Зураг

ТАЙПЭЙ. /Спутник/. Ухаалаг гар утас үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Өмнөд Солонгосын “Самсунг Электроникс” корпорацийн ээлжит шинэ бүтээгдэхүүн болох “Галакси Нөүт 7” өнгөрсөн онд худалдаанд гарсныхаа дараахан шатаж, дэлбэрсэн тохиолдол цөөнгүй гарч, уг бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлээс татахад хүрч байсан билээ. Уг хэрэг дэлхий нийтийн санаанаас гараагүй байгаа энэ үед тус компанийн гол өрсөлдөгч болох Америкийн “Эппл” компанийн саяхан худалдаанд гаргасан “АйФон 8 Плас” ухаалаг гар утас “дэлбэрсэн” тохиолдол Тайваньд бүртгэгдсэн тухай Оросын “Спутник” агентлаг мэдээлжээ.
 
“АйФон 8 Плас” Хятадад худалдаанд гараад 10 хүрэхгүй хонож буй энэ үед уг бүтээгдэхүүний батарей дэлбэрсэн хэрэг Тайваньд гарсан байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр, Тайванийн Тайчун хотын оршин суугч У овогт эмэгтэй өнгөрсөн сарын 30-нд “АйФон 8 Плас” худалдан авсан аж. Энэ ухаалаг гар утас нь өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагийн үд хүртэл хэвийн ажиллаж байсан бөгөөд цэнэглэж байхад гэнэт дэлбэрсэн гэнэ.
 
Тэрбээр дэлбэрсэн утасны зураг болон дүрс бичлэгийг цахим ертөнцөд тавьжээ.
 
У овогт эмэгтэй ярихдаа “Би “Эппл”-ийн үнэнч хэрэглэгч. “АйФон 4”-өөс эхлээд л энэ компанийн гар утсыг гарсан даруйд нь худалдан авсаар ирсэн” гэжээ.

Дэлбэрсэн гар утсыг “Эппл”-ийн хянан шалгах төв рүү илгээсэн гэнэ.
 
Чухам ямар шалтгааны улмаас “АйФон 8 Плас” дэлбэрсэн нь хараахан тодорхойгүй байгаа ч “Батарейнд асуудал байж магадгүй” гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байна.
 

Г.Доржханд