Бодол буюу бүхний эхэнд

 

Монголд багийн спорт хөгжиж байгаа эсэхийг хэсэг бодлоо. Сагс, хөлбөмбөг хоёроос л эхэллээ. Хөгжөөд ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг, их сонин. Энд тэндгүй спорт заал баригдаж, ногоон талбайнууд бий болж байгааг нь харахаар хөгжөөд ч байгаа юм шиг. Тэр талбай болгонд хөлсөө дуслуулан дуслуулан шигшигдсэн хэд нь Монголоосоо гарахаар амжилт тааруу. Дэлхий болон олон улсын холбоодын томоохон тэмцээнүүдэд  оролцохоор урьдчилсан болон сонгон шалгаруулах шатнаас хэтэрдэггүй. Манай баг тамирчид тэмцээнд амжилттай оролцоод ирлээ гэх дүгнэлт. Тэр амжилт нь ердөө л оролцсоноор хэмжигдэнэ. Ерөөс оролцож байгаа нь л амжилтын хязгаар мэт.

 

Энд албан ёсны тэмцээнүүдийг цохон дурдаж байгааг анзаарна уу. Тэрнээс клубын түвшинд гадаадын аль нэг клубын хоёр, гуравдугаар баг, ганц их сургуулийн багтай нөхөрсөг тоглолт нэртэй  бэлтгэл хангалтад нь оролцож тэнцсэн, хожсоноо амжилт гэвэл савангийн хөөсөөс ялгаагүй.  

 

Спорт бол ухуулагч

 

Спорт өөрөө нэгдүгээрт бүх нийтийг эрүүл, чийрэг байлгах үндсэн зорилготой. Гэхдээ хоёрдугаар дайны үеэс хойш үзэл суртал, ухуулгын чанартай том аппарат болсон. Олимпийн наадам, тив дэлхийн аваргуудад амжилт гаргахын тулд улс нь тамирчдаа манайхан морио уяж байгаа аятай л бэлддэг. Заримдаа адуундаа тариа тарьчихдаг шиг сэргээх тохиолдол ч бий. ОХУ-ын хөнгөн атлетик, дугуй, спортын гимнастикийн тамирчид сүүлийн нэг жилийн хугацаанд хэд хэдэн удаа Дэлхийн Сэргээшийн Эсрэг байгууллагын шалгалтад бүдэрсэн. Тэд сэргээш, стеройд буюу биеийн чадамж үлэмж нэмэх төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн хэргээр олон улсад өрсөлдөх, тэмцээнд оролцох эрхээ нэгээс доошгүй жилээр хасуулсан. Хамгийн гол нь тэдний зарим нь өөрөө ч юу хэрэглэснээ мэдээгүй. Холбооноос нийтээр нь хамруулж эм бэлдмэлийг биед нь уусгасан байгаа нь спортыг дэлхий нийтэд эх орноо сурталчлах гол ухуулга машин гэж хардаг гэдгийг илтгэх мэт.

 

 

Саяхан талбайн теннисчин Серена Уильямс их дуулгын тэмцээнд түрүүлсэн. Энэ тухай мэдээлэл дотроос түүнийг  8 долоо хоногтой жирэмсэн гэх өгүүлбэр нүдэнд тусав. Энэ тухай ч сэтгэгдлээр хэлэлцүүлэг өрнөсөн байлаа. Сэтгэгдлүүд дунд ЗХУ олимпод бага сартай жирэмсэн тамирчид явуулдаг байсан. Жирэмсэн эмэгтэйн биеийн чадамж энгийн үеийнхээс илүү байдагтай холбоотой байж магадгүй гэсэн нь анхаарал татаж байв.

