Дархан-Уул аймгийн Ардчилсан намын хэсэг гишүүд намынхаа төв байрны гадаа эсэргүүцлийн жагсаал хийсэн билээ. Тэд тус аймаг дахь ардчилсан намынхан "харьяат" болсон гэж үзэн анхан шатны байгууллага болоод үүрүүдийг шинээр байгуулах хэрэгтэй гэсэн шаардлагыг АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарьд хүргүүлээд авсан. Жагсагчид шаардлагын хариуг нь өгөхгүй бол өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдсэн байсан юм.

Дархан-Уул аймгийн АН сүүлийн хэд хэдэн удаагийн УИХ, орон нутгийн сонгуульд өвдөг шороодоод байгаа билээ. Намын гишүүдээ үзэл бодлоор нь хавчин гадуурхдаг, дур мэдэн намаас хөөх, намын хорооны гишүүдийг сонгуулиар биш томилгоогоор шийддэг, зөвхөн "Бурхан Халдун" компанийн ах дүү нар, түүний гар хөл болсон хэсэг хүн л намын шийдвэрийг гаргадаг, коммунист тогтолцоотой болсон гэж намын гишүүд нь шүүмжилж байна. Дарханы АН-ыг шинэчлэх хөдөлгөөнөөс намын үүрүүдэд сонгууль явуулж, намын хороо, удирдлага зохион байгуулалтаа шийдье гэсэн шаардлагыг намын дарга Н.Алтанхуяг, генсек Ц.Оюундарь нарт болон Дотоод сонгуулийн хорооны удирдлагуудад хүргүүлээд бүтэн сар өнгөрсөн болов ч шийдвэртэй алхам хийгээгүйгээс баасан гаригт тэд хэвлэлийн бага хурал зарлаж өлсгөлөнд шилжиж байгаагаа мэдэгдсэн юм.

Тэгвэл тэд өлсгөлсөнгөө зарлаад гурав дахь хоногтойгоо золгож байна. Бямба гаригийн өглөөний 10 цагаас эхлэн өлсгөлөн зарласан тэдний биеийн байдлыг эмч нар байнга хянаж байгаа бөгөөд өчигдрөөс эхлэн зарим нэг хүмүүсийн цусны даралт ихэсч, бие ньхямарч эхэлжээ. Гэвч тэд өөрсдийн тавьсан шаардлагыг биелүүлтэл өлсгөлөнгөө зогсоохгүй гэж мэдэгдэж байна.

"Шинэчлэх хөдөлгөөн"-ий тэргүүн Л.Наранбаатар: "Бямба гаригийн өглөөнөөс таван хүн өлсгөлөн зарласан. Ням гаригт нэг хүн нэмэгдсэн бөгөөд хойшид ч бидэнтэй нэгдэх хүсэлтээ 16 хүн илэрхийлээд байна. Өлсгөлөн зарласан хүмүүс бол 30-58 насныхан. Нэг бүсгүй бий. Ер нь бол бид энэ эрсдэлт үйлдэлд ахмадууд, эмэгтэйчүүдийг оролцуулахгүй байхыг хүсч байгаа. Гэвч өлсгөлөн зарлана гэсэн сонголтыг хийчихсэн хүмүүс олон байна. Бид хэнийг ч эрсдэлд оруулахыг хүсэхгүй байгаа ч бидний шаардлагыг биелүүлтэл өлсгөлөнгөө зогсоохгүй" хэмээн мэдэгдлээ.

Х.Даваа