Өнөөдөр "хүний эрхийг хамгаалах өдөр" уриа лоозон яримааргүй байна
2013/12/09
Өнөөдөр олон улсын Хүний эрхийн өдөр тохиож байна.
Энэ өдөр улс орнуудын болон бүс нутаг тив, дэлхийн хэмжээний байгууллагууд хүний эрхийн асуудалд дүгнэлт хийцгээдэг. Түүхийн үүднээс 1950 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн 12 дугаар сарын 10-ны эл өдрийг олон улсын хүний эрхийн өдөр болгон тэмдэглэхийг уриалжээ.
1948 онд НҮБ-аас хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсан юм. Хүний эрхийн тухай асуудлыг Францын сэхээтэн Вольтер, Жан Жак Руссо нар анх ярьж бичиж байлаа. Гэвч 200 жилийн дараа л хүн төрөлхтөн хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсан юм.
Хүний эрх, эрх чөлөөг дээдлэн сахих нь бүх нийтийн аюулгүй байдал, энх тайвны үндэс болохыг тунхаглаж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал хэмээх баримт бичгийг 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлан гаргасан билээ. Үүнээс хойш жил бүрийн эл өдрийг "Олон улсын хүний эрхийн өдөр" болгон дэлхий нийтээр тэмдэглэж, өдгөө 65 дахь жилийн нүүрийг үзэж байна.
Энэ жилийн хүний эрхийн өдрийг Венийн тунхаглал батлагдсаны 20 жилийн ойтой холбоотойгоор "Хүний эрхийн төлөөх он жилүүд” уриан дор тэмдэглэх бөгөөд улс орон бүр хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хамгаалах, хангах асуудлаар хүрсэн ололт, амжилтаа дүгнэн цаашид хийх ажлаа төлөвлөн өнгөрүүлэхийг НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын Газраас уриалжээ.
Монгол Улсын хувьд сүүлийн 20 жилд хүний эрхийг хангах, хамгаалах, хүндэтгэх асуудлаар чамлахааргүй амжилт олоод байна. Хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан 20 гаруй олон улсын гэрээ, конвенцэд нэгдэн орж, Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тухай хууль, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль зэрэг эрх зүйн шинэтгэлийн хүрээнд олон багц хуулиудыг батлан гаргасан байх юм.
Хууль дүрмийн ч яахав батлаад гаргаад байдаг юм байж. Харин бодит амьдрал дээр бага насны хүүхдээс авахуулаад насанд хүрэгчид хүртэл эрхээ хамгаалуулж чадахгүй байгаа гэхэд хилсдэхгүй. Ийн хэлэхийн учир Манай улсад сүүлийн жилүүдэд бага насны хүүхэд ах, эгч, аав, ээждээ балмад хэрцгийгээр зодуулж бие махбодиор хохирсон асуудлууд гарах болсон. Тэр бүү хэл хүний наймааны золиос болон худалдагдаж, амиа алдсан тохиолдолууд бий.
Баримт нэг: Өнгөрсөн тавдугаар 10-нд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд 46 настай иргэн Д өөрийн таван настай хүү заазуурдаж бэртээсэн хэрэг гарсан. Төрсөн хүүгээ заазуурдан гэмтээсэн 40 гаруй насны иргэн Д нь хэргийг үйлдэх үедээ согтуу байсан бөгөөд өмнө нь гэр бүлээ дарамталж, хүүхдүүдээ зодож танхайрч байсан 10 гаруй үйлдэл нь цагдаагийн байгууллагад тэмдэглэгдсэн байна. Хэргийг үйлдсэн Д-г эрүүлжүүлж улмаар амралтын өдөр гэрт нь буцааж гаргасан бөгөөд энэ үедээ тэрбээр эхнэр, хүүхдээ дахин дарамталсан.