 

 

 

Серена Уильямс нь үнэхээр жирэмсэн байхдаа амжилт үзүүлсэн ганц тамирчин биш ажээ. Австралийн нээлттэй тэмцээнд 7 дахь удаагаа түрүүлсэн бүсгүйгээс гадна элсний воллейболын 2012 оны Лондонгийн Олимпийн аварга Кэрри Вэлш Жэннингс, 2010 оны Олимпийн мөнгөн медалт кёрлингчин Кристи Мүүр, Малайзын буудагч Нур Суряни Мохамед Тайби, АНУ-ын гүйгч Алиса Монтана гэх мэт нэрс хөвөрнө. Үнэхээр тэр сэтгэгдэл үнэн эсэхэд эмч “эмэгтэй хүн жирэмсэн байх үед түүний биед байнгын дааврын өөрчлөлтүүд явагддаг, үүнийг нь хэрэгтэйгээр ашиглаж чадвал сэтгэл санаа өөдрөг, биеийн чадамж энгийн үеэс нэмэгдэх  боломжтой” гэсэн хариултыг өгөв. Спорт бол улсын нэр хүнд, улс төрийн үзэл баримтлалыг дэлхийн тавцанд ухуулах маш том аппарат, сурталчилгааны хэрэгсэл. Урлагтай төстэй.

 

 

Багийн спорт дэлхийд  

 

Тэгвэл спорт дотроо ганцаарчилсан болон багийн спорт гэж ангилагдана. Багийн спорт нь ганцаарчилсан спортыг бодвол олон хүний авьяас чадвар болон ялан дийлэх хүсэл тэмүүллийн огтолцол гэж хэлбэл зохилтой. Ганцаарчилсан төрлийг бодвол багийн сахилга бат, сэтгэл зүй, уур амьсгал, шийдвэр гаргалт гээд бүх зүйл бусдынхаа хөлс, хөдөлмөрийн төлөө байх ёстой. Спорт өндөр хөгжсөн орнуудад биеийн хүч, ерөнхий чадамж, ур чадвар, сэтгэлзүй, тактик гээд бүх зүйлийг тус бүртээ мэргэжилтнүүд хариуцаж, тамирчидтай тулж ажилладаг. АНУ-ын Олимпийн багт багтаж явдаг мэргэжлийн сагсчид ихэнх нь ганцхан жилийн коллежийн боловсролтой эсвэл ахлах сургуулиа төгсөөд гадаадын лигүүдэд тоглож байгаад НБА-д орсон дунд түвшний боловсролтой байдаг. Тиймдээ ч АНУ-ын сагсан бөмбөгийн шигшээ багийг нэгдсэн байдлаар харилцааны хичээлд хамруулж Олимпийг зорихоос өмнө соёлын довтолгоо өрнүүлдэг.

 

 

Эдгээрээс гадна багийн спортууд нь хамгийн үзүүштэй нь. Сагс, хөлбөмбөг, воллейбол, гар бөмбөг, хоккей гээд бүгд л дэлхий дээр хамгийн олон фэн хүрээлэлтэй спортууд. Тиймдээ ч Олимп дэлхийн аваргын үеэр дандаа шилдгүүд нэг доор хуран чуулдаг учраас дэлхий тэр чигээрээ тэднийг хардаг. Америкт л гэхэд Лондонгийн Олимпийн эрэгтэй сагсан бөмбөгийн аваргын төлөөх тоглолтыг 13 сая хүн шууд хүлээн авч үзсэн тооцоо бий. Ийм учраас харилцааны соёл, боловсон, хүнлэг энэрэнгүй, тэмцэгч дайчин байх гээд их олон зүйлсийг шаарддаг. Учир нь тэд өрсөлдөх явцдаа эх орныхоо толь болж байгаа учраас тэр.

 

 

Монголын багийн спортын үнэн төрх

 

Анхаараарай, анхаараарай Монголын багийн спортод анхаарал тавих хэрэгтэй байна. Бид дэлхийгээс хоцорч явна. Тамирчдын ур чадвар сүүлийн жилүүдэд нэмэгдсэн, гадаадын легионер тоглогчид ирдэг, энд тэндэхийн тэмцээнээс медаль хүртсэнийг хөгжил гэж харах нь өрөөсгөл.

