НЬЮ-ЙОРК./TASS/. Америкийн CNN телевизийн удирдлага Twitter хуудсандаа нацист мэндчилгээ хэрэглэсэн тоймч Жеффри Лордтой байгуулсан гэрээ цуцалжээ. Энэ тухай пүрэв гарагт нийтлэгдсэн тус телевизийн төлөөлөгчийн мэдэгдэлд дурджээ.

 

“Нацист мэндчилгээ нь өршөөж болшгүй үйлдэл, Жеффри Лорд одоо манай компанид хамаагүй болсон” хэмээн уг мэдэгдэлд өгүүлжээ.

 

Нийтлэлд Ж.Лордын хэлсэн үгийг нь иш татжээ. Тэрбээр үнэн хэрэг дээрээ нацистуудыг дууриах гээгүй, зүгээр л тэдний мэндчилгээг хошин хэлбэрээр хэрэглэсэн гэжээ. “Би CNN дээ ажиллах дуртай, гэвч тэд энэ тохиолдолд хэрүүлд автчихлаа” гэж тэрбээр хэлжээ. Ж.Лордын гэрээ энэ оны сүүлээр дуусах ёстой байсан аж.

 

Уг хэрэг явдал энэ долоо хоногийн эхээр болжээ. Тайлбарлагч Ж.Лорд Twitter-тээ АНУ-ын мэдээллийн хэрэгслүүдээр худал мэдээлэл гаргахтай тэмцдэг либераль чиглэлийн байгууллагыг тэргүүлдэг улс төрийн идэвхтэн Анжело Карозоне-той хэлэлцүүлэг хийжээ. Ж.Лорд А.Карозонегийн талынхныг фашистуудтай харьцуулсан төдийгүй тэрбээр нацист мэндчилгээ яриандаа ашиглажээ. Үүнээс хойш тус телевиз А.Карозоне болон бусад идэвхтнүүдийн зүгээс шүүмжлэлд өртөх болсон юм.

 

Ж.Лорд тус телевизэд 2015 оны 8 дугаар сараас ажиллаж эхэлсэн ба тэр үед Бүгд Найрамдах намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Дональд Трампыг дэмжиж байгаагаа ил зарласан CNN-ийн анхны тоймчийн нэг юм. CNN телевизийн ихэнх хөтлөгч, тоймчид Д.Трампыг сонгуулийн үед ч, Ерөнхийлөгч болсны дараа нь тогтмол эрс шүүмжилдэг байсан юм.

 

О.Барс 

Эх сурвалж: Монцамэ агентлаг