Монгол улс хямралаас хямрал дамжсаар арваад жилийн нүүр үзэв. Манай эдийн засаг нүүрс, зэсийн үнэ, уул уурхайн мөчлөгөөс хамаардаг нь үнэн ч, түүнээс илүү хамаардаг болоод буй хүчин зүйл бол монголын улс төр. 

 

Учир нь төрийн бүх эрх мэдлийг ардчилсан сонгуулиар авдаг улс төрийн намуудын санхүүжилт, сонгуулийн зардлын эх үүсвэр ил тод биш учраас төр засгийн эрх мэдлийг хөрөнгө, мөнгөтэй нь худалдан авч, зугаагаа гаргах болсноор монголын төр олигарх тогтолцоотой болсон юм.

 

Шинэ мянган эхэлснээс хойш төр засгийн эрх мэдлийг авахын төлөө олигарх бүлэглэлүүдийн хоорондын тасралтгүй тэмцлээс болоод засгийн газар жил хагасын настай болсон юм. Улс төрийн намуудын дотоод ардчилал хөгжөөгүй, шүүх хянах засаглал нь “улс төрийн цагдаа” болсноор (УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хэлснээр) олон гэмт хэрэг шийтгэлгүй он удаан жил “дарагдсаар”, сүүлдээ бүр засгийн газрын сайд нар нь бие биеэ тагнаж мөрдөх болсноор монголын төр олигарх тогтолцооноосоо гэмт хэргийн тогтолцоонд шилжиж байна.

 

Нийгмийг доройтуулж буй энэ бүх сөрөг үйлдлүүдийн цаад шалтгаан нь авлига бөгөөд эх үүсвэр нь улс төрийн санхүүжилт болохыг монголын нийгэм ойлгож авлигыг яаж хазаарлах тухай идэвхтэй хэлэлцэж эхэллээ.

 

АВЛИГА БА УЛС ТӨРИЙН НАМУУД

 

“Азийн сан” байгууллагаас “Авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг” тогтоох судалгааг Улаанбаатар хотын 8 дүүрэг, 6 аймгийн 22 сумын 1,360 өрхийг хамарсан санамсаргүй түүврийн аргаар сүүлийн арван жилийн турш хийсэн байна.

 

Судалгаагаар нийт 5 зэрэглэлээр авлигад хамгийн их автсан байгууллагуудыг тогтоосон ба монголын улс төрийн намууд 2010 оноос 5-рт анх орж ирээд, жил тутам зэрэглэл нь ахисаар 2015 оны 3-р сард газар ашиглалтын захиргааны байгууллагуудын араас 2-рт орсон бол, жилийн дараа нэгдүгээрт, дахиад жилийн дараа хоёрдугаарт жагсжээ. Монголын иргэд улс төрийн нам, газрын ашиглалтын байгууллагуудыг хамгийн их авлигатай гэж тодорхойлжээ.

 

Улс төрийн намуудыг авлигаас яаж ангид байлгах асуудал өнөөгийн ардчилсан монголын нийгмийн хамгийн тулгамдсан асуудал болоод байна. Тийм учраас хараат бус, судалгааны Дефакто Институцээс телевизийн анхны мэтгэлцээнээ “Улс төрийн намуудыг төсвөөс санхүүжих эсэх” тухай асуудлаар зохион байгуулав. Энэ талаар судалдаг цөөхөн эрдэмтдийг төлөөлүүлж хоёр эрдэмтэн тус мэтгэлцээнд оролцов.

 

НАМУУДЫГ ТӨСВӨӨС САНХҮҮЖҮҮЛЭХ НЬ ЗӨВ

 

Төсвөөс санхүүжүүлэхийг дэмжиж буй МУИС-ийн дэд профессор С.Мөнхбат гол шалтгаанаа тайлбарлахдаа улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод болгох, тайланг нь гаргуулах хамгийн бодитой, найдвартай зам бол төсвөөс тодорхой хэсгийг нь санхүүжүүлэх явдал гэлээ. Энэ замаар улс төрийн санхүүжилтийг иргэд мэдэж, хянах боломжтойг Герман, Швед зэрэг баруун европын цөөнгүй орнуудын жишээн дээр харж болно гэлээ.

 

Улс төрийн намуудыг авлигаас яаж ангид байлгах асуудал өнөөгийн ардчилсан монголын нийгмийн хамгийн тулгамдсан асуудал болоод байна

Монголд хориод жилийн турш татвар, хандив, өөрийн хөрөнгөө түрээслэх гэх мэт эх үүсвэрээс санхүүжүүлж ирсэн ч байдал дээрдсэнгүй, санхүүжилтээ улам нууцалдаг болжээ. Хэрэв улсын төсвөөс намуудыг санхүүжүүлбэл, иргэд төлсөн татвараас нь санхүүжүүлж байгааг мэдэж байгаа учраас намуудыг илүү хянахын төлөө явна.

 

Төрийн бодлого гаргах түвшинд ажиллаж байгаа, нийгмийн дэмжлэг авсан гэдэг утгаараа парламентад суудалтай намуудыг л зөвхөн төсвөөс санхүүжүүлэх ёстой. Гэхдээ намуудын бүтцийг цомхон байлгах ёстой. Намууд зөвхөн гишүүдийн татвараар санхүүжих нь хаана ч хүрдэггүй. Тиймээс л цөөн тооны хандивлагчдын монополь эрх тогтсон.

 

Үүнийг өөрчлөх арга бол зайлшгүй төсвөөс санхүүжүүлэх сонголт. Намуудын санхүүжилтийг өдөр тутмын үйл ажиллагааны болон сонгуулийн үеийн компанит ажлын гэж хоёр ангилах ёстой. Сонгуулийн үед бол парламентад суудал аваагүй жижиг намуудад ч бас тодорхой санхүүжилт төсвөөс өгч гарааны тэгш байдлыг олгож болно. Тэгвэл намуудын шударга өрсөлдөөнийг хаахгүй.