 

 

Хүүхэд залуус спортоор хичээллэж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ спорт салбараараа хөгжихгүй бол дотооддоо “бааварлаад” хэрэг юун. Тогооноосоо гарах л хэрэгтэй. Спортын мэргэжилтэн ахын “одоо ч спортын мастер цолгүй хүүхэд байхаа больжээ” гэх үг бодит дүгнэлт. Жилд хоёр удаа насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлээд л болзлыг нь хангачихаж байхад аргагүй биз. Монголд сагсан бөмбөгийн гурван ч холбоо ажиллаж, холбоо бүрийн нэрэмжит улсын аварга болдогтой ч энэ холбоотой. Монгол гэдэг тогоон дотроо бол сайн өрсөлддөг. Харин гадагшаа явах боломжгүй!!! ФИБА буюу олон улсын сагсан бөмбөгийн холбоо руу Монгол Улсыг төлөөлж гурван холбооноос захидал очдог. Нөгөөдүүл нь манай улсыг аль холбоо төлөөлж байгааг ойлгоогүй учраас учраа олтлоо битгий наашаа ханд гэсэн шийдвэр гаргадаг. Үүнээс болоод тодорхойгүй хугацаагаар манай шигшээ баг тэмцээн уралдаанд оролцох боломжгүй болчихсон.

 

 

Тэгвэл энд тэндэхийн заалнуудад болдог есөн шидийн лигүүдэд орж байгаа залуус юуны төлөө өрсөлдөөд байгаа юм бол? Ахиж дэвших, дотоодын өрсөлдөөнөөс гарч, гадаадад тоглох боломж тэдэнд алга. За тэгээд өөр өөрсдөдөө дасгалжуулагч, сэтгэлзүйч болж байгаа хүүхэд залуустай сахилга бат, харилцааны соёл яриад ч хэрэггүй нь ойлгомжтой. Сонирхогчдын лигүүдэд шүүгч нараа хараах, занах, тэдэнтэй зодолдох, эсрэг багийнхантайгаа муудалцах, гар зөрүүлэх зэрэг үйлдэл олон гардаг. Тоглолтын үеэр тохойдох, ёврох зэрэг нь энгийн үзэгдэл болсон. Өөрөөр хэлбэл тоо нь хэтэрсэн лиг, тэмцээнүүд хараа хяналтгүй, зохион байгуулалтгүй болдог гэсэн үг.

 

Хөл бөмбөг ч ялгаагүй. Холбоо нь байнгын хэл ам дагуулдаг. Олон улсын хөл бөмбөгийн холбооноос ирдэг санхүүжилтийг яасан нь тодорхойгүй алга болдог. Мөн гадагшаа явах шигшээ багийн бүрэлдэхүүнд хөл бөмбөг өшиглөж ч үзээгүй залуус багтаж гээд тоочоод байвал асуудал олон.

 

 

Эцсийн дүгнэлт

 

Харин энэ бүхнийг телевизээр энгийн зүйл мэт л ярина. Бүгд л хөгжлийн төлөө явж байгаа мэтээр өөр өөрсдийн байр сууриа хамгаална. Системийн хувьд, бүтцийн хувьд өсөлт дэвшилт юу байна? Тамирчдын ур чадвар сайжирч байгаа асуудал бол хүүхэд залуус дуртай спортдоо цаг зарцуулж, сэтгэл гаргаж байгаатай шууд холбоотой. Харин аль нэг холбооны нэгдсэн бодлогын системийн сайных биш. Тамирчид дээд үе, багш дасгалжуулагчдаа уйгагүй бараадаж, гадаадын бичлэгүүдийг үзэж, уйгагүй давтаж байгаагийн л үр шим.

 

Нийтлэлийн эхэнд дурдсанчлан спорт бол манай улсыг олон улсын тавцанд төлөөлөх нэг том салбар, ухуулах хэрэгсэл. Тэгвэл энэ нүүр царайг зөвөөр илэрхийлэх систем, бодлогыг бий болгох ажлыг анхааралдаа аваач. Багийн спортуудад зүрх сэтгэл, цаг заваа зарцуулж, хөлс бүрээ үнэ цэнэтэй байлгахыг хүсч байгаа тамирчдыг битгий үнсэнд хаясан шалз шиг орхиоч, эрхэм бодлого тодорхойлогчид оо. Монголын спорт тэр дундаа багийн спортынхон буруу замаар будаа тээх гээд байгааг нь хараагүй юм өнгөрөөсөөр байвал дэлхийд эх орноо сурталчлах нэгэн хэрэгслээ алдана гэсэн үг. Энд бодлого гаргагчдаас гадна спортын сэтгүүлчид, хөгжөөн дэмжигчид ч чухал үүрэгтэй.

 

Б. Энх-Амгалан

www.shuud.mn