Баримт хоёр: Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг гэх газар гуравхан настай охиноо хөнөөсөн аймшигт хэрэг гарлаа. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хорооны оршин суугч Ж гэгч 37 настай эмэгтэй үйлдсэн юм.Түүнийг охиныхоо толгойг заазуураар тасдаж хөнөөсөн гэдэг. Тэрбээр охиноо заазуураар тасдаж хөнөөсөн гэх мэдээлэл баталгаагүй хэдий ч онц хэрцгий аргаар хүний амь нас хөнөөсөн хэмээн цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэсэн. Харин тэрбээр цагдаагийн алба хаагчдаас ганц л зүйл хүсчээ. Ж "Би охиныхоо оршуулгыг хийхийг хүсч байна. Охины минь оршуулгад намайг оролцуулж өгөөч" хэмээн гуйсан байдаг.
Баримт гурав: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 16 настай Б-г авга эгч Д нь 3 жилийн турш гаднах амбаартаа хорьж, зодож тамласан хэрэг гарсан. Хөршийнх нь мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн байгууллага авга эгчийнх нь хашаанд очиход Б гэгч хүүг цонхгүй, 1.3:3 метрийн харьцаатай модон амбаарт хорьж, нэг хөлд нь гинж зүүж, толгой нь хатуу зүйлээр цохиулснаас болж цус гарч хатсан, нуруу, гар, хөл нь бүхэлдээ сорвитой, турж эцсэн байдалтайгаар олджээ. Мөн өмсөж байсан гутал нь багадсан тул урд хэсгийг нь тайрч, оймсгүй хөлийн хуруунууд нь ил гарсан байжээ. Хүү амбаарт хэдэн жил хоригдсон нь нарийвчлан тогтоогдоогүй байгаа бөгөөд хууль хяналтынхан ойролцоогоор 3 жил хэмээн үзэж буй. Б гэгч хүүг авга эгч нь амбаараас гаргадаггүй байсан төдийгүй ундааны сав, гялгар уут зэрэгт бие засуулдаг байсан байна.
Б хүүгийн аав 2009 онд нас барснаас хойш түүний төрсөн ээж нь Улаанбаатар хотоос хэд хэдэн удаа очиж, хүүтэйгээ уулзах гэсэн боловч авга эгч Д нь огт уулзуулдаггүй байжээ. Энэ хэргийг тогтоосон цагдаагийн байгууллага хүүгийн ээжтэй холбоо барьж Хөвсгөл аймагт дуудаад, хамгаалалтандаа аваад байсан хүүг ээжид нь хүлээлгэн өгч, асрамжинд нь шилжүүлсэн юм.
Энэхүү жагсаалтын дараагаар хүний наймааны золиос болсон охид бүсгүйчүүд болон их цалинтай ажил хийлгэнэ гэсэн зараар хар тамхи тээвэрлэн зөөсөн хэргээр харь оронд ял эдлэж байгаа олон залуус бий. Тэд амьдрахын эрхээр сайхан үгтэй зарт хууртдагсан улс. Эхний удаад хар тамхийг зөөвөрлүүлэхэд ямар ч зөрчил гаргадаггүй байна. Мөнгөний амтанд дасгаж байгаад их хэмжээний тамхи хилээр гаргах үедээ баригддаг гэж хохирогчид ярьдаг.
Мөн хүний наймааны ойрын жишээ бол, Хүний наймааны золиосонд охиноо алдсан Ц.Ганзориг өнгөрсөн аравдугаар сард нас барсан билээ. Тэрээр охиноо хүний наймааны золиосонд алдсан тул “Хүний наймааг зогсооё” хэмээн өлсгөлөн зарлаж байсан юм. Гэвч охиныг нь хохироож, хүчээр биеийг нь үнэлүүлж байсан хүмүүст хуулийнхан одоо хүртэл арга хэмжээ авч, хариуцлага тооцоогүй байгаа билээ. Харин талийгаач Ц.Ганзоригийн эхнэр,хүү, найман сартай жирэмсэн охин гурвыг саатуулж, цагдан хорьсон талаарх мэдээлэл гарсан билээ. Тэд гэр бүлээрээ танхайн сэдэлтэй хэрэгт холбогдсон талаар албаныхан хэлж байсан. Тэгвэл Ц.Ганзоригийн эхнэр хоригдсоноосоо хойш бие нь муудсан аж.
