Ц.Нямдорж нарын “Хар” хуулиас илүү өршөөлийн хууль хэрэгтэй байна
2013/12/11
Цагаан захтнуудын үйлдэж буй хэрэг, түүний илрүүлэлт, оноож буй ял, шүүхийн шийдвэрүүдээс харахад тэдэнд зориулсан шорон хэрэгтэй мэт санагдаж байгаа байх. Гэхдээ одоогоор шоронд явах нь биш тэнд хоригдож байгаа хүмүүс нь сонин байна. Ихэнх нь Өршөөл үзүүлэх тухай хууль хэзээ гарах бол гэсэн хүлээлттэй. Тэдний буруу биш. Хорих ангид ял эдэлж буй хүмүүсийн цөөнгүй хэсэг нь анх удаа хэрэг үйлдсэн. Санамсар болгоомжгүйгээсээ болж алдсан хүмүүс буй. Тэд шоронд суулаа гээд хүмүүжих үү. 1950-иад оны үед социалист өмч хөрөнгийг шамшигдуулсан, улсын хөрөнгийг идэж ашигласан хүмүүст ялын дээд хэмжээ өгч байсан нь тухайн үедээ Жамбалдоржийн хар хууль гэгч нь хүмүүсийн зүрхэнд шар ус хуруулж байлаа. Нэгдэл, нийгмийн эсрэг үйл ажиллагаа явуулсан, социалист нийгэмд хар буруу санасан хэн ч Жамбалдоржийн хар хуульд “захирагдаж”, шийтгүүлдэг байжээ. Яг тэр хууль өнөөдөр хэрэгтэй болсон гэдгийг хэлэх хүн өдгөө байсаар байна. Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайд болуутаа Жамбалдоржийн хар хуулийг амилуулж, Эрүүгийн хуулийг өөрийнхөөрөө ёсчилсноор аравхан мянган төгрөг хулгайлсан эмэгтэй арван жилийн ял авч байсныг бид мартаагүй байна. Хулгай хийсэн, худал хэлсэн хэн нэгнийг бусдад үлгэр жишээ болгож хурууг нь тайрч, буудаж хороогоод байвал нийгэм айдаснаасаа болж цэвэршдэг гэсэн харийн онол дээр тулгуурласан Ц.Нямдоржийн хууль хол яваагүйг бас мэднэ. Юутай ч монголчуудад энэ хоёр хүний хууль хэрэггүй гэдэг нь нэгэнт батлагдсан. Гагцхүү хуулиа боловсронгуй болгох, шоронгоо нэмэх, аль эсвэл Өршөөлийн хуулиа яаралтай батлах ийм л гарц үлдэв бололтой.
Төрийн өмч хөрөнгийг өмчлөх нэрийн дор тухайн үед өндөр алба хашиж байсан цөөн хэдэн хүн өдгөө Арабын шейх шиг амьдарч буй, тухайн үед улсын хамаг ашигтай, хэрэгтэй гэсэн объект болгоныг өөрийн болгосон хүмүүс өнөөгийн нийгмийн амьдралаас хэтэрхий тасарчихсан. Цагаан захтнуудыг шорон руу илгээе л гэнэ. Эцсийн эцэст тэднийг хүлээж авах, хүмүүжүүлэх шоронд Монголд байна уу. Зүүнхараа, Авдрант, Тахир соёот, Багануур руу ачих уу. Тэндхийн шоронгууд өнөөдөр ачааллаа дийлэхгүй байна гэж албаны хүмүүс тайлбарладаг. Тиймээс л анх удаа хэрэг үйлдсэн, өршөөлд хамруулж, төр хайр халамжаа үзүүлэх ёстой хоригдлуудаа шоронгоос суллах цаг болсон гэдэгтэй олон хүн санал нийлж буй. Шинээр өргөн барьсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөлд хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдэж, анх удаа ял шийтгүүлсэн, 18 насанд хүрээгүй иргэд, хүүхэдтэй эмэгтэйчүүд, жирэмсэн эхчүүд, хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдаж, хөгжлийн бэрхшээлтэй болсон болон насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас чөлөөлөхөөр тусгасан. Мөн хуулийн төслийн 9.1.6-д заасан зарим төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг өршөөлд хамруулахгүйгээр заасан. Энэхүү заалт нь насанд хүрээгүй хүмүүст хамаарахгүй юм. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин авлига, албан тушаалтны хэргээр ял эдэлж байгаа хүмүүст өршөөл үзүүлмээргүй байна гэдгээ хэлж, хуулийн төсөлд өгсөн саналд энэ тухайгаа тусгасан. Түүнийхээр Өршөөл үзүүлэх тухай хуулийн нэрээр албан тушаалтны болон авлигын хэргээр ял эдэлж буй хүмүүс гарч ирэх нь эргээд нийгэмд сөрөг нөлөө үзүүлсэн гэж үзсэн. Нэг үгээр хэлбэл цагаан захтнуудад Өршөөл үзүүлэх тухай хууль хамаарахгүй гэж ойлгогдож буй. Нөгөөтэйгүүр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж, шоронгоос суллагдах гэмт хэрэгтнүүд нийгмийн айдаст автуулах вий гэсэн болгоомжлол буй. Энэхүү болгоомжлол Монголд шорон нэмж барих уу, амьдралд нэг удаа алдсан хүмүүсээ төр засаг нь өршөөх үү гэдэг хоёр зааг дээр авчраад байна. Гартаа гавтай, хөлдөө дөнгөтэй хүн амины хэрэгтнүүдэд энэ хууль хамаарахгүй нь мэдээж. Амьдралдаа анх удаа алдсан, буруу хазгай гишгэсэн хүмүүст л энэ хууль хамаарах учиртай.
Б.Оюунгэрэл