​Австрали эзэнтэй гэх боловч Монголын нэр нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдээр “хамгаалуулсан”, улс төрд томоохон нөлөөтэй “Aspire Mining” компани Хөвсгөл аймагт коксжих нүүрсний Овоот ордыг эзэмшдэг.

Өнгөрсөн зун л гэхэд Хөвсгөлд төмөр зам тавих тухай яриа гарч “Хэрэв зорчигч тээврийн зориулттай байсан бол аялал жуулчлалыг хөгжүүлэх гэж байна гэхсэн. Харин ачаа тээврийн зориулалттай энэхүү замыг яаран тавьж байгаа нь Хөвсгөлийн баялгийг зөөх гэж байгаа гэдгээс өөрөөр ойлгох аргагүй” хэмээн хардлага дагуулж байсан юм. Энэхүү хардлага ч эдүгээ биеллээ олж Овоот ордоос эхний ээлжинд 1.3 сая тонн коксжих нүүрс нийлүүлэхээр харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан тухай хэвлэлүүд болон гадны зарим вэб сайтад мэдээлж эхэллээ. Гэхдээ ОХУ-ын төмөр замын сүлжээгээр Алс Дорнодын боомтыг ашиглан тээвэрлэж дэлхийн зах зээл дээр өрсөлдөхүйц үнэд хүргэх гарцыг олсон аж. Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Aspire Mining” компанийн мэдэл дэх Овоотын ордын ил уурхайд 253.1 сая тонн, далд уурхайд 27.9 сая тонн коксжих нүүрсний нөөцтэй гэж мэдээлээд байгаа билээ.

“Aspire Mining” ком­панийн гол хувьцаа эзэмшигчдийн тухайд “Алтай констракшн”-ий захирал Х.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан, хожим нь “Мон-Атом” компанийн захирлаар ажиллаж байсан Р.Бадамдамдины хүү Б.Баттүвшин, олон нийтэд төдийлөн танил болоогүй ч бизнесийн хүрээнийхний сайн мэдэх Г. Зундуйсүрэн нар гол хувьцаа эзэмшигчээр нэрлэгджээ. Мөн “Гилчиг гол” ХХК, “”Урт хутлага” ХХК, “Овоот” коксжих нүүрсний төсөл, “Хүрэн чулуут” төмрийн хүдрийн төсөл, “Жилчигбулаг” болон “Нүрээнт” хүрэн нүүрсний төслүүд ихээхэн анхаарал татаж байсан. Түүнчлэн Хөвсгөлд төмөр зам барих асуудлыг ихээхэн дэмжиж байсан багийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн асан Батж. Батбаярын хүү, “Crown Phosphate” компанийн ерөн­хий захирал Б.Батхишиг болон тэдний гэр бүлийн мэдлийн “Талст маргад” компани, мөн “Бүрэнхаан фосфат” зэрэг компаниуд ашиг сонирхлоороо давам­гайлж харагдсан.  

Тэдгээрийн хүчин зүт­гэлээр тухайн үеийн Засгийн газар 2012 оны долоодугаар сарын 4-ний хуралдаанаараа Эрдэнэт-Мөрөн-Овоотын чиглэлийн 328 км төмөр зам барих шийдвэрийг гаргаж билээ. Ямартай ч Хөвсгөлдөө хайртай монголчуудаас эмээсэн тус компанийнхан өөр гарцыг олсон нь энэ бололтой. Харин оронд нь ямар тохироо хийсэн байж болохыг бид олж мэдээлэх болно. Учир нь “Үнэгүй бяслаг” өгдөггүй оросууд төмөр замаа хямд ашиглуулахгүй нь ойлгомжтой.

 

У.Оргилмаа