УИХ-ын чуулган маргааш хуралдах гэж байна. Маргаашийн чуулганаар  МАН-ын бүлгээс  өргөн барьсан Засгийн газрын хоёр гишүүнийг огцруулах асуудлыг хэлэлцэх ажээ.  Хэдийгээр Засгийн газрын гишүүдийг огцоруулах эсэхийг хэлэлцэх нь хуулийн хүрээнд долоо хоног байдаг ч  МАН-аас хоёр өдрийн завсарлага авснаар асуудлыг ийнхүү маргааш хэлэлцэж байгаа юм байна.  

МАН-ын бүлгийн зүгээс сайд нарыг огцоруулах үндэслэлээ “Өргөн хэрэглээний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах 3 ихнаяд төгрөг, “Чингис” бондын 1,5 тэрбум ам.долларын хөтөлбөр, Хөгжлийн банкны  580 сая ам.доллар гээд улсын төсвөөс дутахааргүй их мөнгийг төсвийн гадуур ямар ч хяналтгүйгээр эргэлдүүлсэн боловч тэр нь ард түмэнд хүрч наалдан, үнэ тогтворжиж, ач тусаа өгсөн юмгүйгээр ард түмний хэлдгээр хэдхэн компанийн халаасыг зузаатгаад өнгөрөв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлснээр Монгол   Улсын 2013 оны төсвийн орлого 1 ихнаяд гаруйгаар тасарч, инфляци хоёр оронтой тоонд орж, гадаадын хөрөнгө оруулалт 50 гаруй хувиар буурч, Монгол Улсын иргэн бүрийн төлөх өр өдөр бүр нэмэгдсээр байна. Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн хурд саарч, олон улсын төвшинд зээлжих зэрэглэл (+В) - ээс (-В) хүртэл буурч хөрөнгө оруулалтын орчин эрс муудаж  манай улсын хөрөнгийн зах үндсэндээ дампуурлаа.” хэмээн тайлбарлаад байгаа юм.  

А.Баярмаа