Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн үйл явцын талаар Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгээс тодрууллаа.

-Сонгогчдын идэвх харьцангуй сул байгаа гэж мэдээлсэн. Ирц нэмэгдүүлэхийн тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?
-Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар ирцийн мэдээг 10.00 цагаар авч байсан. Энэ удаад 12.00 цагаар авч байгаа болохоор шууд харьцуулахад төвөгтэй. Гэхдээ өнгөрсөн сонгуулиар цагийн 8 хувийн ирцтэй байсан бол энэ удаад 4 гаруйхан хувьтай байна. Тэгэхээр өмнөх сонгуулийг бодвол иргэдийн сонгуульдаа оролцож, саналаа өгч байгаа идэвх тааруухан байна. Тийм учраас СЕХ-ноос аймаг, нийслэл, сум дүүргийн сонгуулийн хороодод иргэдийг идэвхтэй сонгуульдаа оролцуулж, саналаа өгөх тал дээр идэвх санаачлагатай ажиллахыг анхааруулж байна. Нийт сонгогчиддоо хандаж хэлэхэд, үдээс өмнө саналаа өгсөн сонгогчдод талархал илэрхийлье. Саналаа хараахан өгч амжаагүй байгаа иргэд хуулиар тогтоосон хугацаанд саналаа өгөхийг уриалж байна.

-Иргэдийн ирц тааруу, удаан байх шалтгааныг юу гэж үзэж байна вэ?
-Өмнөх сонгуулиудыг ихэнхдээ лхагва гарагт зохион байгуулдаг байсан. Өмнөх өдөр болон маргааш нь ажлын өдөр гэсэн үг. Харин энэ удаад даваа гарагт хийж байгаа учир амралтын өдрөөр зусландаа гарсан хүмүүс өглөөгүүр хараахан орж ирж амжаагүй байж болзошгүй гэж үзэж байгаа. 

-Сонгогчдын ирц бүрдэхгүй бол яах вэ?
-Энэ талаар хуульд маш тодорхой заасан. Ирц бүрдээгүй хэсгийн хороонд нэмэлт санал хураалт явуулна. 

-Цаг агаарын нөхцөл байдал ямар байна вэ? Цаг агаараас шалтгаалж саналаа өгч чадахгүй байгаа тохиолдол байна уу?
-ОБЕГ-т СЕХ-ноос тодорхой үүрэг даалгавар өгсөн. Гол ус гаталж саналаа өгөх 1900 гаруй сонгогчдод зориулж техник хэрэгслийг бэлэн байлгах, аврах багийг бэлэн байдалд ажиллуулах үүрэг чиглэл өгсөн. Одоогийн байдлаар энэ талаар гомдол ирээгүй байна. Ерөнхийдөө нутгийн нийт хэсгээр өнөөдөр бороо хургүй, нартай, халуун байх төлөвтэй байна. 

-Санал хураалт эхэлснээс хойш сонгуультай холбоотой зөрчил, гомдол ирсэн үү? Саналаа өгсөн билл-ийг сонгогчдоос худалдаж авч байна гэх мэдээлэл гараад байна.
-12.00 цагийн байдлаар СЕХ-нд ирсэн гомдол мэдээллийн дийлэнх нь сонгуулийн автоматжуулсан системтэй холбоотой мэдээлэл байсан. Бид энэ асуудалд анхаарч, автоматжуулсан системийн эвдрэл, саатлыг арилгасан. Одоо бол автоматжуулсан систем хэвийн ажиллаж байна. Хоёрдугаарт Хан-Уул дүүргийн Яармагийн дөрвөн хэсгийн хороонд цахилгааны саатал гарсан. Үүнд яаралтай арга хэмжээ авч, нэмэлт эх үүсвэрийг тавьж хэвийн ажиллагааг хангалаа. Билл худалдаж авсан зэрэг гомдол ирээгүй. 

-Сонгуулийн дүнг хэрхэн зарлах вэ?

-СЕХ-нд байрлах дэлгэцээр санал авах 1983 хэсгээс ирэх мэдээг шууд үзүүлж танилцуулна. Өнгөрсөн 2016 оны сонгуулиар энэ дэлгэцэнд ирсэн мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллага шууд дамжуулж үзүүлсэн. Энэ жишгээр дүнг зарлана. Нийт хэсгийн хороодоос 22.00 цагаас хойш мэдээлэл ирж эхэлнэ. 


-Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгсөн иргэдийн тоо өнгөрсөн сонгуулиас харьцангуй өндөр байсан. Энэ юутай холбоотой вэ?
-Өчигдөр буюу зургадугаар сарын 25-ны өдөр зөөврийн битүүмжилсэн хайрцгаар иргэдийн саналыг авсан. Ирцийн хувьд урьдчилсан байдлаар 94 хувь нь саналаа өгсөн байна. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар 24 мянга орчим сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх хүсэлт гаргаж 22 мянган иргэн өгсөн. Энэ удаад ирц ахицтай гарч, бүртгүүлсэн иргэд бараг бүрэн хамарсан. 

-Сонгогчдын овог нэр давхацсан тохиолдол гарсан. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Сонгогчийн бүртгэлтэй холбоотой асуудлыг Иргэний бүртгэлийн төв байгууллага хариуцна. Гэхдээ СЕХ энэ талаар лавлаж, мэдээлэл авахад ижил овог, нэртэй хүмүүс Монголд их байдаг юм байна. Овог нэр давхцах тохиолдол байх ч регистрийн дугаар өөр байна.

-Нэр дэвшигч С.Ганбаатартай холбоотой маргааныг шүүх хурал болно. Энэ тохиолдолд сонгуулийн дараа үр дүн хэрхэн өөрчлөгдөх вэ? 
-
Нэг зүйлийг анхааруулж хэлэхэд сонгуулийн сурталчилгаа дууссан. Өнөөдөр санал хураалт болж байна. Тиймээс нэр дэвшигчийн талаар сайн, муу мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргахгүй байх нь СЕХ, сонгуулийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн ёс зүйд нийцнэ. Тийм учраас гурван нэр дэвшигчийн нэгийнх нь талаар СЕХ ямар ч тайлбар хийхгүй. 


 

Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал

montsame.mn