Саяхан хэд хоногийн өмнө хүний наймаанд төрсөн охиноо харамсалтайгаар алдан тун удалгүй өөрөө таалал төгссөн Ц.Ганзориг ахын эхнэр миний утас руу залгаж “Эгч нь 8 сартай жирэмсэн охинтойгоо цуг шоронд орж байх шиг байна даа миний дүү, мэдэх юм алга хорино л гэнэ энэ улсууд” гэж хэлээд утас нь тасарсан юм.
Өнөөдөр тэд цагдан хоригдож байна, охиныг нь хулгайлж олон жил хүчээр биеийг нь үнэлүүлсэн Алтанзул гэгч эмэгтэй хохирогч болж энэ гэр бүл харин гэмт хэрэгтэн болж байгаа юм шиг байна даа.
Гэрч хохирогчийг хамгаална л гэнэ, тэгтэл өөрийгөө золиослон бусдыг гэрчилсэн, хүний амь аврах мэдээллийг нийтэд түгээсэн, шударга үнэний төлөө тэмцсэн хүмүүсийг “Чи энэ хэргийг өндөр авахуулдаг хэн бэ ? Чи бид нарын ажлыг хийдэг болоо юу ? Яасан хол явдаг бацаан бэ чи ? Хэрвээ гэрчийн мэдүүлэг чинь зөрвөл 2-5 жил шүү” гэх мэтээр хууль сахиулагчид өөрсдөө дарамталдаг. Ингэх юм бол наад хуулиа ч баталсны хэрэггүй, гэрч хохирогчийн талаар ярьсны ч хэрэг байхгүй, та нараас өөрсдөөс чинь айгаад хэн ч дахиж мэдээлэл өгч чадахаа болино. Хүмүүс ерөөсөө цагдаад мэдэгдэж чадахгүй байна, арга ядсандаа ганц нэг төрийн бус байгууллага, итгэлтэй санагдсан зарим нэг хүндээ хандаж байна. Хүний наймааны хохирогч болсон хүмүүс, түүнийг баттай гэрчилж чадах ар гэрийнхэн зөндөө байгаа. Төрсөн дүүг нь харгисаар яргалан бусдад худалдаж, дараа нь амийг нь хороосон новшнуудыг маш сайн мэдэж байгаа бүсгүй яг одоо чимээгүй хорсохоос өөр зүйл хийж чадахгүй байна. Тэр одоо хэнд ч итгэхээ больсон, итгэх гэхээсээ илүү тэр айж байгаа. Тэднийг ашигладаггүй харин дарамталдаг, хэвлэл мэдээллийнхэн ч ялгаагүй мэдээгээ өндөр авахуулчихаад хүнээ боддоггүй “Ийм чухал, аюултай мэдээллийг олон нийтэд хүргэж сэрэмжлүүлэг болгох нь бидний үүрэг” гэж ярьдаг ч эргээд тухайн хүнээ хамгаалах боломж тэдэнд хомс байдаг. Мэдээж бүгд биш.
Манай улс хууль дүрэм ярихдаа гаргууд гээд хэлчихэж та бүхэн битгий гомдоорой. Харин хохирогчоо хамгаалж, хэрэгтэнг олохдоо хайнга хандаж, хэтэрхий нэг талыг барьж ажилдагийн нэгэн жишээ дээрхээс харагдаж байгаа юм.
Тиймээс "Хүний эрхийнхээ өдөр" хууль сахиулагчдыг харь оронд бусдын гарт тамлуулж буй эмэгтэйчүүдийг битгий буруутан болгож, тэдний амьд явах эрхийг нь бүү хасаач гэж хэлмээр байна.
Хэдийгээр тэд өөрийн сайн дураар явсан ч Монгол хүн. Бидний мах цусны тасархай шүү дээ.
Х.Даваа
Зочин · 2013/12/10
Аймаар юм.