Шар зангианы хувьсгал
2017/09/04
Перестройкийн нөлөөн дор 80-аад, 90-ээд онд олон хувьсгал гарч, дарангуй дэглэмүүдийг унагаж, цөөнгүй улс тусгаар тогтносон. Гэтэл энэ хувьсгалууд гүйцэд явагдаж чадалгүй, өөр дарангуйллууд үүссэн учраас шинэ мянганд ахин хувьсгалууд гарч эхэлсэн. Шинэ мянганы хувьсгалуудыг өнгөт хувьсгалууд гэдэг.
Ердөө Югослав, Гүржийн хувьсгалын дараа 3-рт Монгол, Украины өнгөт хувьсгалууд эхэлсэн. Монголын өнгөт хувьсгалын зорилго нь тухайн үед байсан, төрийг авлигын тогтолцоо болгож бүрэн төлөвшүүлсэн, шинэ колоничлолыг хэрэгжүүлсэн неофеодалын дэглэмийг унагах явдал байсан юм. 2008 оны 7 сарын 1-нд оргил нь болж, цус урсгасан харгислал хэлмэгдүүлэлтэд дарагдсан.
Бараг 4 жил үргэлжилсэн хувьсгалын үйл явцад Ж.Батзандан, О.Магнай, Г.Баасан, М.Ичинхорлоо, Г.Уянга, С.Ганбаатар нарын янз бүрийн үзэл бодол, үүрэг оролцоотой лидерүүд байсан агаад, “Эрүүл нийгэм – Иргэний хөдөлгөөн”, МоАХ, МОХ, Ахмадын холбоо, АН, “Эрс шинэчлэл”, МАХН-ын шударга бүлэглэл, Хохирогчдын холбоо, “Миний Монголын газар шороо”, ШИФ зэрэг идэвхтэй оролцогчид байлаа. Гурван төвтэй, олон бүрэлдэхүүнтэй байсан. Дурдагдаагүй нь битгий гомдоорой, яаруу хийж байгаа нэгээхэн л пост шүү.
Үр дүн нь: дээрхи неофеодалист-монархист дэглэмийг үлэмж сулруулсан, авлигын эсрэг зарчмыг нийгэмд төлөвшүүлсэн, неоколоничлолын үнэнийг ойлгуулж, харийн клептос, дотоодын коллаборационистуудын атганд байсан байгалийн баялгийг ард түмний мэдэл рүү хэлтийлгэсэн зэрэг болно.
Миний бие эгэл жагсагч, идэвхтэн сурвалжлагчийн үүрэгтэйгээр эхнээс нь дуустал оролцсондоо баяртай байдаг. Цөөхөөн хүн суулт хийж байхад би очиход Ж.Батзандан баясан хүлээж авч хувьсгалын бэлгэ – шар зангиаг надад өгч байсан. Би галстук яаж зангидахыг мартсан тул мунгинаж байтал О. Магнай зүүж өгч байсан, одоо ч тэр зангиаг нандигнан хадгалдаг. Өнөөдөр үндэсний хувьсгалт өөрчлөлтүүд явагдаж байна. Клепто-неомао-феодализмаас национал-капитализмд шилжих хувьсгал гарах нь дамжиггүй. “Капитализмыг алгасч...” гэдэг огт худлаа юм байна. Хүн нас алгасдаггүйн адил хөгжил шат алгасдаггүй юм байна. Энэ тухай эргэцүүлэн суухуй, Шар зангианы хувьсгалын тухай дурсамж тархинд буусан болой.
Энэхүү ихээхэн ач холбогдолтой Шар зангианы хувьсгал юугаан харин тодорхой ойлголт болгон судлалыг хөгжүүлж, сургамжийг бататгаж, даян дэлхийн өнгөт хувьсгалын жагсаалтад албан ёсоор оруулах шаардлагатай байна. Дэлхийн түүхэн дэхи өнгөт хувьсгалын тоонд зарим нэг болж бүтээгүй хэдэн өдрийн жагсаал цуглаан төдийхөн орсон байхад ууган өнгөт хувьсгалуудын нэг – Монголын Шар зангианы хувьсгал яагаад ордоггүй билээ. Нэрийн тухайд гэвэл – Шар хувьсгал гэхээр 86 оны Филиппиний Маркосыг унагасан хувьсгал, Шар алчууртны гэхээр Хятадын боолчлолын эсрэг бослоготой нэр дүйх тул Шар зангианы гээд байгаа юм шүү.
Өнгөт хувьсгалын жагсаалт:
2000. 10-р сар. Югослав. Милошевичийг унагав.
2003. 11-р сар. Гүрж. Шевардназег унагав.
2004.11-р сар -2008.7.1. Монгол. Авлигын дэглэм, харийн дарлалыг эсэргүүцэв.
2004. 11-р сар – 2005. 1-р сар. Украин. Януковичийг эсэргүүцэв.
2005. 1-р сар. Ирак. Олон намын тогтолцоог үүсгэв.
2005 оны эхээр. Кыргызстан. Акаевыг унагав.
2005 оны эхээр. Ливан. Сирийн цэргийг гаргав.
2006. 3-р сар. Беларусь. Лукашенког эсэргүүцэв.
2007. 8-9-р сар. Мянма. Шинэчлэлийг шаардав.
2009. 4-р сар. Молдов. Европын интеграцид орохыг шаардав.
2009 оны сүүлээр. Иран. Ахмадинежадыг эсэргүүцэв.
2010 оны сүүл- 2011 оны эх. Тунис. Бэн Алиг унагав.
2011. 1-2-р сар. Египт. Мубаракийг унагав.
2011. 2-р сар. Ливи. Каддафийг унагав.
2011. Хавар. Хятад. Ардчиллыг шаардав.
2011. Хавар-Өнөөг хүртэл. Сири. Асадыг эсэргүүцэж ирэв.
2011 оны эцэс-2013 оны зун. Орос. Ардчиллыг шаардав.
2013 оны сүүл-2014 оны эх. Украин. Януковичийг унагаж, Европын интеграцид орохыг шаардав.
2013. 5-р сар – 2016. 8-р сар. Бразили. Русефийг огцруулав.
2014. 2-р сар –Өнөөг хүртэл. Венесуэл. Мадурог эсэргүүцэж ирэв.
2014 оны намар-2015 оны зун. Хонконг. Сонгуулийн системийг ХКН шинэчлэхийг болиулав.
2015. Зун. Армян. Шинэчлэлийг шаардав.
2016. 10-р сар – 2017. 3-р сар. Солонгос. Пак Кын Хег огцруулав.
Ч.Мөнхбаяр
Зочин · 2017/09/04
ану ийн бодлого
Зочин · 2017/09/04
Huvsgal hiisen ulsuud bugdeeree daintai bn. Zishee Ukrain
cochin · 2017/09/04
huvisgal hiisen ulsuudaas ali ni sain Saikhan bolson um be dee