярихаас мэдэхгүйгээ худлаа хэлнэ гэж байхгүй. Их ядарсан үед, огтоос тааварлаагүй байхад мэх ороод ирдэг юм гэж Банзар гуай хэлж билээ. Тэгээд Их тамирын “нохой” Гомбо заантай барилдсанаа ярьж байсан. Нохой Гомбо заанд хоёр ч удаа унаад байж. Тэгэхдээ хоёр хөлдөө барьцгүй гүйлгэж унасан юм билээ. Ингээд гурав дахиа барилдаж байхдаа “энэ золиг гүйнэ дээ” гэж бодож л дээ. Өнөөх нь засуулынхаа ардуур орчихоод хоёр талаар нь бултганаад байх юм гэнэ. Нэг гарч ирээд дайрах шиг болтол нохой Гомбо толгой дээр нь байж байх юм гэнэ. Их сандарсан, ядарсан үед мэх ороод ирдэгт гэдэг нь тэр. Нохой Гомбоос түлхүүлээд Банзар өөрөө гүйчихсэн байгаа юм. Тэгж л хуучилж байлаа. Сүүлд гэрт нь очиход өнөө чүнчигноров хөөргөө Булганы Сайханы тийшээ хүмүүст арилжчихсан гээд сууж байсан сан. Гэлэгжамц гуай бид хоёр Арын сайхан хангайд хаврын сүүлч сарын тэлэмгэр цагаар домогт бөхчүүдийн тухай ийн хуучилж явна.
Сайхан бөхчүүдийн хууч яриа, Буур аваргынхаа тухай дурсахад зам хэрхэн шуударч байхыг ч анзаарах сөхөөгүй л яваа юм. “Би чинь Өөлдийн гурван арслантай гурвуулантай нь уулзсан хүн юмаа” гэж хэлсэн. Банзар гуайн тухай бид хоёр дахиа л хуучилна. Харин Өлзийтөөр тэр жил бууж мордож явахдаа Орхон голын хөвөөнд нутаглаж буй алдарт “улаан хүзүү” Дэлэг арслангийнд очсон байна.
1934 оны улсын баяр наадамд зодоглосон 1024 бөхөөс Төв аймгийн “Мөнгөнморьт”-ын Чимид арслангаар арав даван түрүүлж байсан Хүрэлийн Дэлэг арсланг “Гооргор хүзүүтэй жижгэвтэр хөх өвгөн байсан” гэж байна.
Төрийн наадамд хоёр удаа үзүүрлэж, олон удаа шөвгөрсөн хүчит арслан Өлзийтийн Жалбуугийн Чойжилсүрэнтэй бид нэг оны юм, тавин найман онд үзүүрлэхэд нь би наадам үзэж л байсан гэв. Чойжоо арслантай бүр чиг ойр явжээ. Аавтай нь онжав, дээрээс нь дотны нөхөр, нэг нутаг усны хувьд Чойжилсүрэн арслан ерэн таван онд жаран насандаа улсын наадамд зодоглохдоо гурвын даваанд Гэлэгжамцынхаа хүү Өсөхбаярыг амлаж тахимаа өгсөн түүх бий. Алдарт арслангаар гурав давсан Өсөхбаяр Гочоосүрэн заанаар дөрөв, Жигжидийн Мөнхбат аваргаар тав, Долгорсүрэнгийн Сумъяабазараар зургаа, Баянмөнхийн Гантогтохоор долоо давж шууд заан цолонд хүрсэн байдаг.
Баагий · 2017/06/20
Сайхан хууч ярилцлага байна. Гагцхүү Өлзийтийн Банзар алан бол Мэргэн гүний хошуу нутгийн уугуул Өлзийтийн уугуул бөгөөд Өөлд ястан биш боловуу. Хоймор нутаг хэмээх Хөсгөл аймгийн рашаант сумын 90 жилийн ойн дурсамжит түүхэн номонд Банзар асланг Сайн ноён хан аймгийн цЭЦЭРЛЭГ МАНДАЛ УУЛЫН рАШААНТ УУЛЫН ХОШУУНЫ унаган албат хэмээн бичсэнийг үгүйсгэх аргагүй бөгөөд нутгийн хөгшчүүд хуучилсаар ...
Зочин · 2017/06/20
HEND HAMAATAI N BEE