 

Төсвөөс санхүүжүүлсэн тохиолдолд хяналтын эрх мэдлийг төрийн байгууллагуудад өгөх ёстой. Одоогийн Сонгуулийн Ерөнхий Хорооны эрх мэдэл нь дутагдаад байна.

 

ТӨСВӨӨС САНХҮҮЖҮҮЛЭХ НЬ БУРУУ

 

Төсвөөс санхүүжүүлэхийг буруутгаж буй СЭЗИС-ийн ахлах багш Б.Эрдэнэдалай төсвөөс санхүүжүүлэх нь шударга биш явдал, тэгээд ч илүү хяналт тогтоох нь эргэлзээтэй. Хяналт нарийсах тусам санхүүжилт нь улам далд хэлбэрт шилжинэ.

 

Иргэний нийгмийн хяналт нь манайх шиг иргэдийн улс төрийн мэдлэг, чадвар дутмаг оронд бодитой ажил одоогоор болохгүй гэлээ.

 

Монгол Улсын үндсэн хуулиар хүн болгон сонгох, сонгогдох, эвлэлд эн нэгдэх эрхтэй. Гэтэл зөвхөн парламентад суудалтай намуудыг санхүүжүүлэх нь парламентад суудал аваагүй намуудыг илт ялгаж сулруулна. Ардчиллын гол амин сүнс болсон олон ургалч үзэл бий болж чадахгүй. Бас парламентад суудал авдаг том намууд нь нийгмээсээ тасрах эрсдэлтэй. Учир нь намууд иргэдээсээ хандив авахын тулд тэднийг сонсох, хамтран ажиллах шаардлагатай болдог.

 

Монголд уг нь өнөөдөр ч гэсэн улс төрийн намууд тодорхой хэмжээгээр төсвөөс санхүүжилт авч байгаа боловч олон нийтэд мэдээлдэггүй, ард иргэд ч хянах гэж хичээхгүй байна. Намуудын бүтэц зохион байгуулалт оновчгүй, дотоод ардчилал байхгүй. Намуудын хуулийн зохицуулалтын түвшнийг дүгнэдэг олон улсын индексээр

 

2014 онд Монгол улс муу гэсэн хэсэгт явж байна. Монголд өндөр түвшний авлига газар авч байна.

 

Хяналтын хувьд иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Намууд одоо бол иргэдэд ямар ч мэдээлэл гаргаж өгөхгүй байна. Улс төрийн намын тухай хуулиар намууд олон нийтэд санхүүжилтээ тайлагнах ёстой ч ямар ч тайлан гаргадаггүй. Тэднийг хуулийн дагуу 250 мянган төгрөгөөр торгох ёстой ч, одоогоор нь хэнийг ч торгож байгаагүй. Мэдээлэл авах эрхийн тухай хуулинд улс төрийн намыг хамруулах шаардлагатай байна.

 

ШИЙДЭЛ НЬ

 

Намуудыг төсвөөс санхүүжүүлэхийн эерэг ба сөрөг талууд байгааг хоёр судлаачид гаргав. Намуудын санхүүжилтийн тодорхой хэсгийг төсвөөс санхүүжүүлэх, гэхдээ намуудын хариуцлага, намуудыг хянадаг механизмыг нь сайжруулах шаардлагатай байна.

 

АНУ-ын Үндэсний Ардчилсан Хүрээлэн (NDI) -ээс хөгжингүй 22 оронд хийсэн судалгаанд улс төрийн намуудад төрөөс олгож буй санхүүжилт нь авлигыг амжилттай шийдвэрлэхэд чухал үүрэгтэй болохыг харуулжээ.

 

Манай улсын эдийн засгийн өнөөгийн байдал, төсвийн алдагдлаа намын санхүүжилтийг төрөөс бүрэн даах боломжгүй тул, төсвийн санхүүжилтээс гадна тодорхой хэмжээнд хувийн хандивыг хүлээн зөвшөөрөх учиртай. Мөн хэвлэл мэдээллийн сурталчилгааны зардлыг нь бууруулахын тулд олон нийтийн радио, телевизэд тодорхой цагийг нэмэгдүүлэн нам, нэр дэвшигчдэд үнэ төлбөргүй олгож болох юм. Нийтийн эзэмшлийн газруудад байрлах самбар г.м -ийг үнэ төлбөргүй хэрэглүүлэх, хандивлагчдын татварыг хөнгөлөх гэх зэрэг арга хэмжээ авч болно.

 

Өмнөх ерөнхийлөгч улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн УИХ-д өргөн барьсан ч намууд хэлэлцэхийг ч хүсээгүй. Төсөлд жишээ нь намуудад төрийн дэмжлэг үзүүлэхдээ өмнөх жилийн санхүүгийн тайланг нь тооцохоор оржээ.

 

Намууд нээлттэй, ил тод, хариуцлагатай институт болох, эсэх бас иргэний нийгмийн идэвх, чадвараас хамаарна. Тод жишээ нь намуудын үйл ойшоож буй “Шилэн дансны хууль”. Иргэний нийгмийн хөгжил нь хэвлэл мэдээллийн хэрэгслээс хамаардаг боловч бараг бүх ХМХ-ийг манайд улстөрчид эзэмшиж байна. Энэ бүхнийг гүйцэтгэж чадах байгуулал болох Сонгогчдын Хороог байгуулж, одоо байгаа Сонгуулийн Ерөнхий Хороог татан буулгая.

 

Эдийн засагч Д.Жаргалсайхан