Өнөөдөр хамгийн их үнэд орж байгаа хүмүүс бол бүх шатны сургуулийн захирал,  цэцэрлэгийн эрхлэгч нар байна. Таньдаг хүнээ ч танихгүй болтлоо хаданд гарчээ, тэд. Эмгэнэлтэй нь гэвэл сургууль, цэцэрлэгийн хашаа, байрны хаалга, бүр цаашлаад ажлын өрөөнийх нь хаалга дотроосоо дангинатал түгжээтэй.

Манаач нь хүртэл хамраа сөхчихсөн хүнтэй ямар ч харьцаагүй, юм асуухаар дуугарахгүй эсвэл эгээ л нэг оргодол хулгайчийг барьсан юм шиг хашгичиж загнаад жигтэйхэн. Үнэндээ энэ нь тийм ч шинэ дүр зураг биш.  Жилийн жилд наймдугаар сарын сүүлчээр буюу сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд бүртгүүлэх үетэй давхцан Монголд үүсдэг намрын синдром. Өөрөөр хэлбэл, Монголын  нийгэм эрүүл биш, өвчтэй байна.

Бүр нэг ч биш хэдэн хэдэн шинжээр хавсарсан өвчтэй байгаагийн нэг нь өнөөх сургууль, цэцэрлэгийн асуудал юм. Их, дээд сургууль нь болохоор төлбөрөө хийх чадвартай буюу аав ээж нь мөнгөтэй л байвал ямар ч хамаагүй хүүхдүүдийг алгаа тосоод л авна. Сурлагатай байсан уу, сонирхсон мэргэжлээрээ суралцах чадвартай юу, байгалиас өгөгдсөн авьяас нь ямар юм бэ гэдэг нь огтхон ч хамаагүй. Хүүхэд ирж л байвал элсүүлдэг гаж тогтолцоотой. Эцэст нь баахан А, В үнэлгээтэй чанаргүй мэргэжилтнүүдээр Монголын хөдөлмөрийн зах зээл хахаж байна. Тэгсэн хэр нь сургуулийн өмнөх боловсролын байгууллага, бага сургуулийн хүрэлцээ хангамж нь үнэхээр муу.

Азын сугалаагаар цэцэрлэгийн хаяа, арын хаалгаар аятайхан сургуулийн бараа харна. Тэгээд бөөн зардал чирэгдэл, хэл ам болж байж арай гэж бүртгүүлсэн сургууль, цэцэрлэгийн хичээл нь хугацаандаа эхлэхгүй. Тийм ч засвар дуусаагүй, ийм ч сандал ширээгүй гэсээр байгаад зарим нь 10, 11 дүгээр сард үүдээ нээх нь бий. Зарим нь өөрийн гэсэн байргүй хэдэн жилийн турш сургууль, сургууль дээр очиж гурван ээлжээр хичээллэж, олон дээр олон болж, ад үзэгддэг.

 

үргэлжлэлийг эндээс