УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд үүрэгт ажлаасаа огцрохоор өргөдлөө өгөөд  байгаа. Тэрбээр энэ учраа өнөөдрийг хүртэл тайлбарлаагүй.

Харин намын хэдэн нөхөд нь учрыг гадарлаж байгаа ч сэтгүүлчдэд ам нээхгүй өнөөдрийг хүрээд байна.  Өөрөөр хэлбэл өнөөдрийг хүртэл Н.Энхболдын оронд хэн МАН-ын бүлгийн дарга болох вэ гэдэг нь асуулт хэвээр үлдсэн. Өнөөдрийн байдлаар М.Энхболд хэрвээ бүлгийн дарга болохгүй бол УИХ-ын гишүүн Ц. Нямдорж, Ж. Энхбаяр, Ж. Эрдэнэбат нарын нэр яригдаж байгаа аж. Гэхдээ томилгооны  асуудлыг  МАН-ын Удирдах зөвлөл хэлэлцэх болно. 

Яагаад М.Энхболдыг онцолж байна вэ?  Саяхан хуралдсан МАН-ын 27-р  их хурлаар намын дарга нь Ерөнхий сайдаар ажиллана гэсэн дүрэмдээ өөрчлөлт оруулсан байна. Ингэж өөрчлөхдөө намын дарга нь нэг бол УИХ дахь бүлгийн дарга эсвэл МАН-ын УЗ-ийг тэргүүлнэ  байна хэмээн заасан ажээ.  

Хүссэн ч эс хүссэн ч  энэ заалтыг  хэрэгжүүлэх л  ёстой.  М.Энхболдын  хувьд алийг нь сонгохоо саяхныг хүртэл шийдээгүй байсан.  Улмаар  МАН-ын бүлгийн дарга болохоор шийдсэн бололтой.  Н.Энхболд ч  ажлаа өгчихлөө.  Хэдийгээр Н.Энхболдын бүлгийн даргаас татгалзах байгаа асуудлыг  МАН-ын УЗ хэлэлцэх ч энэ нь ёс төдий , урьдчилан тохиролцсон хэлбрээрээ явагдана гэдгийг ярих улс ч байна.  

Н.Энхболдыг бүлгийн даргын үүрэгт ажлаа өгсөнтэйгөөр холбоотойгоор  бүлгийн дэд дарга болох С. Бямбацогт, Д. Оюунхорол нарыг ч огцруулах нь зүйтэй гэсэн яриа гарч байгаа.  

Харин эргэлзээг арилгах МАН-ын Удирдах зөвлөл хэзээ хуралдах нь өнөөдрийг хүртэл нууц хэвээр байна.  МАН-ын УЗ-ийн хуралдааныг бид эргэн мэдээлэх болно.

Т.Энгүүн